/2022.03.10/: ОХУ Украинд түрэмгийлсний улмаас үүссэн дэлхийн хүнсний хямрал улам хурцдаж, амин чухал хүнсний хангамжаа хадгалахыг эрмэлзэж буй гол үйлдвэрлэгч орнуудын жагсаалт нэмэгдэв.
Украины мөргөлдөөн нь дэлхийн үр тарианы үйлдвэрлэл, хүнсний тосны нийлүүлэлт, бордооны экспортод заналхийлж, үндсэн түүхий эдийн үнийг огцом өсгөж, эрчим хүчний зах зээлийн хямралд нөлөөлж байна.
Дал модны тос нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг ургамлын тос бөгөөд жигнэмэг, маргарин, угаалгын нунтаг, шоколад зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг. Дал модны тосны үнэ энэ жил 50 гаруй хувиар өссөн байна.
Индонезийн Худалдааны сайд Мухаммад Луфти хэлэхдээ, экспортын хязгаарлалт нь дотооддоо тосны үнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй байлгах зорилготой гэжээ.
Коронавирусын хямралын дараа эдийн засгийн хямралаас гарахыг эрмэлзэх үед хүнсний бүтээгдэхүүний хүртээмжтэй байлгах томоохон сорилттой тулгарсан энэ үед үнийн өсөлт явагдаж байгаа ба дэлхийн хэмжээнд инфляцийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.
Орос, Украин нь хүнсний тосны чухал нийлүүлэгч бөгөөд дэлхийн улаан буудайн экспортын бараг 30 хувийг бүрдүүлдэг байна.
Украин лхагва гарагт арвай, элсэн чихэр, мах зэрэг хөдөө аж ахуйн өргөн хүрээний экспортыг оны эцэс хүртэл экспортлохыг хориглосноо зарлав.
Мөргөлдөөн нь Хар тэнгисийн бүс нутгаас тээвэрлэлтэд саад учруулаад зогсохгүй олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох байгалийн хийн үнэ огцом өссөний хариуд бордооны үнэ өсч, нийлүүлэлт багасч байгаа тул ургац хураалтын хэтийн төлөвийг эрсдэлд оруулж байна.
НҮБ-ын хүнсний агентлагийн мэдээлснээр хоёрдугаар сард дэлхийн хүнсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, өмнөх оны мөн үеэс 20.7%-иар өссөн ба олон зах зээл энэ сард өссөн байна.
Индонезийн мэдэгдлийн дараа Малайзын далдуу модны тосны фьючерс түүхэн дээд хэмжээндээ хүрч, шар буурцгийн тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрсэн ба шар буурцгийн тосны үнэ энэ жил бараг 40 хувиар өссөн байна.
Орос, Украйн хоёр наранцэцгийн тосны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн экспортын бараг 80 хувийг хоёр улс эзэлдэг тул Энэтхэг зэрэг хэрэглэгчид дал модны болон шар буурцагны тос зэрэг өөр бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө улайрч эхэлжээ.
Чикагогийн улаан буудайн фьючерс энэ он гарсаар 60 орчим хувиар өсөж, талх зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг өсгөх аюултай байна.
Украйн болон ОХУ-ын хоёр томоохон экспортлогч компанийг алдсан нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Хятад улсын улаан буудайн ургацын байдал "түүхэн дэх хамгийн муу нөхцөл" байж магадгүй гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв.
АНУ-ын тэгш талын ган гачигт нэрвэгдсэн хэсгүүдэд буудай ургах нөхцөл тааруу байгаа нь тус бүтээгдэхүүний хангамжийг улам бүр чангаруулах хандлагатай байна.
Серби лхагва гарагт үнийн өсөлтийн эсрэг улаан буудай, эрдэнэ шиш, гурил, хүнсний тосны экспортыг пүрэв гарагаас эхлэн хориглох болсноо зарласан бол Унгар улс өнгөрсөн долоо хоногт үр тарианы бүх экспортыг хориглов.
Болгар улс үр тарианы нөөцөө нэмэгдүүлж, төлөвлөсөн худалдан авалтаа хийх хүртэл экспортоо хязгаарлаж магадгүй гэж мэдэгджээ.
Гол экспортлогч Румынд үр тарианы нийлүүлэлт мөн чангарч, олон улсын худалдан авагчид Орос эсвэл Украины нийлүүлэлтээс өөр бүтээгдэхүүн хайж байгаа болохоос тээвэрлэлтийг хязгаарлах төлөвлөгөө байхгүй ажээ.
Байгалийн хийн үнийн өсөлтөөс үүдэн газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэхэд тусалдаг бордооны үйлдвэрлэл хумигдсан тул дэлхийн үр тарианы үйлдвэрлэл мөн буурч магадгүй юм.
Дэлхийн хамгийн том бордоо үйлдвэрлэгчдийн нэг Яра (YAR.OL) лхагва гарагт Итали, Францад аммиак, мочевин олборлолтоо бууруулж байгаагаа мэдэгдэв.
Норвегийн компани өнгөрсөн долоо хоногт мөргөлдөөн дэлхийн хүнсний хангамжид заналхийлж байгааг анхааруулсан.
Украинд хийж буй үйлдлээ түрэмгийлэл гэхээсээ илүү "тусгай ажиллагаа" гэж нэрлээд байгаа Орос улс бордооны гол нийлүүлэгч байсан ч тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам баасан гарагт үйлдвэрлэгчдэд экспортоо түр зогсоохыг зөвлөжээ.
Эх сурвалж: Ройтерс