-www.mpress.mn БНСУ-д ажиллаж байна-
/2023.9.13/ Өмнөд Солонгосчууд цөмийн эрчим хүчний экспортоороо дэлхийд тавдугаарт, цахилгаан автомашины экспортоор дэлхийд дөрөвдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний гол түүхий эд болох зэсийн боловсруулалтаар дэлхийд гуравдугаарт жагсаж байна.
Гэсэн хэдий ч тус улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувь бууруулах амлалтдаа хүрэхийн тулд илүү их хичээн ажиллах ёстой гэдгээ “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад илэрхийлж байна.
Энэ олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр болон панелистаар оролцож байгаа юм.
Манай улсын хувьд эрчим хүчний 80 гаруй хувийг хангадаг Төвийн Эрчим Хүчний Систем (ТЭХС)-д төвлөрүүлж буй нийт эрчим хүчний 93 хувийг нүүрс-шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас нийлүүлдэг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд нэрмээс болж байна.
Тиймээс НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилгаар Стэнфордын их сургуультай хамтран зохион байгуулдаг “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад бидний "оролцоо" их.
Энэ чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд эрчим хүчний салбар цэвэр эрчим хүч үйлдвэрлэлд чиглэх, цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглэх ёстойг онцолсоор байна.
Үүний тулд улс орнууд хамтран асуудлаа шийдэж, Тогтвортой хөгжлийн зорилтын 7 дугаарт заасан “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” улс орон бүрийн амлалтаа биелүүлэх нь чухал болохыг хуралд оролцогчид өгүүлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад сэргээгдэх эрчим хүчний технологийн гол түүхий эд болох зэсийн нөөц байгаа, экспортлогч орны хувьд технологи өндөр хөгжсөн орнуудтай энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрбээр:
-Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ гэлээ.
Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун мөн энэ хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрбээр:
-Энэ хуралд оролцогчид цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалт, дэлхийн дулааралтай холбоотой арга хэмжээнүүдийг ярьж байна. Бүх салбарын ирээдүйд эдгээр агуулга зайлшгүй ордог болсон. Би илтгэлээрээ, дэлхийд 670 орчим сая хүн цахилгаан эрчим хүч аваагүй хэвээр байгааг онцоллоо. Хэдийгээр эрчим хүчний хангалт хүн бүрт адилгүй байгаа ч эрчим хүчийг бий болгохын тулд өмнөх шат дарааллыг алгасаад, сэргээгдэх болон цэвэр эрчим хүч рүү тэмүүлэх нь зүйтэй. Монгол Улсын хувьд нүүрсний эрчим хүчийг татаасаар дэмжсэн хэвээр байна. Энэ тохиолдолд сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи бий болсон ч өрсөлдөхөд хэцүү байх болно. Цаашдаа дэлхий дахин ногоон хөгжил рүү эргэлт буцалтгүй явах нь ойлгомжтой болсон. Тиймээс хэн түрүүлж ногоон хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ дэмжсэн нь зах зээлээ эзэлж, хожно гэдэг нь ойлгомжтой. Дэлхийд 160 гаруй орон 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын эх үүсвэрийг зогсооно гэдгээ илэрхийлчихээд байгаа. Өнөөдөр УИХ-ын даргын илтгэлээс харвал манай улс ч энэ бодлого руу орсон байгаа нь сайшаалтай.
Нобелийн шагналт, Стэнфордын их сургуулийн доктор Стивен Чу:
-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нь нүүрсэнд суурилсан байдаг. Цаашид цэвэр болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Технологийн хувьд салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Үүний тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, аль болох хямд өртгөөр асуудлыг шийдвэрлэхэд зорих нь чухал гэлээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн:
-Бид яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ дэлхийн амьд амьтад болон хүний 70 хувь нь устаж үгүй болох магадлалтай. Бид “буцалж буй” уур амьсгалд амьдарч байгаа бөгөөд бидэнд хүлээх цаг алга. Дэлхийн 2000 гаруй эрдэмтэд дэлхийн цаг агаар 2,1 цельсээр дулаарсан гэдгийг бидэнд сануулж байна. Энэ байдлаараа бид 2050 он хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй явсаар байж огт болохгүйд хүрчээ. Арга хэмжээг авахын тулд улс орнуудын засгийн газрууд, хувийн сектор, орон нутгийнхан, ард иргэд бүгд хамтаар ажиллах шаардлагатай. Мөн залуу үе та бүхнийг өөрийн дуу хоолойгоо илүү хүчтэй, чангаар илэрхийлээсэй гэж хүсэж байна гэлээ.
“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт гурав хоног үргэлжилнэ.
Энэ хуралд Монгол Улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн асан, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар оролцож байна.