Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон "Таван толгой түлш" ХХК-иас угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлтийг танилцууллаа.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Пүрэвсүрэн:
Энэ жилээс эхлээд хэрхэн түлшээ түлэх, угаар мэдрэгчээ хэрхэн ажиллуулах зэрэг мэдээлэл сайн болсон. Өнгөрсөн жилийн угаарын эрсдэл нь хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болсон байна. Угаар нь үнэргүй, амтагддаггүй, нүдэнд харагдахгүйгээр хүний амь насанд эрсдэл учруулдаг.
Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, яндангаа хөөлөх бололцоогүй 10 мянган өрхийн янданг хөөлж өгч байна.
Айл өрхөд угаарын эрсдэл үүсэхэд Таван толгой түлш компанийн угаарын төв дээр дохио ирдэг болсон. Улмаар угаарын төвийн ажилтан тухайн айлтай холбогдож байдал ямар байгааг тодруулж, арга хэмжээ авдаг.
Угаарын эрсдэлд өртсөн айлууд дийлэнхдээ шинээр нүүж ирээд угаарын төхөөрөмжөө аваагүй, сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл аваагүй зэрэг айл өрх байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газарт өнгөрсөн аравдугаар сард 430 угаарын дуудлага ирсэн. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 283 дуудлагаар бага байна.
2019-2020 оны галлагааны улиралд нийт 2970 угаартсан иргэн бүртгэгдсэн бол
2020-2021 оны галлагааны улиралд гурав дахин буурч 700 болсон.
ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа н.Алтанзул:
Эмзэг бүлгийн 63 мянган айлыг сонгож хяналтанд авсан. Хур тунадас орсон үед сайжруулсан түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээдэг нь угаартах үндэслэл болдог.
Пийшин, зуухны битүүмжийг сайтар шалгахгүй байна. Угаар мэдрэгчийн зай нь дууссан байхад ажиллахгүй байна гэх нь элбэг байна.
Таван толгой түлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга н.Буянжаргал:
187 мянга гаруй айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байна. Өвлийн улиралд яндангийн сойлтыг хаадаг байдлаас болж угаартах үзэгдэл гарч байна. Сайжруулсан түлш нь гэр, байшинг хангалттай сайн дулаацуулдаг. Иргэд дулаанаа удаан барина гэж бодоод сойлтоо хаадаг.
Яндангаа хөөлье аяны хүрээнд 6 мянга гаруй айлын янданг хөөлсөн. 7011-9400 дугаарт нийт 7 мянга гаруй дуудлага ирсэн. 1 мянган айлын дуудлагад үйлчлээгүй шалтгаан нь иргэд хангалттай яндангаа хөөлөх боломжтой, насанд хүрсэн хүнтэй байсан.
Угаарын хийн мэдрэгчийг байнга ажиллуулах шаардлагатай. Зай, батерейг нь дууссан эсэхийг сайтар шалгана уу.
- Худал дуудлага -
Угаартсан гэх худал дуудлага өгч яндангаа хөөлүүлэх гэж оролдож байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна.
Даралт нь ихэссэн хүн яаралтай түргэн тусламж дуудахын оронд манайд мөн хандаж байна. Цаашдаа ийм байдлаар худал дуудлага өгөхгүй байна уу гэв.