/2023.11.01/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ХНХ-ын салбарт процессийн дахин инженерчлэл хийх гэж буй талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж танилцууллаа.
Тэрбээр, Процессийн дахин инженерчлэл яагаад хийсэн бэ гэхээр төрийн ажил үйлчилгээ явуулж буй процессоос болоод иргэд яагаад бухимдаад байна, яагаад олон шат дамжлага дамжаад байна гэдгийг тодорхойлох гэж хийсэн. Гол зорилго нь иргэн төрийн байгууллагад ирээд олон хүнтэй уулзаж шат, дамжлага бололгүйгээр нэг албан хаагчтай уулзаж өөрт шаардлагатай үйлчилгээг авч болдог болгоход оршиж байна.
Бид процессийн дахин инженерчлэл хийхдээ хэд хэдэн зарчимыг баримталсан.
- Иргэн төрийн албан хаагч хэн хэн нь сэтгэл хангамжтай байх ёстой.
- Ил тод байдал
- Түргэн шуурхай байх
- Амар хялбар байх
Энэ байдлуудыг бий болгох үүднээс бид нар ХНХЯ болон харьяа НД-ын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт ЗГ-ын 11-11 төвд ирсэн гомдлуудыг үндэслэн нийтдээ 211 үйлчилгээнд процессийн дахин инженерчлэл хийсэн.
ХНХ-ын салбарт нийтдээ 1999 бодит эрсдэл байна. Бид тодорхой баримт, судалгаан дээр үндэслэн эдгээр эрсдэлүүдийг гаргаж ирсэн. Нийслэлийн 9 дүүрэг дээр иргэд үйлчилгээ авахдаа дунджаар 23000-34000 төгрөгний зардал гаргаж байна. Орон нутагт 54000-108000 төгрөгийн зардал гаргаж байж үйлчилгээ авч байна. Яагаад харилцан адилгүй байна гэхээр харьяаллын дагуу үйлчилгээ үзүүлдэгт байна. Бид харьяалал харгалздаггүй үйлчилгээ үзүүлдэг болгоно. Жишээ нь Архангай аймгийн харьяат Улаанбаатар хотоос Нийгмийн даатгалын үйлчилгээг авч болдог болно гэсэн үг.
Мөн халамж, тэтгэлэг, дэмжлэгийг ялгаж өгөх хэрэгтэй байна. Нийт 46 халамжийн төрлийн 22 дээр нь эргэж харах хэрэгтэй байна.
Засгийн газрын 11-11 төвд Нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой асуудлаар холбогдож байгаа иргэдийн 73,8 хувь нь хүнд суртлын талаар гомдол гаргасан байна.
Хөдөлмөр халамжийн байгууллагын 68,1 хувийг сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг үзүүлэхгүй байна гэж гомдол мэдүүлсэн талаарх судалгаа гарсан.
Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээний дунджаар 70 хувь нь иргэдээс цаасан материал шаардаж байна. Үүнийг болиулна.