ЭЕШ болон боловсролын системийн талаар МУИС-ийн доктор, профессор Б.Ганбаттай ярилцлаа.
-ЭЕШ-ын дүнгээр аймгуудын дүнг уралдуулах нь зөв үү гэдэг асуудал үүсээд байх шиг?
-ЭЕШ гэдэг бол уралдаант шалгалт юм. Уралдаант шалгалт юм бол аймгуудыг уралдуулъя. Өнгөрсөн долоо хоногт Л.Энх-Амгалан сайд УИХ-ын чуулганы танхимд үг хэлэхдээ
“Дэлхийн Банкны судалгаагаар Монгол Улсын ЕБС-ийн 12-р анги төгссөн хүүхдийн боловсролын түвшин олон улсад 8-р ангийн хүүхдийнхтэй ижил байна” гэж мэдээлж, нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Энэ байдал олон жилийн өмнөөс ажиглагдаж, их сургуульд хичээл ороход хүүхдүүд хичээлээ ойлгодоггүй байсаар ирсэн.
Ганц манай улс ч биш бусад улс орон ч дүнгээр нь жагсаадаг. Жишээ нь, АНУ муж улсуудаар нь жагсааж, мужууд нь SAT үнэлгээндээ анализ хийгээд, анхаарах асуудлаа засаад явдаг. БНСУ мөн адил байр эзлүүлдэг. Хаана, юу болох гээд байна гэдгийгээ л оношлох гээд байгаа хэрэг. Гэхдээ олон улсад “Уралдуулж болно, болохгүй” гээд олон талын судалгаанууд байдгийг бас дурьдах хэрэгтэй.
-ЭЕШ-ын 800 онооны талаар та тайлбарласан байсан. Энэ тухайгаа товчхон хэлээч гэвэл?
-Нийт шалгалт өгч байгаа хүүхдүүдийн эхний 0,13 хувь нь 800 оноо авна гэсэн үг. Олон хүүхэд шалгалт өгөөд байвал, олон хүүхэд 800 оноо авна. Жишээ нь, Газар зүй, Түүх, Биологийн хичээлийн шалгалтыг цөөн хүүхэд өгдөг учир энд цөөхөн хүүхэд 800 оноо авсан. 800 онооны босгууд нь хичээл бүр дээр янз бүр. Нэг хичээл дээр дунджаар 94,5 хувийн гүйцэтгэлтэй байвал 800 оноо авах боломжтой.
-Тэгвэл математикийн хичээлд хүүхдүүд муу оноо өгсөн гэхээсээ илүүтэй энэ шалгалтыг олон хүүхэд өгсөн учир оноо нь доогуур гарсан юм биш үү?
-Математикийн хичээлдээ хүүхдүүд ер нь муу байгаа гэж бодож байна. Шалгалтын материалыг үзнэ, их сургуульд суурь хичээл заахад мөн хүүхдүүд маш муу байдаг. Математик, Физик, Хими гэсэн гурван хичээл дээр Монгол Улс онцгой анхаарч, багш нараа сургах, хүүхдүүдээ сургах чиглэлд анхаарах цаг хэдийнээ болсон. Хэмжээст оноо чухал биш.
-Тэгвэл ямар оноо хамгийн чухал юм бэ?
-Монгол Улсын боловсролын системийг зүйрлэвэл Титаник хөлөг онгоц. Мөсөн уулаа хэдийнээ мөргөчихсөн, живж байгаа. Титаник хөлөгт хүмүүсийг зэрэглэлээр нь хуваагаад, сөнөх үед нь баячуудыг аврах завинд суулгадаг. Яг түүн шиг, монголын боловсролын системд мөнгөтэй хүмүүс аврах завинд хэдийнээ суучихсан. Асуудал нь ядуусаа бүр хаячихсан, тэр хэсэг нь живж байгаа. Энэ бодит нөхцийг “ЭЕШ-ын хэмжээст оноо” нуугаад байна.
Хэмжээст оноо хэвийн юм шиг л харагдуулна. Энэ хэмжээст оноог больж, анхны оноогоор дүгнэдэг болвол манай боловсролын систем яаж унасныг нийтээрээ мэдэх болно.
-Яаж?
-400 оноо гэж ярих хүнд хүрэх үү, 16 оноо гэж ярьвал хүрэх үү? Хэмжээст 800 онооноос 400-г авсан гэвэл “дундуур” нь байгаа биз? Гэтэл 100 онооноос 16 оноо авсан гэвэл ямар байна? Тэгэхээр хэмжээст оноог больё, анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноог тухайн сурагч авсан бэ гэдгээр нь үнэлье гээд байгаа юм.
-Математикийн шалгалтад 100 оноо авахаас 16 оноо авснаар 400 онооны босго хангаж, энэ нь нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 83,3 хувь нь байсан гэхээр арай дэндүү бага биш үү?
-Хэтэрхий бага гэсэн үг. Дөрөв, таван жилийн өмнө математикийн хичээлийн шалгалтыг авахдаа A, B, C, D гээд багануудад хуваадаг байсан учир хүүхдүүд “буудаад” хариулахад л энэ 16 оноог авчихдаг байсан. Тэгэхээр нь таван баганатай л болгосон. “Буудах” боломжийг нь бууруулж байна гэсэн үг, суурь хичээл, мэдлэг нь муу хэвээрээ. Арга хэмжээ авахдаа дандаа ингэж нүд хуурсан байдлаар ханддаг. Арга хэмжээ авахгүй яг энэ хэвээрээ л байгаад байгаа.
-Тэгвэл бүтэн 11 жилийн хугацаанд шалгалт өгч байгаа хүүхдүүдийн дүнд ахиц дэвшил гараагүй гэсэн үг үү?
-Гараагүй дээ. Дараах зургаас харвал шалгалтын оноо Монгол хэлнийх шиг тархалттай байвал сайн. Математик, Англи хэлний хичээлийн хэлбэрийг ажиглавал энэ хичээл дээр цөөхөн хүүхдүүд онцгой сайн, олонх нь муу байна гэсэн үг.
Дээрх зургаас улаан зураасыг ногоон руу л дөхүүлвэл манай сургалт ерөнхийдөө сайжирч байна гэж ойлгож болно. Нэгтгээд харвал, Математикийн хичээл дээр 100 онооноос 16 оноо, Монгол хэл дээр 38 оноо авбал 400 оноо авна. Энэ жилийн хувьд 84 хувь нь Математикийн хичээл дээр 100 оноо авахаас 16 оноо авсан.
Орос хэл дээр энэ жил Өмнөговь аймгаас нэг ч хүүхэд өгөөгүй, Баян-Өлгий 100 гаруй, Улаанбаатараас 450 хүүхэд өгсөн байна. Ийм цөөхөн хүүхэд өгч байгаа тул энэ хичээл дээр ийм зүй тогтлын зураг гаргах боломжгүй.
Хамгийн сайн хичээл нь Монгол хэл, хамгийн муу нь Математик, Физик, Хими. Англи хэл муу гарсан шалтгаан нь азаа үзээд бүгдээрээ шалгалт өгчихсөн гэсэн үг. Зорилготой өгдөг хичээл нь Газар зүй, Биологийн хичээл юм. Энэ жил ЭЕШ-ыг нийт 30 мянга орчим хүүхэд өгсөн. Үүнээс Монгол хэлний хичээлийн шалгалтыг энэ жил 10 мянган хүүхэд өгсөн байна. Англи хэлний хичээлийг 19822 хүүхэд өгчээ. Математикийн хичээлийг 21112 хүүхэд өгсөн байна.
-Улаанбаатар ЭЕШ-ын нийт оноонд доогуур байр эзэлснээр хүмүүс “Хамгийн сайн хувийн сургуулиуд УБ-т байдаг биз дээ” гэсэн асуултыг тавьж байна.
-Гэр хорооллын сургуулиуд маш муу байна гэсэн үг. Олон улсын олимпиадуудаас хүүхдүүд шагнал аваад, дэлхийн ТОП сургуулиудад элсээд байна гэдэг ч эдгээр нь дандаа хотын төвийн болон хувийн сургуулиудын үзүүлж байгаа амжилт юм. Нийтээр сургах сургалт нь маш муу.
Энэ байдал даамжирвал баян, хоосны ялгаа улам ихсэж, ядуусын хороолол & баячуудын хороолол гэж хуваагдана. Захын сургуулиудыг очиж үзэх хэрэгтэй.
Зарим нь модон жорлонтой, гал түлдэг, уурын зуухтай гээд сумын төвөөс доор нөхцөлтэй сургуулиуд бий. Одоо тэгэхээр нөхцөл байдлаа зөв, шударга үнэлээд орчноос нь эхлээд засаж сайжруулаад явах хэрэгтэй. Ер нь боловсролын салбарт хийх ажил маш их бий.
-800 онооноос гадна 400, 440, 480 гэсэн хуваалт байсан. Энэ ямар учиртай вэ?
-Өмнө нь шалгалт өгсөн хүүхдүүдийн 85 хувийг “Дээд сургуульд суралцах боломж хангасан” гэж үздэг байсан. Энэ жилээс Боловсролын яамнаас журам гаргаад хэмжээст оноогоо 400, 440, 480 гэсэн гурван босгот хуваасан. Дээд сургуулийн болзол хангах босго оноо нь 440. Үүнд багшийн хөтөлбөртэй дээд сургуульд суралцах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хувьд 100 хүүхэд ЭЕШ өгсөн байлаа гэхэд түүний 73 хувь нь “Дээд сургуульд суралцах боломжтой” гэж үзсэн. Үүнээс дээш оноо тавьбал багшийн мэргэжлээр сурах хүүхэд олдохгүй, манай улс угаасаа багшлах боловсон хүчний дутагдалд орчихсон. 480 оноо гэдэг нь их сургуульд оролцох боломжтой босго оноо. Үүнийг тогтоохдоо шалгалт өгсөн хүүхдуудийн 57 хувь гэж тогтоосон . Энэ оноогоо хэмжээст оноо гэж нэрлээд байгаа юм.
-ЭЕШ-ын дүнгээр улаан шугам татахыг болиулсан. Энийг юу гэж боддог вэ?
-Дэлхийн бүх улс л хүүхдүүдийг сурах чадвараар нь ялгаж, улаан шугам татдаг. Энэ нь тухайн хүүхдийн цаг хугацааг хэмнэж, чиглүүлж байна гэсэн үг. Манай улсад болохоор төгсөж байгаа хүүхдүүдийн 57 хувийг их, 72 хувийг нь дээд сургуульд оруулна гэчихээр мэргэжил үйлдвэрлэлийн төвүүдэд сурах хүүхэдгүй болчихно. Болсон, болоогүй бүгд их сургуульд орчихож байна. Хэмжээст оноо 800 оноо гэдгээ больж, 100 онооны шалгалтаас 20 оноо авч байгаа хүүхдийг “Их дээд сургуульд орж болно” гэж хуурахын оронд цаг хугацааг нь хэмнэж, чиглүүлж өгвөл МСҮТ-үүд ажилтай болж эхэлнэ. Тэр хүүхдүүд цаг хугацаагаа хэмнэнэ. Гэтэл нөгөө талаас 30 мянган хүүхэд төгсөж байхад жар гаруй мянган хүүхэд элсүүлэх боломжтой гэдэг тоог их, дээд сургуулиуд өгсөн. ЭЕШ-ын дараа 30 мянган хүүхэд нь бүр 20 мянга болж буурна шүү дээ.
-Их, дээд сургууль гээч нь бүр үнэ хүндээ алджээ.
-Цэцэрлэг байгуулахад стандарттай, их сургууль байгуулахад стандарт байхгүй. Их сургуулийн төгсөлтийн шалгалт авдаг байсныг болиулсан. Ингэж дээд боловсролоо хямдруулаад байгаа юм. Үр дүнд нь мэргэшсэн ажилтан байхгүй, дипломтой ажилгүйчүүд их болсон. Улс төрчид ингэж их, дээд сургуулийг үнэ цэнгүй болгодог. Шалтгаан нь хувьдаа их дээд сургуультай улстөрчид цөөнгүй бий.
-Хувийн бага, дунд сургуулиудыг юу гэж боддог вэ?
-Хувийн сургуулиуд зөв багшаар, сайн орчинд хичээл заавал хүүхдүүд амжилт гаргадаг гэдгийг харуулж байгаа үлгэр дуурайлал. Эдгээр чинь түрүүн хэлснээр Титаник хөлөг онгоц гэж зүйрлэвэл аврах завиуд юм. Энэ сургуулиуд харин захын хорооллын хүүхдүүдээс хэдэн арваар нь жилд сурагч солилцоогоор авч сургаж хүүхэд яаж ахиж, хөгждөгийг харуулах хэрэгтэй. Хувийн сургуулиуд Монгол Улсын сургалтын стандартыг тогтоож байна гэж ойлгох нь зөв. Араас нь улсын сургуулиуд тэдгээрийн чанарт дөхөхийн тулд ажиллах хэрэгтэй. Гадны өндөр хөгжсөн БНСУ, Сингапур зэрэг оронд хувийн сургуулиудыг хааж эхэлж байгаа. Систем нь тогтворжоод, улсаараа дэлхийд топ болчихсон буюу хувийн сургуулиуд тэнд үүргээ гүйцэтгэчихсэн. Харин Монголд одоо бол хувийн сургуулиуд үүргээ гүйцэтгэж байна. Улсын сургуулиуд хувийн сургуулиудаас практик сургалт авах хэрэгтэй.
Хувийн сургуулиуд сайн багш нарыг татаад байгаа шалтгаан нь цалин өндөр. Тиймээс багш нарынхаа цалинг багадаа хоёроор үржүүлж нэмэх хэрэгтэй. Тэгвэл сайн хүүхэд багш болж, багш болчихвол сайхан амьдарна гэдэг “хонгилын үзүүрийн гэрэл”-тэй болно. Мэдээж ачааллыг бууруулах нэн шаардлагатай. Их сургуульд 40 оюутанд хичээл орох, 20 оюутанд орох маш ялгаатай байдаг. Тиймээс дунд сургуульд нэг ангийн хүүхдийн тоог 30-аас дээшгүй болгож барих хэрэгтэй. Тэгээд багш нараа сурга.
-Асуудал нь шалгалтандаа байна уу, багш нарын ур чадвартаа байна уу, эсвэл бүр системийн алдаа юу?
-Системийн хямралд орсон. Монгол Улс даяараа худлаа дүн тавьдаг системд орчихсон. Дунд сургуулийн хүүхдүүд бүгд А авна, ЭЕШ нь 800 гээд л гоё оноотой. Их, дээд сургуульд ороход нь зарим сургууль “Хүүхдүүдийг унагааж болохгүй” гээд худлаа дүн тавьдаг. Ингээд бүхэлдээ үхлийн тойрогт орчихсон. Сургалтаа сайжруулъя гэвэл их сургуулийн багш нараар дунд сургуулийн сурах бичиг зохиохыг нь болиулах хэрэгтэй. Зарим сурах бичгийг нь үзэхээр нэг багшийн 16 хоног заадаг лекцийг нэг бүлэг болгоод тавьчихсан байдаг. Тэрийг дунд сургуулийн багш заахгүй. 20 жилийн өмнө багш болсон хүн байна гэж бодъё. Тэр үед смарт утас ч бий болоогүй байсан.
Гэтэл одоо смарт утас, сошиал сүлжээ гээд бүх зүйл хөгжчихсөн байхад Монгол Улс багшаа сургаагүй, хаячихсан. Сургалт хийхээрээ семинар хийдэг, төсөл хийдэг, нэг нь төслийн мөнгө цохихын тулд ямар ч үр дүнгүй сургалт хийдэг. Багшаа сургах хэрэгтэй, сурах бичгээ өөрчлөх хэрэгтэй. Багш нарыг муу гэж байгаа юм биш. Дэлхий хөгжчихөөд байхад Монгол Улс багшаа хөгжүүлээгүй, боловсролдоо анхаараагүй, хаячихсан.
-Их сургуулийн багш нараар сурах бичиг зохиолгохгүй гэвэл хэнээр зохиолгох вэ гэдэг асуудал үүсэх гээд?
-Дунд сургуулийн багш нар 40 хувь, их сургуулийнх 60 хувь гэх зэргээр оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн сурах бичгийн агуулгаа байнга өөрчлөөд байх хэрэггүй. Нэг сайн зохиогоод олон жил болох шаардлагатай. Сурах бичиг зохиосон багш нар нь нийт багш нартаа цахим хичээл зааж, тухайн сурах бичгийн ямар агуулгыг хэрхэн заах талаар хичээл ордог байх нь зүйтэй гэх мэт өөрчлөлтүүд хэрэгтэй байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Боловсролын салбарт тэгш бус байдлын эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол баян, хоосны ялгаа улам ихэснэ. Шархадны эцэст байгаа хүүхэд тэндээ л сурна, тэндээ л амьдарна гээд кастын систем тогтоно. Одоо улс төр барьж байгаа хүмүүс 45 гаруй настай хүмүүс байна.
Одоо амьдарч байгаа, төрж байгаа хүүхдүүд 20 жилийн дараа кастын системдээ дургүйцээд эднүүсийн толгойг хага цохино шүү дээ. Хашаагаа мянга бариад нэмэргүй, одоо л боловсролдоо анхаарах хэрэгтэй.