/2021.11.2/ Яг одоо Төрийн ордонд Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болж байна.
Хуралдаанаар хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх эрх чөлөөний талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ 2021 онд нийт 189 жагсаал болж, 9 удаагийн өлсгөлөн зарласан байна. Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүд тус хуралдаанд сууж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Манай улс олон улсын хүний эрхийн олон гэрээнд нэгдсэн. Энэ гэрээний үүргийн биелэлт ямар байна вэ гэдгийг НҮБ-аас байнга асуудаг. Биелэлт хангалтгүй. Хүний эрхийг 75-р асуудал гэж манайхан боддог. Бусад улс орнуудын хувьд Хүний эрхийн Үндэсний комисс нь дээгүүр яригддаг шүү. Бид энэ асуудлыг үл тоодгийг одоо болимоор байна. Жагсаал цуглаан хийхийн тулд төрд мэдэгдэж яах гээд байгаа юм. Жагсаад үзэл бодлоо илэрхийлж л байг л дээ. Энэ журмыг өөрчлөх хэрэгтэй.
Би хууль, хүчний байгууллагууд руу хүний эрхийн биелэлтийг асууж албан бичиг илгээхээр тоохгүй юм. Яагаад байна вэ? Энийгээ болиоч. Сүүлийн үед ер нь манай улсад ардчиллаас ухарсан зарим сонин зүйл ярих гээд байх болсон шүү. Анзаарахад эргээд социалист орон гэдэг рүүгээ явах гээд байгаа юм уу? Ардчилсан улс гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.
ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа:
-Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Бид маш олон хууль хөтөлбөрүүдийг баталсан. Гэвч цаад амин санаа нь байдаггүй. Хэрэгжүүлэлтийн процесс, горим нь дутмаг байгаа учир бид өнөөдөр эрх чөлөөний баахан амлалттай, олигтой хэрэгжилтгүй ингээд сууж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Дабль стандарт буюу иргэдэд хууль дүрэм чинь өөрөөр үйлчлээд байгаад иргэд бухимдаад байгаа юм шүү дээ. УИХ-ын гишүүд дотроо хүртэл ялгамжтай ханддаг. Энэ ялгаварлан гадуурхалтаа л больчих. Хүний эрхийн Үндэсний комиссыг би сайн ажиллаж байгаа гэж боддог. Мөн мөрдөн шалгах нэрийдлээр төр өөрөө өс хонзон санаж, залхаан цээрлүүлдэг байдлаа зогсоо л доо.
ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:
-Мэдээлэл байхгүй, мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлмээр байна буюу яагаад Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хоёр хүнийг ямар үндэслэлээр хорьчихов оо гэдгийг иргэд шаардсан. Энийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй, тодорхой тайлбарлаагүй. Энийгээ тодорхой тайлбарлахгүй учир хууль хяналтын байгууллага хүний эрхийг зөрчөөд байгаа хэрэг болчихож байгаа юм. Дабль стандарт гэдэг дээр төр, хуулийн байгууллага тэгш эрхтэйгээр хууль дүрмийг мөрдүүлэх ёстой. Өнөөдөр хүртэл хорих ангид өлсгөлөн зарлачихсан хүн ч байна. Энэ дээр Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байна. Өлсгөлөн зарлах, зогсоох журмыг мөн шинэчилмээр байгаа. Тэгэхгүй бол хүний эрхийг хязгаарлах бүдүүлэг алхам руу орж болзошгүй. Хүний эрхийн Үндэсний комисс энэ асуудалд анхаарч, ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:
-Цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэдийн эрх чөлөөг хааж боож, ялгавартай хандсан зүйл байхгүй. Оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журмыг сахих чиглэлээр л ажиллаж байгаа. Харин цагдаагийн байгууллагын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хууль бус алхам хийсэн зүйл л гарсан. Энэ дээр бид дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Ковидын үед цагдан хорьлоо гэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Манай улсад жагсаал цуглаан байгуулах тоо багадаагүй. Энэ онд 200 гаруй жагсаал цуглаан болсон. Эндээс харахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай байгаа юм байна гэж бодож байна. Жагсаал цуглаануудын дийлэнх олонхыг улстөрийн намууд, улстөрийн намтай хамаарал бүхий улстөрчид зохион байгуулдаг. Өөрсдөө зохион байгуулж ард нь суучихаад, хэрэг дээрээ туг нь болсон нэг хоёр хүн буруутан нь болдог. Шаардлага тавьсан цагдаагийнхан буруутдаг. Цагдаагийнхан хуулиа зөрчвөл хариуцлага хүлээх нь тодорхой байгаа шүү дээ. Харин Хүний эрхийн үндэсний комиссын дурьдаж байгаагаар хууль зүйн туслалцаа авах боломж бага байгаа бол түүнийг засаж ажиллах нь зөв байх. Харин би бол жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо бичих эрхгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хангалттай байна гэж бодож байна. Төрийн байгууллагууд өөрсдөө хандлагаа өөрчил, жирийн иргэдийг битгий хохироо, ажлаа хийж байгаа хууль ёсны байгууллагуудыг битгий хутгалдуулаад, төрийн байгууллага иргэдийг хооронд нь хагаралдуулаад байгаа нь улстөрчид гэж бодож байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-Тайван жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хязгаарлагдмал байна гэж дүгнэж байна. Нэг талаас цагдаа, нөгөө талаас жагсагчийн хувь хүн рүү нь орж мэдээсэй гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Сэтгүүлчдийн биед халдах явдал ихээр гарч байна. Мөн зарим объектод сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй мөртлөө бусад хүнийг оруулаад байдаг. Дабль стандарт энэ биш үү? Сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халдаж байна гэдэг чинь Эрүүгийн хуульд заасан заалттай, олон нийтийн мэдэх эрхэд халдаж байгаа асуудал шүү.
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:
-Э.Одбаяр нь хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэгт холбогдсон.
Эмнести энтернэшнл Б.Энхтуяа:
-2020 оны хоёрдугаар сараас эхлээд жагсаал цуглаануудад ажиглалт хийж урьдчилсан дүгнэлтийг 7 дугаар сард гаргаж, холбогдох хуулийн байгууллагуудад танилцуулаад явж байгаа. Саяхан манай байгууллагын мэдэгдэл мөн гарсан. Манай байгууллагаас дэлхийн 63 оронд цар тахлын үед хариу арга хэмжээ авч байгаа үйлдэл нь хүний эрхэд хэр нөлөөлж байгааг судалж байгаа. Хэдэн зүйлийг онцолъё. УИХ-аас жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг мэднэ. Энд гамшгийн нөхцөлд жагсаал хийхийг хориглосон байдаг. Гэтэл ковидынх шиг урт хугацаанд үргэлжилсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудал байна. Жагсаал цуглаан хийхээр хүсэлт гаргасан бол түүнд татгалзахгүйгээр бүртгэж авах ёстой. Гэтэл түүнд хязгаарлалт тавьж байгаа олон тохиолдол бий. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс төрийн захиргааны ажилтнуудад хүний эрхийн сургалт чухал байна.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:
-Сэтгүүлчидтэй холбоотой асуудал хэд хэд гарсан. Хүний эрхийн комиссоос тухайн асуудлуудтай холбоотой дүгнэлтүүдийг тухай бүрт нь гаргаж явсан. Манайх дотооддоо мөн аудит хийж шалгасан зүйлс байгаа. Энэ бүх дүгнэлтийг нэгтгээд Мөнхцэцэг гишүүн таны нэр дээр хүргүүлье.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Хэн нэгэн сэтгүүлчийг гэж би асуугаагүй. Жагсаал цуглаан хийж байгаа үед сэтгүүлчийн сурвалжлах үйл явцад халдах ёсгүй. Энэ зөрчлийг бүрэн арилгах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Гишүүн Ц.Мөнхцэцэг иргэн Э.Одбаярыг ямар хэргээр шалгагдаж байгаа вэ гэж асуутал нууц тул хариулахгүй гэнэ ээ. Цагдан хорих дөрвөн үндэслэлийн алинаар нь үндэслэж цагдан хорьсон бэ л гэж асуусан. Тухайн гэмт хэргийн дотор руу орсон асуудалгүй, энд нууцлаад байх юм байхгүй. Ямар зүйл анги юм бэ, дахиад асууя. Прокурор болон цагдаагаас дахиад асууя. Нууц гэж үзэж байгаа бол тэр хуулиа аваад ир. Дахин гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаа тайлбарласан. Шинэ хуульд энийг байхгүй болгож, хуулиар халсан шүү дээ. Хүчингүй болсон хуулийн үндэслэлээр хорьчихсон юм уу?
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:
-Би нууц гээгүй шүү. Иргэн О-г шүүхийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 14.9-ийн 1-ийн 4 дүгээр заалтыг хэрэгжүүлсэн.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:
-Албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотойгоор хүч хэрэглэсэн буюу 14.9-ийн 1-ийн 4 дүгээр заалтаар санал хүргүүлсэн.
Хуралдаан үргэлжилж байна.