/2022.11.07/: Хамгийн сүүлийн үеийн iPhone 14 Pro эсвэл iPhone Pro Max загваруудыг худалдаж авахаар гар тань загатнаж байна уу?
Тэгвэл Apple компани шинэ бүтээгдэхүүнээ хүлээн авахын тулд илүү удаан хүлээх хэрэгтэй гэж мэдэгджээ.
Технологийн аварга компанийн Хятад дахь угсрах үйлдвэр маш бага хүчин чадлаар ажиллаж байгаагаа зарлав.
"Бид нийлүүлэлтийн сүлжээн дэх ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна" гэж саяхан шинэ загвараа танилцуулж худалдаанд гаргасан Apple-ийн мэдэгдэлд дурджээ.
Тус мэдэгдэлд "Бидний шинээр гаргасан iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загварууд эрэлт ихтэй байгаа. Гэсэн хэдий ч шинэ загваруудын нийлүүлэлт бидний төсөөлж байснаас бага байх төлөвтэй байгаа бөгөөд хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн авахын тулд илүү удаан хүлээх шаардлагатай болсон" гэжээ.
Вирусын тархалтыг зогсоохыг оролдож буй Хятадын ковидгүй болох бодлого нь эдийн засгийн хувьд асар их хохирлыг авчирж байна. Гэвч тус улсын удирдагч Ши Жиньпин өөрөө уг бодлогыг дэмжиж байгаа бөгөөд энэ бодлогыг зөөлрүүлэх ямар ч найдлага одоогоор байхгүй байна.
Даваа гарагийн орой гарах худалдааны түвшин болон гадаад валютын мэдээлэл нь Хятадын Ковидийн хөл хорио, удаан хугацааны үл хөдлөх хөрөнгийн уналт, дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлээс үүдэлтэй сорилтуудыг хэрхэн даван туулж байгааг илтгэх бололтой.
Хятадын 3-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээллээс харахад засгийн газрын хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засаг нь хүлээгдэж байснаас хурдан 3.9 хувьд хүрч сэргэсэн байна.
Тус улсад ням гарагт 5,643 шинэ Ковид халдвар бүртгэгдсэн нь сүүлийн зургаан сарын хугацаанд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Foxconn үйлдвэр байрладаг Жэнжоу хот нь Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн төв бөгөөд 10 сая орчим хүн амтай бөгөөд даваа гарагт 3,683 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ.
Үйлдвэр дотроос ч тохиолдлууд илэрсэн тул хөл хорионд орохыг хүсээгүй ажилчид ажлын байрнаасаа зугтаж байжээ.
Дэлхийн хамгийн том гэрээт электрон бараа үйлдвэрлэгч Foxconn компани Хятадын Ковидгүй болох арга хэмжээний улмаас дөрөвдүгээр улирлын төлөвлөгөөгөө бууруулжээ. Дөрөвдүгээр улирал нь технологийн компанийн хувьд ихэвчлэн хамгийн ачаалалтай үе байдаг.
Эх сурвалж: ВВС