Эрт илрүүлэг: Нийт өвчлөлийн 60 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин эзэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрт илрүүлэг: Нийт өвчлөлийн 60 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин эзэлж байна

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллага, 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна гэв.

Эрт илрүүлэгт 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд, насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна. Өвчлөлийн 700881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ онцоллоо.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл санг бий болгов. Мэдээний санд боловсруулалт, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон багийг томилон ажиллуулж байна.

Судалгааны үр дүнгээс дурдвал:

Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн

  • 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай,
  • 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй,
  • 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан,

6-17 насны хүүхдийн

  • 6.5 хувь нь илүүдэл жинтэй,
  • 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар гурван настай гурван хүүхэд тутмын нэгд, таван настай гурван хүүхэд тутмын хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.

Мөн зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт 65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна.

Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна.

Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.

ВИДЕО: “Хот“ нэвтрүүлэг “Чунчин“ хот
ВИДЕО: “Хот“ нэвтрүүлэг “Чунчин“ хот
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.