/2023.10.25/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент болон Бундестагийн гишүүнээр он удаан жил ажилласан туршлагатай улс төрчтэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэж, Европ болон Европын институцуудыг бэхжүүлэх, гадаад харилцааны олон асуудлыг ухаалгаар зохицуулах ур ухаан, Европын Холбоонд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Тэрбээр, бид ирэх долоо хоногт Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол-Европын Холбооны парламент хоорондын 16 дугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсын Үндсэн хууль, улс төрийн намын шинэчлэл, хориг арга хэмжээний аюулгүй байдалд үзүүлэх хариу арга хэмжээ, эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Түүнчлэн, Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжих, ардчилсан институц, үйл явдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн үе үеийн удирдлага, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн шинээр томилогдон ирэх Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийг бүх талаар дэмжин ажиллана гэлээ.
Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа нь том хүндэтгэл хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг өчигдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд дахь бидний үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажилласанд талархалтай байна. Цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал парламентынхаа ардчиллыг бэхжүүлэхэд олон чухал ажил хийж байгааг онцлон дурдмаар байна.
Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан нь чухал алхам болсон. Монголын парламентын хөгжлийг өндөр түвшинд авчрахад Улсын Их Хурлын даргын хувь нэмэр, үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэв.
Тэрбээр хэлэхдээ, парламентын ардчиллыг бэхжүүлэх амин сүнс нь олонх, цөөнхийн харилцааг зөв залах гэж үздэг. Дэлхийн улс орнуудын парламентын үйл ажиллагаатай танилцахад Их Британийн парламент уг амин сүнсийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байдаг. Тус орны парламент дахь цөөнхийн бүлгийн дарга нь сайдын түвшний эрэмбэтэй. Ингэснээр цөөнхийн бүлгийн дарга нь маргаашийн Засгийн газрынхаа тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлсэн философ юм. Энэ нь хамгийн сайн туршлага гэж харсан хэмээлээ.
Уулзалтын дараа талууд Төрийн ордноо зохион байгуулагдсан “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.
Фридрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг аж.
Эх сурвалж: УИХ