/2022.11.07/: Катарт зуны улиралд тэсэхийн аргагүй халуун байдаг тул Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Ердөө хэдхэн өдрийн дараа болох Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж сонирхох хүмүүст зориулан "Хийж болох, болохгүй зүйлс"-ийн талаар хэвлэлийн хурал хийж танилцуулсан юм.
Та ҮЗЭХ ГЭЖ БАЙНА УУ?
Удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь лалын шашинт улс буюу Арабын орнуудад анх удаа зохиогдох гэж байна.
Зохион байгуулж буй улс болох Катар улс нь дэлхийн өнцөг булан бүрээс 1.5 сая орчим жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа нь тус улсын хүн амын талтай тэнцэж байгаа аж.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртож буй энэ үед Катарт суугаа АНУ-ын Элчин сайд Тимми Дэвис мягмар гарагт Катарын орон нутгийн эрх баригчдад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зочдод "Аливаад хүлээцтэй хандахыг" уриалсан юм.
Катар бол хаант засаглалтай Персийн буланд байрладаг Арабын лалын шашинтай жижиг улс юм. Тус улсыг Аль Тани-ын гэр бүл 100 гаруй жил удирдаж байна. Хүн амын дийлэнх хувийг гадаадын иргэд эзэлдэг бол Катарын уугуул иргэд нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна.
Катар бол дэлхийн хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог. Тус улсын хууль тогтоомжийн гол эх сурвалж нь Шариат буюу Исламын хууль бөгөөд барууны нийтлэг эрх зүйн тогтолцооноос олон талаараа ялгаатай.
Катарчуудын дийлэнх нь ДАШТ-ийг зохион байгуулсан Ойрхи Дорнодын анхны улс болж байгаагаараа бахархаж, сэтгэл догдолж байгаа аж.
"Катар бол харьцангуй хуучинсаг үзэлтэй улс хэдий ч маш найрсаг улс" гэж Дохад ажиллаж байгаа Канадын иргэн Самира Букрух хэлсэн юм.
Тэрээр, "Дэлхийн цомын хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сайхан мөчүүдийн нэгийг үзэж, Арабын жинхэнэ соёлыг дагаж мөрдөхдөө бэлэн байх ёстой" гэж The Media Line-д ярьжээ.
Гадаадын иргэд Катарт айлчлахдаа анхаарах ёстой зарим зүйлсээс дурьдвал:
Катар 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагааны менежер, ФИФА Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний магадлан итгэмжлэлийн газрын менежер асан Мазин Яхья жуулчдад хийж болох болон болохгүй зүйлсийн заримыг жагсаажээ.
- "Танихгүй эмэгтэйд хэзээ ч бүү гар хүр, энэ нь таныг шоронд хоригдох, их хэмжээний мөнгөн торгууль төлөхөд хүргэж болзошгүй".
- Цагдаа, цэргийн байгууламжийн зургийг бүү ав
- Жуулчид хайр сэтгэлээ олон нийтэд харуулахаас зайлсхийх хэрэгтэй. Олон нийтийн газар гар барихыг хүлцэн тэвчдэг ч үүнээс цаашлах хэрэггүй.
- Исламын шашны хуулиар согтууруулах ундааг Катар руу оруулахыг хориглодог
Согтууруулах ундаа нь Катарын соёлын нэг хэсэг биш бөгөөд супермаркетуудад зарагддаггүй. Гэхдээ тусгай зөвшөөрөлтэй ресторан болон зочид буудлууд байдаг.
Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тусгай зориулалтын газруудад согтууруулах ундаа хэрэглэх боломжтой байдлаар зохицуулсан аж. Хөлбөмбөгийн фэнүүд цэнгэлдэх хүрээлэнгийн дотор биш харин цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн хэд хэдэн далайн эргийн клуб, ТҮЦ-ээс шар айраг худалдаж авах боломжтой ажээ.
Зориулалтын газраас гадуур архи уухыг хориглодог бөгөөд Катар улсад архи уух хууль ёсны нас нь 21 байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Жуулчид лалын сүм эсвэл Катарын чуулган гэж нэрлэгддэг зочны өрөөнд орохдоо гутлаа тайлах хэрэгтэй.
- Катарчууд хоёр эрэгтэй хүн хоорондоо гар барин мэндчилдэг бол эсрэг хүйстэнтэйгээ гар хүрэхгүйгээр мэндчилдэг.
- Катар бол исламын шашинтай консерватив нийгэм юм. Тиймээс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай олон нийтийн газар даруухан хувцасласан нь дээр. Эмэгтэйчүүд олон нийтийн газар үсээ боохгүй байж болох ч сүмд зочлохдоо боож, алчуур нөмөрнө.
- Тоглолтод оролцож буй хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд цамцаа тайлахыг зөвшөөрөхгүй
- Худалдаачдын хэлсэн эхний мөнгийг бүү төл. Тохиролцох байдлаар худалдаа наймаа хийгээрэй.
- Хэн нэгний гэр бүлийн эмэгтэй гишүүдийн талаар хувийн асуулт асуухаас зайлсхийх, тэдний эд хөрөнгийг биширч байгаагаа илэрхийлэхээс зайлсхийх.
- Ресторанд хооллохдоо "Та зөөгчийг долоовор хуруугаараа биш харин алгаа ашиглан дуудаж болно"
Катар бол маш сайн хоолтой бөгөөд орон нутгийн хоолноос гадна Энэтхэгийн олон иргэд амьдардаг тул Энэтхэгийн хоол маш их байдаг.
Долоо хоногийн эхний өдөр нь ням гараг, амралтын өдөр нь баасан, бямба гариг, ариун өдөр нь баасан гараг тул банк болон бусад үйлчилгээний газрууд амарна гэдгийг анхаарах хэрэгтэй талаар тус жагсаалт өндөрлөж байна.
Эх сурвалж: Themedialine