/2021.11.12/
Б. Төгсбилэгт
Хачирхалтай зохицуулалт бүхий маш том төсөв айсуй. Төсөв жил ирэх бүр тэлж уул уурхайн салбарынхан ч үүрэг хариуцлагаа мэддэг болжээ. Гэхдээ уул уурхайн төсөв ярихаас өмнө нэг чухал сэдвийг хөндөх шаардлагатай. Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо баялгийн санд хуримтлуулж түүгээр нь сэтгэл өег явах өдрүүд өндөрлөж байна. Энэ тухай айсуй оны төсвийн төсөлд “Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг…уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэх” тухай тайлбарлажээ.
Баялгийн сан бол ганц удаа мөнгө болгоод тараах бус, нөхөн сэргээгдэхгүй баялгаас олсон мөнгөөрөө хуримтлал бүрдүүлж, тасралтгүй үржигдэх “мөнгөний машин” бий болгох зориулалттай эд. Тодруулбал, ирэх оны төсвийг дагалдаж буй хуулиуд дунд Ирээдүйн өв сангийн хөрөнгийг халамж болгон тарааж, улайлгах заалт оржээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад ирэх онд манай улсын баялгийн санд 1.5 их наяд орчим төгрөг хуримтлагдаж улмаар тухайн мөнгийг тэр чигт нь хүүхдүүддээ зориулахаар Засгийн газар сэтгэл шулууджээ. Үүнийг одоо УИХ-аар үг дуугүй баталгаажуулах л үлдээд буй юм. Мэдээж цаашид ирэх жилүүдэд энэ явц ном дүрмийн дагуу үргэлжилж “Ирээдүйн өв сан”-д хуримтлах мөнгө шууд халамж болон тарна.
Ингэхдээ дараах тайлбарыг засаг уламжлуулжээ. Ирээдүйн өв сангийн тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын хараа–2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020–2024 зэрэгт “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж айлдсан байдгийг үндэслэжээ.
Өнгөц харахад “хүүхдийн төлөө за” гэж хэлсэн гоё өгүүлбэрүүд уншигдаж байна. Ямар ч байсан хүүхдүүд мөнгөтэй үлдэхэд юу нь буруу байх вэ? 2030 он хүртэл “Ирээдүйн өв сан”-д гар хүрэхгүй гэсэн хуулийн заалтыг зүгээр л найрсгаар түр умартацгаая. Ирээдүйн өв сангийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ирэх оны эхний хагаст хүүхдүүд мөнгөө бэлнээр, хоёрдугаар хагаст талыг нь бэлнээр, үлдсэн талыг бэлэн бусаар буюу нэрийн дансандаа бичүүлээд явах боломж-тулгалтад орох юм. Хүүхдийн мөнгөө бэлнээр авах боломж жил өнгөрөх бүр багасч 2023 онд 40%, 2024 онд 30% руу орно. Ингээд эрх баригчид хүүхдийн мөнгө өгсөн нь үнэн болно гэсэн уриатайгаар ээлжит сонгуультай золгоно. Яг энэ үед Ирээдүйн өв санг жинхэнэ баялгийн сан болгох тухай ойлголт “мартагдсан дууль” болж хоцорно. Монголчууд баялгийн сантай танилцаж чадалгүй, харин улстөрчид баатарлаг дүртэйгээр мишээцгээн гарч ирэх өдрүүд үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Харамсалтай нь энд зөвхөн улстөрчид хожих болно. Учир нь, хүүхдийн мөнгө зүгээр л тухайн хүүхдийн дансанд тоо болон хадгалагдаж, нөгөө талд инфляцид эрчимтэй идүүлэх болно. Банкны хадгаламжийн хүү улам бүр буурч буй энэ үед хүүхдийн мөнгөний урт хугацааны хуримтлалын үнэ цэнэ буурч эхэлнэ. Нөгөөтэйгүүр, “Алсын хараа–2050” маягаар холыг харвал ийм маягийн үнэ цэнэ багатай хуримтлал нь уул уурхайн баялаг ирээдүйд шавхагдаж хумигдах үед зэрэгцэн алга болох тул тухайн үеийн шинэ төрсөн хүүхдүүд нэрийн данстай ч болж чадахгүйд хүрнэ.
Хамгийн гол нь энэ үед бидэнд улстөрчдийн ярьдаг Норвеги шиг сантай болъё гэж мөрөөдөх ч боломжгүй болно. Яг одоо бол бидэнд мөрөөдөх, түүнийгээ хэрэгжүүлэх боломж бий. Норвегийн Баялгийн сангийн тогтолцоо нь өөр зарчимтай. Тухайн сангийн мөнгөний арвижсан дүн буюу зөвхөн хүүнээс хувь хүртээд явдаг тогтолцоотой. Одоо Норвегийн сан нь 1.4 их наяд ам.долларын сан болон арвижиж, Норвегийн эдийн засгийг бараг дөрөв дахин нугалсантай тэнцэхүйц том сан болжээ. Энэ сан бол Норвегийн газрын тосны нөөц шавхагдсаны дараа тасралтгүй ажиллаж, үржиж байх тийм сан. Улстөрчдийн ярьдгаар бид Норвеги лугаа ажиллахын тулд Ирээдүйн өв сангаа улсын эдийн засгийг дөрөв нугалсан 40 тэрбум ам.долларын сан болгохыг зураглах шаардлагатай. Тийм дүр зургийг улстөрчид иргэдэд таниулж, улсын ирээдүйн төлөвийг тодорхой болгож ажиллах учиртай. Ингэж өсгөх нь боломжгүй зүйл биш. Норвегийн сан ч эхэн үедээ тийм ч том байгаагүй.
Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй хольж хутгах зарчим нь Норвегийн сангийн хөрөнгө оргилдоо хүрч байх үед Монголын баялгийн сан ёроолдоо хүрч буурах зөгнөлийг баталгаажуулсантай агаар нэг. Энэ маягаар бол баялаг шавхагдахтай зэрэгцээд сангийн үлдэгдэл ч дуусч хойч үеийнхэнд ямар ч хувь хишиг ногдохгүй.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2020 оны есдүгээр сарын 30-нд зохион байгуулсан “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2020” хуралд эдийн засагч Г.Рагчаасүрэн “Монголын үндэсний баялгийн сангууд ба тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийн урт хугацааны төлөвийг үндэслэн 2040 онд “Ирээдүйн өв сан”-д 24.4 их наяд төгрөг хуримтлагдах таамгийг дэвшүүлсэн. Улмаар 2075 он гэхэд “Ирээдүйн өв сан”-д нийт 231 их наяд төгрөг хуримтлагдана гэж үзэж байгааг илтгэлдээ дурдсан. Тодруулбал, энэ хугацаанд нийт 56 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлогоос, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулалтын өгөөжөөр бүрдүүлэхээр төсөөлсөн байсан. 2017 онд байгуулсан “Ирээдүйн өв сан”-д 2030 он хүртэл Засгийн газар “гар хүрэлгүй” мөнгө хуримтлуулах ёстой бөгөөд түүнээс хойш нийт цэвэр ашгийн 10%-ийг төсөвт шилжүүлэх байдлаар зарцуулах хуулийн зохицуулалттай. Энэ бол манай судлаачдын боломж байгааг харуулсан тооцооллын нэг жишээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуульд баялгийн хувийг өнөө болон хойч үеийнхэнд гэж тусгасан байдаг. Одоогийн хүүхдүүдэд олгож буй мөнгө нь хуулийн заалтын “өнөө үе” гэсэн ангилалд орно. Хойч үе гэдэг нь ирээдүйд шинээр төрөх, магадгүй баялгийн хишгээс хувь хүртэж чадахгүй байж болох хүүхдүүдийг хэлж байгаа юм. Чухам иймийн тулд баялгийн сан байгуулдаг.
Улс төрийн нам нь шууд утгаараа төрийн эрх мэдлийг гартаа авахын төлөөх байгууллага юм. Энэ онолын дагуу улс төрийн аливаа хүчин баялгийн санг зөвхөн төрийн эрхийг гартаа үргэлжлүүлэн байлгах зэвсэг болгож буй нь одоо илүү тодорхой болж ирлээ. Улс төрийн нам хожиж, Монгол хохирч байна гэсэн үг. Тэгэхдээ энэ явц хүүхдийн мөнгөний нэрийдлээр огтхон ч муухай харагдахгүй бөгөөд угаас баялгийн сантай байж үзээгүйн хувьд бид бодит боломжийг хэзээ ч мэдрэхгүй өнгөрнө.
2010 онд Хүний хөгжил санг Норвегийн сан шиг хөгжүүлэхээр байгуулсан ч эцэстээ халамжийн машин болж өр үйлдвэрлэгч сан болон хувирсан. Улмаар Ирээдүйн өв сангийн хуулийг 2016 онд баталж тус санг татан буулгасан. Шинэ сан нь Хүний хөгжил сангийн 1.1 их наяд төгрөгийн өрийг “өвлөн” авч 2019 онд бүрэн дарж, хуримтлал бүрдүүлэх замдаа орсон. Энэ нь жинхэнэ баялгийн сан болох эхний суурь тавигдсан гэсэн үг. Харин одоо бол Ирээдүйн өв сан Хүний хөгжил сангийн хувь заяаг давтах суурь нөхцөл 2022 оны төсөвт дагалдсан хуулиар бүрдэж байна. Үндэсний аудитын газар нүүрсний экспортын болзошгүй хүндрэлээс үүдэн ирэх оны төсөвт тусгасан Ирээдүйн өв сангийн хуримтлал гүйцэд бүрэлдэхгүй байж мэдэхийг ч анхааруулжээ. Засаг хүүхдийн мөнгөний зарим хэсгийг бэлнээр олгохгүй тул уг анхааруулгад сэтгэл зовох шаардлагагүй.
Тодруулбал, улс хүүхэд бүрт 100 мянган төгрөг тарааж буй нь сайн хэрэг ч үүний 25%-ийг бэлнээр өгөлгүйгээр нэрийн дансанд нь “цоожилно”. Дараагийн жилүүдэд “түгжих” мөнгөний хэмжээ огцом нэмэгдэж 60-70%-д хүрнэ. Үүний учир шалтгааныг засаг хүүхдүүдэд хуримтлал бүрдүүлэхийг дадуулах сайн талтай гэж учирлажээ. Гэвч энэ явцад улс өөрөө хуримтлалтай байхын эсрэг арга барилаар ажиллаж байна. Хэрэвзээ улс хуримтлалтай болж, түүнийгээ үржүүлээд эхэлбэл айл өрхүүдэд энэ нь сайн үлгэр дууриалал үзүүлэх хамгийн сайн PR болох байсан.
Ирээдүйн өв санг цар тахлаар далимдуулж нэгмөсөн булшлахгүйн тулд Засгийн газар Ирээдүйн өв сангаас авсан мөнгийг хүүтэй нь буцааж төлөх үүрэг амлалтыг авах учиртай. Ингэсэн тохиолдолд Ирээдүйн өв санг аврах юм. Энэ аврах ажиллагаа нь ирээдүй хойч үед баялгийн тэгш хуваарилалтын “даатгал” болох үүднээсээ ихээхэн чухал. Нөгөө талаас тус сан хөрөнгө оруулалтын корпорацийн зарчмаар ажиллаж эхлэх үед хөрөнгө оруулалтын бэлэн нөөцтэй ажилдаа орох нь зүйн хэрэг.
Аливаа баялгийн сангийн нөөц нь тухайн орны эдийн засгийн баталгааг харуулж өгдөг сайн талтай. Жишээ нь, Зүүн Тимор гээд харьцангуй жижиг эдийн засагтай улс бий. Энэ орны дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.8 тэрбум ам.доллараар илэрхийлэгддэг. Гэхдээ тус улсын баялгийн сан буюу Газрын тосны сангийн хөрөнгө нь жил бүр үржсээр эдүгээ 19.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Монголын тогтвортой хөгжлийн ирээдүй бол яах аргагүй баялгийн сангийн хөгжүүлэлт болох нь харагдаж байна.
Ирэх онд Ирээдүйн өв санд 1,462 тэрбум төгрөг хуримтлахаар 2022 оны төсвийн төсөлд тусгасан. Үүний 1,057.2 тэрбум нь зэс, нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 404.5 тэрбум төгрөг нь төрийн өмчийн компаниудын ногдол ашгаас бүрдэхээс төсөөлжээ. Үүний 1.1 их наяд орчим төгрөгийг хүүхдүүдэд бэлнээр, 365.4 тэрбум төгрөгийг нэрийн дансанд нь хуваарилах юм. Төсвийн тогтворжуулалтын санд ирэх онд 643.4 тэрбум төгрөг орж, түүнийг нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах (үүний 381.3 тэрбум төгрөг нь зэсээс, 262.1 тэрбум нь нүүрснээс) төлөвлөгөөтэй. Гэхдээ манай улсын хувьд жинхэнэ баялгийн сангийн зарчмаар байгуулсан хувилбар нь Ирээдүйн өв сан юм.
Эндээс цар тахлын онцгой хүнд үед хүүхдэд олгох мөнгийг Ирээдүйн өв сангаас тараалт хийж буй нэг удаагийн үйлдэл гэсэн тайвшрал төрж болно. Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ирээдүйн өв сангийн төсөв” гэсэн нэр томъёо орж ирсэн. Энэ нь тухайн жилийн хүүхдийн хуримтлалд тус сангаас гаргах мөнгийг хэлж байна. Иймд цаашид олон жилийн хугацаанд хүүхдийн мөнгө олголтыг тус сан хариуцаж, улмаар түүхий эдийн ханшийн бууралт тохиовол, магадгүй Хүний хөгжил сантай адилаар өрөнд ч унаж мэдэх байдал үүсч болзошгүй юм. Түүхий эдийн ханшийн оргил үе яг одоо тохиолдож буй бөгөөд цаашид илүү өсөх эсэхийг таамаглах боломжгүй.
Засаг томоохон зээлүүдэд өрийн баталгаа гаргана
Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн тавдугаар сард баталсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл ёсоор бол энэ оныхоос буурах төсөөлөлтэй байсан. Гэхдээ уламжлал ёсоор ийм зүйл болсонгүй. Тодруулбал, 2021 оны тавдугаар сард баталсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оны төсвийн орлогыг 13 их наяд төгрөгөөр, зарлагын дээд хязгаарыг 15 их наяд төгрөгөөр тэмдэглэсэн байсан. Энэ тоо одоо даруй 2.65-3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар 2022 оны төсвийн төсөлд орж ирсэн. Ингээд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг ч тэр дагуу өөрчилнө. Өөрөөр хэлбэл, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг урьд хожид байгаагүй өндөр буюу 15.8 их наяд, төсвийн зарлагыг даруй 18.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ. Ирэх оны төсвийн алдагдал 2.4 их наяд орчим төгрөг байгаа нь ДНБ-ий 5.1%-тай тэнцэж төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Үүний 1.4 их наяд төгрөг нь эх үүсвэртэй алдагдал бол үлдсэнийг Тогтворжуулалтын санд хуримтлагдах 643.4 тэрбум төгрөг, төсвийн дэмжлэг 293 тэрбум төгрөг болон Засгийн газрын дотоод бонд гаргах замаар санхүүжүүлнэ.
Засгийн газар ийн өргөн барьсныг одоо УИХ тэгсгээд батлах үүрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталснаас хойших хугацаанд 2015 оны төсвийн тухай хуулиас бусад тохиолдолд жилийн төсвийн төслийг төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх бус эсрэгээр төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн жилийн төсөвтөө тааруулан өөрчилж ирснийг Үндэсний аудитын газар учирлажээ.
Одоо төсвийн уул уурхайтай холбоотой үндсэн үзүүлэлт рүү оръё. Ирэх онд Монгол Улс уул уурхайгаас нийтдээ 4.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан нь 2021 оныхоос даруй 900 орчим тэрбум төгрөгөөр ахиу байна. Уул уурхай ирэх онд нийт төсвийн орлогын 26 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Нэгэнт зарлагаа нэмэгдүүлсэн төсөв орлогын боломжийг тултал нь төсөвт тусгах ёстой болж таарна. Ингэхдээ төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэл, гадаад худалдааг хөнгөвчилж хил нэвтрэлтийг сайжруулах, цахим системээр татварын суурийг өргөжүүлэх гээд төсвийн орлогыг нэмэгдүүлэхэр гол найдварыг томъёолсон.
Нүүрсний экспорт ирэх онд 36.7 сая тонн байхаар төлөвлөсөн. Нүүрсний чингэлэг тээврийн тогтолцоо болон хилийн боомтын шинэчлэлээр хил нэвтрэлтийг сайжруулснаар нүүрсний экспортын жин өсөх гол баталгаа болох юм. Гэхдээ ирэх онд нүүрсний үнэ буурахаар байгааг Үндэсний аудитын газар анхааруулсан. 2019 онд манай улсын нүүрсний экспорт 36.5 сая тоннд хүрч оргил түвшинг тогтоосон бол 2022 онд зорилт биелбэл шинэ дээд амжилтаар тэмдэглэгдэнэ. Харин энэ онд манай улсын нүүрсний экспорт 16 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь хэмжээний хувьд ихээхэн буурах боловч орлогын дүнгээр 2020 оны хоёр тэрбум долларын дүнтэй дүйх төлөвтэй байгаа юм. Хэрэв 2022 онд цар тахлыг намжааж, хил нэвтрэлтийг сайжруулж гэмээнэ нүүрсний экспортын төлөвлөгөө биелбэл манай улс дор хаяж 3 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлэх боломжтой.
Харин Оюутолгойн борлуулалтын орлого ирэх онд буурах дүр зураг гарсан. Энэ онд тус компанийн борлуулалтын орлого 2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй бол ирэх онд уурхайн хүдрийн алтны агуулга буурахтай холбоотойгоор 1.45 тэрбум ам.доллартай тэнцэх тухай S&P Global Market Intelligence байгууллагаас таамаглажээ.
2022 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 31.4 тэрбум төгрөгийг, газрын тосны орлогоос 277.5 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгаад байна. Харин геологи хайгуул, судалгааны зардалд төсвөөс 32.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Эндээс харахад ирэх оны төсвийг өнгөрсөн тавдугаар сард 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд “зураглаж” байсантай харьцуулахад хавьгүй томруулан оруулж ирсэн нь ойлгогдоно. Ганцхан орлого, зарлагыг нэмэгдүүлээд зогсохгүй өрийн түвшин ч амаргүй болсныг харж болно. Үр дүнд нь Засгийн газрын өрийн хэмжээ (өнөөгийн цэвэр үнэ цэнээр) 4.4 их наяд төгрөгөөр нэмэх байдлаар төсвийн төсөлд оруулж ирсэн байна. Засгийн газрын өрийн хувьд ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 59.2%-д хүрэх гайгүй сайхан дүр зураг төсвийн хүрээний мэдэгдэлд зурайж байсан бол одоо харин ДНБ-ий даруй 67.2%-тай тэнцэхээр байна. Улмаар Засгийн өр 2023 онд ДНБ-ий 62.9%, 2024 онд 59.4% болж буурах төсөөллийг гаргажээ. Ийнхүү нэмэгдүүлж тогтоосон нь томоохон төслүүдийн зээл дээр Засгийн газрын баталгаа гаргах тохиолдлыг тооцсонтой голлон холбоотой. Ирэх онд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон баталгааны дээд хэмжээ 5.85 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Үндэсний аудитын газрын мэдээлснээр, ирэх онд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 3099.6 тэрбум төгрөг, зээлийн хүүнд 959.3 тэрбум төгрөг буюу нийт 4058.9 тэрбум төгрөг төлөх зураглалтай байна. Энэ нь төсвийн нийт орлого (ба тусламжийн) 25.7%-тай тэнцэх дүн юм.
Ирэх 2022-2023 онд Засгийн газрын Чингис бондын үлдэгдэл 140 сая ам.доллар, Гэрэгэ бондын үлдэгдэл 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, Самурай бондын 300 сая ам.доллар, Төв банкны своп хэлцэл гээд томоохон төлөлтүүд хүлээгдэж байна. Эдгээр төлөлтийг дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн тухай Монголбанк мэдээлсэн. Сангийн яам ирэх онд төлөгдөх гадаад өрийг зохицуулах хүрээнд 500 сая ам.долларын бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх, 136.8 сая ам.долларыг төсвөөс төлөхөөр ажиллаж буйгаа мэдээлжээ.
Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, газрын тосны төсөл, улсын чанартай томоохон төмөр зам, автозамын болон дэд бүтцийн бусад төслийг хэрэгжүүлэхээр тооцсон байна. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлнэ. 2022 оны нэгэн гол үйл явдал бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах ажил. Түүнчлэн Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр замын ажлыг төр-хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтааж эхлүүлэх тухай Ерөнхий сайд мэдэгдсэн.
Ерөнхийдөө ирэх онд нөхцөл байдал сэргэх талдаа орох хэдий ч эдийн засгийн идэвхжлийг дагаад төгрөгийн ханшид дарамт учирч болзошгүй. Учир нь, хил нээгдэж импорт өсч, валютын эрэлт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм. Энэ нь эргээд Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй болохыг Үндэсний аудитын газар анхааруулжээ. Инфляц ч мөн төсөвт дарамт учруулж болзошгүй байгаа юм. Хэдийгээр Төв банкнаас дунд хугацаанд инфляцийг 4-8%-д барих бодлого баримталж байгаа ч цар тахлын нөхцөлд дэлхий даяар инфляц өссөн. Хэрэв дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн хямрал арилахгүй үргэлжилбэл инфляци зорилтот түвшнээс өсөх эрсдэлтэй.
Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өсөлттэй гарч байгаад экспортын эрдэс түүхий эдийн үнэ 20-30%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний аудитын газар тодотгосон байна. Иймд манай улсын ирэх оны өсөлтөд түүхий эдийн үнийн хэлбэлзэл, халдварыг бууруулах хоёр сорилт гол асуудал болж таарч байна.
Ерөнхий сайд ирэх оны төсвийг гурван онцлогтой гэж тодотгоод, нэгд, эдийн засгийг тэлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төсөв, хоёрт, дундаж ангийг дэмжих, гуравт, хотын автозамын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөв гэж тайлбарласан. Ирэх оны төсвийг өргөн барьснаар эдийн засагт үүр хаяарч эхэлснийг ч тэрбээр онцолсон. Эдийн засагчид харин цар тахлын тархалт ирэх онд бүрэн хумигдах эсэхэд эргэлзэж байгаа юм. Энэ нь ирэх онд ч шинэ хэвийн байдал бүрдэж амжихгүй байж мэдэхийг сануулсан хэрэг.