Н.Батсүмбэрэл: Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох нь бидний хамгийн том зорилт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Батсүмбэрэл: Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох нь бидний хамгийн том зорилт

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй боловс­ролын салбарт хийж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Таны хувьд ажил авсан цагаас хойш боловсролын салбарт ямар байдлаар анхаарал хандуулав. Танай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байна вэ. Хүүхэд бүрд хүрч ажиллаж чадаж байгаа эсэхэд та ямар хариулт өгөх вэ?
-Боловсролын салбарыг бид бүх цаг үед нэгдүгээрт эрэмбэлэх учиртай гэж би хувьдаа боддог. Бүх шатанд боловсролын хүртээм- жийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг тэгш боловсролд хамруулах нь бидний хамгийн том зорилго. Боловсролыг хүртээмжтэй бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан системтэйгээр олгох төрөл бүрийн арга, туршлагыг олон улсад хэрэгжүүлж байна.

Тэгэхээр олон улсад туршиж байгаа энэ арга туршлагаас бид ч бас хоцрох учиргүй. Энэ хүрээнд дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөрийг татан, хэрэгжүүлснээр бүрэн хамруулж байна. Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 29 мянга гаруй сурагч, цэцэрлэгт 10200 гаруй хүүхэд элсэн суралцаж байна. Манай дүүрэгт төрийн өмчийн 20 сургууль, 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Улсын дундаж тоотой харьцуулахад манай дүүрэгт анги дүүргэлт бага ангид 37, дунд болон ахлах анги 35 сурагчтай. Энэ нь хүртээмж хангалттай хэмжээнд байгааг харуулах тоо баримт. Харин цэцэрлэгийн хувьд анги дүүргэлт 28-30 хүүхэдтэй байгаа нь 2-3 хүүхдээр илүү дүүргэлттэй байна гэсэн үг. Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, багш нарын асуудал яригддаг учраас анги дүүргэлтийг тэнцвэржүүлж, багш нарын ачааллыг бууруулах үүднээс шат дараатай ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

-Танай дүүрэг байшин болон гэр хороолол хосолсон байршилтай. Төвийн хороодод хүртээмжийн асуудал харь­цангуй бага. Харин захын буюу гэр хороололд боловсролын хүртээмж дутагдалтай тал бий. Энэ тухайд ямар менежмент хийж байна вэ?

-Чингэлтэй дүүрэг газар нутгийн хувьд онцлогтой. Тухайлбал, манай 24 хорооны зургаа нь байшин, бусад нь гэр хороололд хамрагддаг. Тэгэхээр боловсролын хүртээмжийн талаар зайлшгүй яригддаг. Хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш боловсрол эзэмших ёстой гэсэн бодлогыг дүүргийн Засаг дарга болсноос хойш барин ажиллаж байна. Хотын төвийн болон гэр хорооллын сургуулийн ялгаатай байдлыг арилгах менежментийн хүрээнд энэ жил 23 дугаар сургуулийг 37 дугаар сургуультай, 57-г 24 дүгээр сургуультай туршлага судлуулсан. Энэ ажлын үр дүнд 37 дугаар сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ өмнөх оноос 16.9 хувиар ахисан байна. Түүнчлэн 145 дугаар сургууль байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр түвшин ахиж гуравдугаар түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн шилдэг ментор сургуулиар 23 дугаар сургууль мөн шалгарлаа. Энэ ажлын хүрээнд багш нарын ажлын төлөвлөлт сайжирч, ажлын байрандаа хөгжих, бүлгээр ажиллах чадавх нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна.

-Энэ онд хэчнээн сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах вэ. Ингэснээр хүртээм­жийн асуудал цэгцрэх үү?

-Мэдээж хамгийн нэн тэргүүнд хүүхэд хамран сургах тойрогтоо сурах нь маш чухал. Хороондоо сургуульгүй, цэцэрлэггүйн улмаас холоос явдаг, өөр сургууль руу шилжих зэрэг сөрөг үр дагавар олон бий шүү дээ. Тийм учраас аль болох сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хийх, шинээр сургууль, цэцэрлэг барихад анхааран ажиллаж байна. Тухайлбал, энэ онд дүүргийн V хороонд 327 дугаар цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан, хүүхдүүдээ хүлээн аваад хичээллэж байна. Харин шинээр дөрвөн цэцэрлэгийн цогцолбор, нэг сургуулийн өргөтгөл, хоёр цэцэрлэгийн барилгыг барьж байна. Эдгээр нь бүгд гэр хорооллын бүсэд байршилтай. Дээрх бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүртээмжийн асуудал ерөнхийдөө шийдэгдэнэ гэж харж байгаа. Түүнчлэн дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авснаар нийтдээ 500-гаад хүнийг ажлын байраар хангах юм.

Ер нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаас жил бүр олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Мэдээж эрүүл мэнд, нийгмийн салбар гээд анхаарах шаардлагатай олон салбар байдаг учраас хөрөнгө оруулалтыг ухаалгаар шийдвэрлэх шаардлага бидэнд тулгардаг. Тоон дүнгээр авч үзвэл дүүргийн хөрөнгө оруулалтын 30 хувийг боловсролын салбарт зарцуулж байна.

-Багш нараа чадавхжуулах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ. Багш нарыг дагаад сургуу­лийн чанарын асуудал яригддаг. Хүүхдүүдэд чанартай боловсрол олгохын тулд багш нарыг чадавх­жуулах нь хамгийн чухал байж таарна?

-Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2020-2024 оны төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан “Чадварлаг багш 2024” арга хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, хэрэгжүүлж ажилладаг. Хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах нь мэдээж чухал ажил учраас ач холбогдол өгөх нь зүйн хэрэг шүү дээ. Тийм ч учраас багш нарыг чадавхжуулах сургалтад дүүргийн багш нарын 80-90 хувийг тогтмол хамруулж байна.

Багш нарын дунд мэргэжил, арга зүй, ур чадвар, илтгэлийн уралдааныг явуулж идэвхжүүлэх ажлыг мөн зохион байгуулдаг. Ингэснээр багш нар чадваржиж, хувь багшийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, сурлагын чанарт ахиц гарч, багаар ажиллах үр дүн ч нэмэгддэг. Өнгөрсөн хугацаанд багш нарыг дэмжсэн 100 гаруй сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байдаг.

Цаашид ч багш нарт зориулсан сургалт, дэмжлэгийг тасралтгүй үзүүлж, хэрэгжүүлсээр байх болно. Товчхондоо боловсролын салбарыг дүүрэг бодлогынхоо цөмд үргэлж байлгаж, энэ хэмжээнд авч үздэг.

-Чингэлтэй дүүрэг сургуулийн орчинд хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, анхаарах чиглэлд анхдагч болсон. Энэ тухайд “Шүдний кабинеттай сургууль” танай дүүрэгт хоёр ч бий. Цаашид ийм сургуулийн тоог нэмэх үү. Энэ мэтээр зөвхөн боловсрол олгохоос гадна эрүүл мэнд талд ямар бодлого баримталж байна вэ?

-Шүдний эрүүл ахуйн асуудал бол манай оронд ер нь их өндрөөр тавигдаж, яригдаж байгаа. Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр байгаа талаарх тоон мэдээлэл тасрахгүй байна шүү дээ. Тийм учраас хүүхдүүдэд багаас нь шүдээ арчлах, амны хөндийн эрүүл ахуйн талаарх хичээлийг оруулах, энэ талын мэдлэг, мэдээлэл олгоно гэдэг их чухал асуудал.

Тиймээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч байгууллага болон тус улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 37, 50 дугаар сургуульд хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Шүдний кабинеттай сургууль” хөтөлбөрийг 2022-2023 онд хэрэгжүүлж үр дүнгээ өгсөн. Энэ ажил бол хүүхдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болсон чухал ажил гэж харж байгаа. Бид энэ ажлыг цааш үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тухайлбал, 61, 117 дугаар сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашлаад бүх сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар 1-12 дугаар ангийн сурагчдыг шүд, хеликобактер, чих хамар хоолой, нүд, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн таван төрлийн эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ ажлыг мөн өргөжүүлж ирэх онд бид цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

-Танай дүүрэгт энэ мэтээр жишиг хөтөлбөр хэрэгжүүлдэг өөр ямар сургууль байдаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хувьд англи хэлний цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Pearson English Connect” дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформыг ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео хичээл, аудио контент ашиглаж “Pearson” англи хэлний цогц хөтөлбөрийг тав, зургадугаар ангид нэвтрүүлсэн.

Мөн Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформ зэрэг томоохон хөтөлбөрүүд манай дүүргийн сургуулиудад хэрэгжиж байна. Ерөнхий боловсролын долоон сургууль “E-school” хөтөлбөрт хамрагдаж, сургалтын үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлэн, багш сурагчдын ирц, үдийн хоол, сургалтын мэдээлэл зэргийг эцэг, эхчүүд “E parent” системээр дамжуулан өдөр бүр хянах боломжтой болоод байна.

-Цэцэрлэгийн насны бүх хүүхдэдээ СӨБ-ыг олгож чадаж байна уу. Энэ чиглэлд сүүлийн үед ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Ярилцлагын эхэнд дурдсанчлан цэцэрлэгийн анги дүүргэлт улсын дундажтай харьцуулахад 2-3 хүүхдээр илүү байна. Гэхдээ бид шинэ цэцэрлэг барьж энэ тоог бууруулах, багш нарын ачааллыг тэнцвэржүүлэх ажлыг хийж байгаа. Нэг үеэ бодвол цэцэрлэгт хамрагдалт өндөр байгаа учраас сургуулийн өмнөх боловсрол олгох чанарт анхаарах хэрэгтэй болсон. Тийм учраас дүүргийн цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүллээ. Тухайлбал, энэ хүрээнд “I’m break” хөтөлбөрт 10 цэцэрлэг, “Steam” хөтөлбөрийг 21 цэцэрлэг, “Монтессори” хөтөлбөрийг найман цэцэрлэгт хэрэгжүүлж байна.

-Олон улсын чанартай маш олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгвэл үр дүнг та хэрхэн дүгнэх вэ, ач холбогдлын хувьд мэдээж олон талтай байгаа болов уу?

-Эдгээр хөтөлбөр тус бүрдээ олон талын ач холбогдолтой. Хүүхдийн сэтгэн бодох, гар хурууны хөгжил гээд нас насанд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнтэй. Жишээ нь, “I’m break” хөтөлбөр тоглоомоор дамжуулан бодох, сэтгэх, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлдэг. Энэ нь хүүхдийн хэл яриаг төдийгүй бие бялдрыг хөгжүүлэх. Орон зайн баримжаа олгох, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх маш олон талын ашиг тусыг нэг зэрэг үзүүлдэг. Бусад хөтөлбөр ч мөн адил хүүхдэд тохирсон бяцхан даалгавар, сорил гээд тэдний нас, биеийн онцлогт тохирсон байдаг.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлд ямар ажлыг хийв. Та жишээ дурдаж болох уу?

-Мэдээж хэрэг бид сурч хүмүүжих орчныг нь бэлдэх хэрэгтэй. Шинээр цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулахаас гадна байгаа нөөц боломжоо ашиглаж засаж сайжруулахаас эхлээд ажил их бий. Цэцэрлэгүүдэд хэрэгжиж байгаа дээрх олон улсын хөтөлбөрүүдэд ашигладаг сургалтын хэрэглэгдэхүүн гэж байдаг. Хөтөлбөр бүр харилцан адилгүй. Гэхдээ бид хөтөлбөр хэрэгжиж байгаа цэцэрлэгүүдээ хэрэглэгдэхүүнээр нь бүрэн хангасан.

Мөн боловсролын салбарт хийсэн нэг том ажил бол цэцэрлэгийн зөөлөн эдлэл. Өмнө нь хүрэлцээгүйн улмаас хүүхдүүд ор, хөнжил, гудсаа хувааж хэрэг­лэдэг байсан. Ирээгүй хүүхдийнхээ гудсыг нөхөж хэрэглэх, эсвэл хувааж хэрэглэх явдал байсан бол одоо энэ байдал цэгцэрсэн. Цэцэрлэгүүдийг хивс, хивсэнцэр, дрож зөөлөн эдлэлээр бүрэн хангасан. Энэ ажилд дүүргийн төсвийн хөрөнгөөс 900 сая төгрөгийг зарцуулаад байна. Мөн хүүхдийн аюулгүй байдалд анхаарах үүднээс одоогоор дөрвөн цэцэрлэгийг бүрэн камержуулсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

-Салбар бүрд боловсон хүчний асуудал хөндөгдөх болсон. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх тухайд ямар арга барилаар ажиллаж байна вэ?

-Боловсон хүчний дутагдал дүүргийн хэмжээнд 0.6 хувьтай байна. Багш нараа ажиллах урам зоригоор тэтгэх, дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулдаг. Энэ жил дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжиж, 400 багшийг зөөврийн компьютертой болгоно. Ирэх онд бүх багшаа зөөврийн компьютероор хангана.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт жил бүр урамшуулал олгож байна. Тухайлбал, 2023 онд дүүргийн хэмжээнд 33 сурагч 800 оноо авсан бөгөөд эдгээр сурагчийг бэлтгэсэн 12 багшийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан. Багш нарын ажил тийм ч амар ажил биш. Гэртээ зар­цуулах цагаа сургууль, цэцэрлэгт өнгөрүүлдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас тэдний нийгмийн баталгааг хангах талд бид үргэлж анхаарал тавьж ажилладаг.

Тухайлбал, багш нарын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 19 багш, ажилтан, 2021 онд долоо, 2022 онд зургаа, 2023 онд 10 багш гээд нийт 42 багш, ажилтанд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Нийт 420 сая төгрөгийн дэмжлэгийг боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилтнуудад дэмжлэг болгон өгчээ. Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж, багш нарынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлд дүүргийн зүгээс анхаарал хандуулсаар байх болно.

-Та өөрөө багш мэргэжилтэй хүн. Цаашид боловсролын салбарт ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Энэ салбарын хөгжлийг та хувьдаа хэрхэн хардаг вэ?

-Би багш мэргэжилтэй учраас багшийн үнэ цэн, ажил мэргэжлийн үнэлэмжийг мэдэрдэг. Тийм ч учраас боловсролын салбарыг анхаарч, ажиллахыг хичээж байна. Энэ салбарт анхаарахын тулд олон талаас нь харж хандах шаардлагатай.

Сургууль, цэцэрлэгийн зөвхөн барилгыг нь бариад өгөх биш тэнд сурах, хүмүүжих хүүхдүүдийн орчин, сурах хичээлийн онцлог, багшлах багш гээд цогц шийдлийг шийдэх хэрэгтэй гэж боддог. Цаашид анги дүүргэлтийг багасгах, багшийн ачааллыг багасгах талд анхаарч ажиллана. Шинэ сургууль цэцэрлэг барьж бүтээн байгуулалтыг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад олон шинэ ажлын байр бий болно. Хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт хамрагдаж тэгш боловсрол хүртээсэй гэж хүсдэг. Хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран сурах эрхээ эдэлж, бүгдэд тэгш боловсрол хүртээх том зорилготой ажиллаж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудаар цас орж, 22 м/с хүртэл шуурч байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудаар цас орж, 22 м/с хүртэл шуурч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.