/2023.12.05/: Өнгөрсөн жил Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсны 30 жилийн ой дээрээ “Тус хорооны зүгээс гучин жил сонгогчийн боловсролд анхаараагүй” гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид энэ чиглэлээр дорвитой алхам авч хэрэгжүүлэх болохоо цохон тэмдэглэж байв.
Гэтэл энэ орон зайд Сонгогчдын боловсрол төв ТББ иргэдийн санаачилгаар байгуулагдан, тасралтгүй ажиллан төрийн, улс төрийн намуудын үүрэх ёстой ачааг дангаар шахуу үүрч явж байлаа.
Эдгээр жилүүдэд тэд улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцож буй бүх талуудтай нээлттэй хамтран ажиллаж, сонгуулийг шударга явуулахад хувь нэмрээ оруулж, сонгуулийн түүхийг бичилцсэн ууган ТББ-уудын нэг билээ.
Сонгогчдын боловсролын төвийн захирал С.Оюунтуяа хэлэхдээ “Сонгогчид болон хууль тогтоох байгууллагын гүүр болж ажиллаж байна” гэсэн нь тус байгууллагын нийгэмд гүйцэтгэж буй үүргийг тод томруун харуулах юм.
Та сонгогчдын боловсролд 30 гаруй жилийн хугацааг зориулжээ. Сонгогчдын боловсрол төвийн түүх хэрхэн эхэлсэн бэ?
- Манай төв 1992 оноос үйл ажиллагаа явуулж байна. Анх эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Нийгмийн түншлэл эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-ын дэргэд “Сонгогчдын боловсрол” нэг хөтөлбөр нь болж эхэлсэн юм. Учир нь эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд засаглалд оролцох хэрэгтэй, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас гаргаж буй бодлогод нөлөөлөхийн тулд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэйг ойлголоо. Тэгээд 1994 оноос эхлэн сонгогчдын боловсролын хөтөлбөр боловсруулж ажиллаж, 2008 оны арванхоёрудгаар сарын 10-нд “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ыг байгуулсан. Миний хувьд 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөн, Чимид санд жил гаруй ажиллаж байгаад, үүнээс хойш сонгогчдын боловсролоор ажиллах болсон. Хөтөлбөрийн менежерээс эхлэн, байгууллагынхаа гүйцэтгэх захирал болж өдийг хүртэл ажиллаж байна.
Танай байгууллага нийгэмд ямар хувь нэмэр оруулсан гэж та бүхэн дүгнэдэг вэ?
-Сонгууль бол зөвхөн улс төрийн намуудад эрх барихад зориулсан арга хэрэгсэл биш. Сонгогчдод засгийн эрх барих эрхээ эдлэх өргөн хүрээтэй арга хэмжээ гэж иргэд ойлгох болсон. Бидний хувьд саналаа өгч сонгуульд оролцож буй сонгогчдыг мэдлэг мэдээлэлтэй байхад онцгой хувь нэмрээ оруулж ажиллаж ирлээ.
Мөн сонгуулийн төв байгууллага үүсгэн байгуулсаныхаа 30 жилийн ойгоо тэмдэглэн, хөгжлийн стратегиа сонгогчдын боловсролд чиглүүлэх болохоо зарласан. Гэтэл өнгөрсөн гучин жилд сонгогчидтой хэн ажиллах нь тодорхойгүй байлаа. Энэ хугацаанд төрийн байгууллагын үндсэн чиг үүргийг хариуцаж, энэ орон зайд тодорхой үүргийг гүйцэтгэж ирлээ. Энэ бол бидний хамгийн том хувь нэмэр юм.
Мөн 2004 оноос сонгуулийн үйл явцад сонгогчдыг төлөөлж хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийх эрх зүйн үндэсийг бий болгоход бид хувь нэмрээ оруулсан.
Жишээ дурдвал, СЕХ-ны бүрэлдэхүүнд анхны бөгөөд сүүлчийн удаа иргэний нийгмийн төлөөлөл байсан нь 2001-2006 онд манай үүсгэн байгуулагч Р.Бурмаа байлаа. Иргэний нийгмийн төлөөлөл байх үед сонгуулийг ажиглах хөндлөнгийн процедур, бүтэц зохион байгуулалт байх зэрэг шинэчлэл хийгдэж чадсан. Улс төрийн намуудыг сонгуульд оролцоход мэргэжил арга зүйн хувьд туслалцаа үзүүлэх, сонгуулийн ажиглагчдыг бэлтгэж өгөх, гарын авлагыг бэлтгэх зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн.
Өөр нэг жишээ бол, манай байгууллага 2012 оноос хойш сонгогчийн лавлах утсыг ажиллуулж байна. Энэхүү лавлах утсанд ирж буй зөрчлүүд, сонгогчийн саналыг худалдан авч байгаа гомдлын тоо цөөрсөн. Энэ бидний 2012, 2016 онд сонгогчдын саналыг худалдан авч буй асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, хуулийн зохицуулалттай болох нөлөөллийн үйл ажиллагааны үр дүн юм болов уу. Дуудлага цөөрсөн нь сонгогчдын саналыг худалдаж авсан нь бодит байдал дээр цөөрснийг болов уу. Гэвч энэ асуудал одоог хүртэл бүрэн зохицуулалтгүй, хариуцлага, хяналт тавигдаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Жишээлбэл, төв суурин газарт сонгогчдын саналыг бэлэн мөнгө тараах байдлаар санал худалдаж авдаг, эсвэл урьдчилж амлалт өгдөг гэх мэт аргууд одоог хүртэл байсаар байна.
Өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарсан бол?
-Бид сонгогчид болон хууль тогтоох байгууллагын гүүр болж ажиллаж байсан жишээ сонирхолтой байх гэж бодож байна. Бид УИХ-ын тамгын газрын олон нийттэй харилцах нэгжийг байгуулахад оролцож байсан юм. Манай байгууллагын төслийн хүрээнд анхлан Парламент музей, интернэт номын сан байгуулж сонгогчдод чуулганы хуралдаан, хуулийн төслийг танилцуулж саналыг авч УИХ-д өгдөг байлаа. Одоо бол телевизээр л УИХ-ын чуулган гардаг болсон.
Сонгогчдын боловсрол хэр өөрчлөгдсөн бэ?
-Анх сонгогчдын боловсрол гэж ярьж байхад сонгуулийн саналын хуудсанд саналаа зөв тэмдэглэх тухай зааж өгдөг байлаа. Тэр үеийг бодвол байдал эрс өөрчлөгдсөн. Сонгогчдын ирц буурч байгаа ч сонгогчдын сонгууль дахь оролцоонд эерэг өөрчлөлт гарч байна. Энэ жилийн хувьд залуу сонгогчдын хувьд сонгууль гэж юу вэ, сонгуулийн эрх тэгш байдал, ач холбогдол зэргийг асууж хэлэлцдэг мэдлэг боловсрол дээшилж буйг харлаа. Энэ бүхэнд бидний өнгөрсөн жилүүдийн ажлын амжилт гэж харж болно.
Сонгогчдын боловсролд тулгамдаж буй асуудал юу бол?
-Төрийн бодлогын түвшинд сонгогчдын боловсролын түвшинд ахиц дэвшил гарсан уу гэвэл “үгүй” гэхээр байна. Бидний хувьд өнөөг хүртэл боловсролын стандарт хөтөлбөрт сонгогчдын боловсролын сэдэв агуулга хичээлийг суулгахаар зүтгэж байна. Гэхдээ дорвитой өөрчлөлт гарахгүй л байна. Сонгогчдын боловсролын асуудлыг сонгуулийн төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гээд орхичихсон. Гэтэл бусад улс орнуудад сонгогчдод ардчиллын боловсрол олгоход албан ёсоор төрөөс санхүүжүүлж, бүх шатны сургуулийн хөтөлбөрт албан ёсоор тусгагдсан байдаг. Насанд хүрсний дараа ч албан бус боловсролын хөтөлбөрөөр дамжуулж сонгогчдын боловсрол олгодог. Манай хувьд энэ орон зай одоо хүртэл алга байна.
Сонгогчдын боловсрол өндөртэй орон гэвэл аль улсыг хэлэх вэ?
-Герман. Яагаад гэвэл улс төрийн намын үндсэн чиг үүргийн нэг нь сонгогчдод ардчиллын боловсрол олгох, улс төрийн боловсрол олгох байдаг. Германд улс төрийн сангуудаар дамжуулж сонгогчдод боловсрол олгох олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сангууд нь боловсролын яамнаас санхүүжилт авдаг. Дунд сургууль болон их сургуулийн сургалтын хөтөлбөрт сонгогчдын боловсролын хөтөлбөр албан ёсоор багтдаг. Манайд бол сонгогчдын боловсролд төсвөөс мөнгө хуваарилсан тохиолдол байдаггүй.
Та бүхний цаашдын зорилго, алсын хараа юу вэ?
-Бид цаашид сонгуульд хамгийн оролцоо багатай 18-25 насны залууст зориулсан хөтөлбөрүүдийг түлхүү зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн албан ёсны сургалтын хөтөлбөрт сонгуулийн тухай хичээл сэдвийн агуулгыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлаа үргэлжлүүлэх, сонгогчдын жендэрийн мэдрэмжтэй сонголт хийхэд мэдлэг мэдээлэл олгоход шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг төлөвлөж байна.
Сонгогчдын боловсрол төвийн сонгуулийн үйл явцад хөндлөнгийн хяналт шинжилгээ хийсэн онцлох үйл ажиллагаанаас дурдвал:
- 2004 онд сонгуулийн санхүүжилтэд анх мониторинг хийсэн.
- 2008 онд иргэний нийгмийн ажиглалтыг зохион байгуулсан.
- 2009 онд санал тоолох үйл явцын мониторинг, 2012 онд саналын хуудасны мониторинг,
- 2016 онд сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг хийж байсан.
- Мөн сонгогчдын саналыг худалдан авдаг аргад 2012, 2016 онд мониторинг хийж, 2012 онд амралт сувилалд амруулах, оюутны сургалтын төлбөр төлөх, бооцоотой сугалаатай хонжворт аян зохиох,гар утасны нэгж тараах, концерт, үнэ төлбөргүй хүлээн авалт зохион байгуулахыг хуулиар хориглосон.
(Бодлогод залуусын хяналт ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчид)
Сэтгүүлч: Г.Нямсүрэн, Н.Мэнд-Амар