/2021.12.24/ СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль, "Балдорж" сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж буй "Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаан V" шагнал гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.
Уралдаанд нийт 16 бүтээл ирж БНХАУ, Франц улсаас сэтгүүлч, судлаачид оролцсон байна.
Энэ удаагийн шүүмжийн уралдааныг “Ковидын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд зарлаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед сэтгүүл зүйн салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, шинэ боломж, тухайн цаг үеийн бүтээлүүдийн чанар чансааг тодорхойлох зорилго дэвшүүлснээрээ онцлог юм.
Ёслолын ажиллагааг нээж Соёл урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос "Олон нийтийн сэтгэлзүйд манай сэтгүүлчдийн зохиол, бичвэр хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой шүүмж, бүтээлүүд ирнэ гэж бодсон. Энэ ч утгаараа бид "Ковидын үеийн сэтгүүл зүй" сэдвийн дор уралдаанаа зохион байгууллаа. Өмнө нь Ц.Балдоржийн нэрэмжит шилдэг бүтээлүүд дээр дүн шинжилгээ хийдэг байсан бол энэ жил дээрх сэдвийн хүрээнд шүүмж бичихийг судлаачдаасаа хүссэн. Шүүмж судлал аль ч салбарт ус агаар шиг хэрэгтэй зүйл. Харин манайд энэ зүйл их дутагдаж байна. Монголын шүүмж судлал эрүүлээр хөгжиж, гэрэл гэгээ орно гэдэгт итгэлтэй байна. Шүүмж судлал сайн хөгжиж байж Монголын урлаг, соёл зөв голдиролдоо орно" хэмээсэн юм.
Үйл ажиллагааны үеэр Соёл урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогосд Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагнал гардууллаа.
“Ковидын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд дараах дөрвөн бүтээл шилдгээр шалгарчээ. Тодруулбал,
- Тэргүүн байр Судлаач Б.Баярбаясгалан Ковид улстөрөөс ангид хүнлэг сэтгүүл зүйг шаардаж байна.
- Дэд байр СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш Д.Цэнд "Амьдрал үргэлжилсээр"
- Гутгаар байр. Сэтгүүлч Э.Булган "Тахлын үеийн сэтгүүл зүй дөрөв дэх засаглал оношлогдсон нь"
- Тусгай байр. СУИС-ийн РТМУС-ийн сэтгүүлчийн ангийн оюутан Б.Дарьбазар "Өнцгөөс өө хайхуй" бүтээлээрээ шалгарлаа.
Тэргүүн байрт шалгарсан Б.Баярбаясгалан Франц улсаас өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр, "Би МУИС-ийг 2011 онд сэтгүүлч мэргэжлээр төгсөж Монголдоо мэргэжлээрээ ажиллаж байгаад 2015 онд Франц улсад ирсэн. Энэхүү уралдаанд өөрийгөө тэргүүн байранд шалгарсан гэдгийг сонсоод маш их баярласан. Сэтгүүл зүйн шүүмж судлал гэдэг манай салбарын хувьд үргэлж өсөж, хөгжиж байх ёстой маш өвөрмөц төрөл зүйл. Уралдааны сэдвийн хүрээнд хоёр үндсэн асуудлыг хөндөхийг хичээсэн. Сэтгүүлчид цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөг маш торгон мэдрэмжтэйгээр мэдэрч олон нийтэд түгээх нь чухал" гэсэн юм.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдаанд 100 орчим бүтээл иржээ. Уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үйл ажиллагаанд сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн судлаачид болон үе үеийн туршлагатай сэтгүүлчид оролцсон юм.
Энэ удаагийн уралдааны үйл явц, онцлог зүйлсийн талаар СУИС-ийн Урлаг судлал утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D.) дэд профессор П.Батхуяг хэлэхдээ: "Анх сэтгүүлч, судлаач нар маань сэтгүүлзүйн судалгааныхаа бүтээл, нэг хэсгийг шүүмж гэж уралдаанд ирүүлэх тохиолдол их байсан. Харин энэ удаагийн уралдаанд илүү мэргэжлийн, судалгаа, баримттай бүтээлүүд ирсэн нь ажиглагдсан. Энэхүү уралдааныг олон жил зохион байгуулсны үр дүн өнөөдөр гарч байгаад маш их баяртай байна.
Өөр нэг тодотгож хэлэх зүйл гэвэл өмнө нь шүүмжлэгчид маань сэтгүүлчийн бичсэн бичвэрийг зөвхөн тайлбарладаг байсан. Тэдгээр нь хүн бүхний мэдэж байгаа, хэн ч уншаад ойлгочих зүйлс байдаг байв. Харин түрүү жилээс хойш тайлбарлах гэдэг арга барилыг авч хаяж, тухайн бүтээлийг задлан шинжилдэг болсон. Энэ бол яахын аргагүй маш том ахиц дэвшил. Задлан шинжлэх гэдэг бол шүүмж бичлэгийн хамгийн гол тулгуур ойлголт юм" хэмээлээ.
Энэхүү уралдааны эхний гурван байрт шалгарсан бүтээлүүд өдөр тутмын сонинуудад хэвлэгдэх юм.