Англи хэлгүй судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны салбарт “хэцүүдэж“ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлгүй судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны салбарт “хэцүүдэж“ байна

/2023.7.31/ Дэлхийн шинжлэх ухааны охь судрууд англи хэл дээр байх бөгөөд түүнээс хүртэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх эсэх нь англи хэлнээс ихээхэн хамааралтай.

Унаган англи хэлгүй эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээний ажилдаа унаган англи хэлтнүүдээс илүү их цаг, мөнгө, хүчин чармайлт зарцуулж байгаа судалгааны өгүүллийг Plos Biology онлайн сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны багийг Австралийн Куинслэндийн их сургуулийн судлаач Тацуяа Амано ахлан ажиллажээ.

Судалгаанд Бангладеш, Боливи, Украин, Испани, Нигер, Япон, Непал, Британийн байгалийн шинжлэх ухааны салбарын 908 эрдэмтэн судлаачдыг хамруулсан байна.

Тэднийг шинжлэх ухааны өгүүлэл унших, бичих, хэвлүүлэх, илтгэл тавих, олон улсын хуралд оролцох байдал гэсэн таван үндсэн хэмжүүрээр судалжээ. Ингээд судалгааны дүнгээр дараах нөхцөл байдал ил болсныг товчлон хүргэж байна.

Унаган англи хэлгүй судлаач, эрдэмтэд нэн шаардлагатай, сүүлийн үеийн мэдлэг агуулсан өгүүллүүдийг уншихын тулд англи хэлтнүүдээс илүү их цаг зарцуулдаг. Тухайлбал, англи хэл дээр нэг өгүүлэл бичихэд хэлний ялгаагаас үүдэлтэйгээр зарцуулж буй хугацааг нь харьцуулжээ.

Ингэхэд, дундаж англи хэлний мэдлэгтэй судлаачид англи хэлтнүүдээс 46,6 хувиар, англи хэлний бага зэрэг мэдлэгтэй судлаачид унаган хэлтнүүдээс 90 хувиар илүү цаг зарцуулдаг байна.

Бичихэд мөн адил хэлний дундаж мэдлэгтэй нь 50,6 хувь илүү цаг зарцуулдаг ажээ. Гэхдээ энэ нь судлаачдын карьерын эхэн үед ажиглагдсан бөгөөд харин сүүл үед эрс өөрчлөгддөг байна.

Харин өөрсдийн эх хэл дээрээ судалгааны өгүүлэл бичих хугацаа нь харьцангуй бага байгаа нь хэлний шалгуур эрдэмтэн, судлаачдад тэгш бус байдал, сул тал үүсгэж байгааг судлаачид онцолжээ.

Дээр өгүүлсэнчлэн, судлаачид карьерийнхаа оргил үед нөхцөл байдал харьцангуй дээрддэг ч бичсэн өгүүллээ бататган уншуулах шаардлага 75 хувьд нь тулгардаг байна. Энэ нь унаган хэлтнүүдээдтэй харьцуулахад хамаагүй өндөр тоо юм.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд англи хэлгүй улс орнуудын эрдэмтдийн гаргаж буй хүчин чармайлт хэлнээс шалтгаалан хамаагүй илүү байна. Энэ асуудлыг мэдэрсэн англи хэлгүй ч, өндөр орлоготой Япон улсад гэхэд "Мэргэжлийн англи хэл дээр редактор хийх" үйлчилгээг гаргасан байдаг ажээ. Харин орлого багатай улсуудад ийм үйлчилгээ байхгүй.

Ингээд англи хэлний хангалттай мэдлэг үгүйнхээ төлөө эрдэмтэн, судлаачид олон улсын томоохон сэтгүүлүүдэд өгүүллээ нийтлүүлэх боломжгүйд хүрдэг. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс өгүүллийг нь нийтлэхээс татгалзсан хариуг унаган англи хэлтнүүдээс тэд даруй 2,5 дахин их авдаг ажээ.

Эх сурвалж: journals.plos.org

Украины дроны дайралтын улмаас Москва нисэх буудлаа түр хаалаа
Украины дроны дайралтын улмаас Москва нисэх буудлаа түр хаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.