Доктор Хью Парсонс: Нүдний өвчлөл хотоос илүү хөдөөд ихэссэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доктор Хью Парсонс: Нүдний өвчлөл хотоос илүү хөдөөд ихэссэн

/2023.10.09/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Канадын “Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонсыг 2023 оны аравдугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд хүлээж авч уулзсан юм.

Уулзалтаар тус сангийн дэмжлэгтэйгээр Монголын эмнэлгүүдэд хэрэгжиж буй нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслийн талаар болон цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.



С.Чинзориг сайд уулзалтын эхэнд 2015 оноос хойш Монгол Улсад тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, Монгол-Канадын эмнэлгийн төслийг хэрэгжүүлж байгаа тус сангийн хамт олонд болон онцгойлон төслийн удирдагч ноён Хью Парсонст талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсанд нь баяр хүргээд манай улсын нүдний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр манайд нүдний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзүүлж байгаа хэдий ч улсын хэмжээнд хот, хөдөөгийн ард иргэдэд нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нь харилцан адилгүй байгааг хэлж дундаж наслалт нэмэгдэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангадаггүй, дэлгэцийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотой дээрх өвчлөлүүдийн тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж харааны бэрхшээлтэй иргэд нэмэгдэж буйг дурдлаа.



Болорын цайлт нь сул хараа сохролын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй нүдний мэс заслын хамгийн их хүлээгдэл ихтэй өвчлөлд тооцогдож байна. Цайсан болорыг авч хиймэл болор суулгах мэс заслын технологи өндөр хэмжээнд хөгжихийн хэрээр мэс заслын заалт цар хүрээ нэмэгдэж өдөр ирэх тусам болорын мэс заслын хүлээгдэл ихсэж байгаа ч мэс засал хийх эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ зөвхөн манайд биш дэлхийн улс орнуудад ч муу байдаг талаар Эрүүл мэндийн сайд яриад тус сантай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, нүдний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хүн амд чиглэсэн нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, нүдний эмгэгийн үед үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг өргөжүүлэх шаардлага байгаа юм.



Ноён Хью Парсонс “Лаурел мэс заслын сан”-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн ажлынхаа төлөөр танилцууллаа. Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн болон толгой хүзүүний хавдрын мэс заслын, цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмч профессорын баг, хавдрын мэс заслын дараах тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжилтнүүд жилдээ хоёр удаа ирж Монгол Улсын ард иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын эмч сувилагч нарт ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг явуулж ирсэн юм.

Нүдний тусламж үйлчилгээг сайжруулах дэд төслийн хүрээнд торлог шилэнцрийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэснээс гадна тухайн чиглэлийн мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжтой болгож 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий хамгийн орчин үеийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг хандивлан мэс заслын өрөөг тохижуулсан. Түүнчлэн амбулаторийн нүдний тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээний хяналтыг сайжруулах өвчний тавиланг тодорхойлох ач холбогдолтой 500 сая төгрөгийн өртөг бүхий Нүдний когерент томографи (Ocular coherence tomography), Tорлогийн судасны ангиографийн аппарат (Fluorescein angiography), нүдний биомикроскофи зэрэг багажуудыг хандивласан.



Мөн резидентийн сургалтын чанарыг сайжруулж, цогц чадамж бүхий эмч бэлтгэн, сургалтыг олон улсын түвшинд хүргэхийн тулд резидентийн хөтөлбөр боловсруулан батлуулсан бөгөөд сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулан урт хугацаанд тогтвортой ажиллаж ирсний үр дүнд үндэсний хэмжээнд мэргэжилтэн бэлтгэгдэж оношилгоо, эмчилгээ болон сургалтын чанарт ахиц дэвшил гарсаар ирсэн.

Алслагдсан аймгуудад нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байлгах үндсэн зорилгын хүрээнд 2015-2023 онуудад жилд хоёр удаа ирж 10000 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 2000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм байна.

Доктор Хью Парсонс сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нүдний өвчлөл хотыг бодвол хөдөөд ихэссэн дүн гарсныг дурдаад монголчуудын дунд болор цайх, нүдний даралт ихсэх өвчин элбэг байгаа бөгөөд сүүлийн үед чихрийн шижингийн улмаас хараагүй болох тохиолдол их байгаа ч орон нутгийн эмнэлгүүд нүдний иж бүрэн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хомс гэдгийг онцолж байлаа. Жилдээ 36 эмч нүдний чиглэлээр бэлтгэгдэж байгаа ч мэс заслын чадвар эзэмшээгүй төгсдөг. Төгсөгчдөөс нэг биш нь болор солих сургалтад сурдаг ч энэ нь богино хугацааны сургалтаар эзэмших чадвар биш учраас резидентийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадвартай нүдний мэс засалчдыг бэлтгэн орон нутагт ажиллуулахыг зорьж буй гэлээ.



Тус сангийн тусламжтайгаар УНТЭ нүдний бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан, Нэг үгээр оношлогоо эмчилгээг бүхий л түвшинд хийх чадвартай эмч нарыг бэлтгэх хангалттай орчин нөхцөл бүрдсэн гэдгийг ч хэлсэн.

Уулзалтын төгсгөлд хоёр тал нүдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чадварлаг мэргэжилтнүүд, судлаачийг бэлтгэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр үүлшинэ, 14-16 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлшинэ, 14-16 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.