/2022.02.05/ Орос Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал сая байгуулсан гэрээнд туссангүй. Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн уг асуудлаар 2021 онд хийсэн судалгаанд бодитой дүгнэжээ. Тухайлбал,
1.Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төлөвлөгөө ОХУ, БНХАУ-ын төрийн бодлогод тусгагдаагүй. ОХУ-ын Сибирь дэх байгалийн хийн нөөц, ордуудыг ашиглах, дамжуулах “Дорнын хийн хөтөлбөр” /Восточная газовая программа/-ийн бодлого, төлөвлөгөө 2017 онд батлагдсан. Энэ хүрээнд Зүүн Сибирь, Алс Дорнодын хийн нөөцийг ашиглах, тээвэрлэх, түгээх, ЗХА, БНХАУ-д экспортлох байгалийн хийн ордуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан.
Харин Монголоор дамжуулах хувилбар түүнд тусгагдаагүй.(ДД : дээрх төлөвлөгөөнд батлагдсан Сахалины ордоос хоолой татах тухай шинэ гэрээнд тусгажээ. Шинэ гэрээ 30 жилийн хугацааг хамарч байгаа тул Монголоор дайрах ТЭЗҮ хийгдсэн төсөл цаашид хэрхэх нь тодорхойгүй болов ) Монгол Улсаар дамжих асуудалд БНХАУ өнөөг хүртэл “судлах шаардлагатай” гэдгээс өөр албан ёсны байр суурь илэрхийлээгүй.
БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө (2021-2025 он) болон бусад зарчмын шийдвэрт хийн хоолойн асуудал ерөнхий хэлбэрээр тусаж, Монголын нутгаар дайруулах хувилбар төлөвлөгдөөгүй. ОХУ-БНХАУ-ын хооронд шинэ төслийн талаар тодорхой гэрээ, хэлэлцээр хийгдээгүй байгаа.
2.ОХУ-д өөр хувилбар бас яригдаж байгаа. БНХАУ руу татаад байгаа Сибирийн хүч-1 хоолойн эх үүсвэр болох Чаяндин, Ковыктагийн ордуудын нөөц, хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй болсон хүндрэл гарсан тул Ямалаас хоолой татаж нэмэгдүүлэх шаардлага үүссэн бололтой. Тэгвэл Ямал-Чаяндины ордуудыг шууд холбоод Монголоор дамжуулалгүй цааш Сибирийн хүч-1 хоолойг давхар шугам барьж өргөтгөх боломж байгаа.. (Ройтерс агентлагийн хэвлүүлсэн зурагт Ямал-Ковыкта-Чаяндин-БНХАУ гэж Сибирийн хүч-1 хоолойг Ямалын ордтой нийлүүлэх тухай бас дүрсэлжээ)
Эх сурвалж: Niss.gov.mn