/2022.11.07/: Танзанийн зорчигч тээврийн онгоц нуурын эргийн Букоба хотод газардах гэж байгаад Виктория нууранд осолдосноос 19 хүн амь үрэгджээ.
Онгоцонд байсан 43 хүнээс 24 нь амьд үлдсэн гэж Precision Air компанийн төлөөлөгч мэдээлэв. Осол болсны дараа нисгэгчид амьп байсан бөгөөд, орон нутгийн албаны хүмүүстэй бүхээгээс холбогдон тусламж дуудаж чадсан ч үйл явдлаас хойш тэднийг нас барсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
Онгоц Букоба нисэх буудлын хөөрөх зурвасын төгсгөлд эргийн ойролцоо осолдсон даруйд аврагчид онгоцонд байсан хүмүүсийн заримыг аюулгүй газарт хүргэж чадсан байна.
Абдул Нури "Бид үнэхээр цочирдсон. Хүмүүс сандарч, зарим нь уйлж, хашгирч эхэлсэн. Зорчигчдын орох хаалган дээр байсан хүмүүс бас сандарч орилж байсан. Тэдний ихэнх нь хамаатан саднаа угтан авахаар хүлээж байсан хүмүүс байсан" гэв.
Орон нутгийн цагаар 08:50 (GMT 05:50) орчимд болсон эмгэнэлт явдлыг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.
Ослоос амьд үлдсэн Ричард Комба BBC-д хэлэхдээ, онгоцыг газардах гэж байхад цаг агаар муудаж, нисгэгч чиглэлээ өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Дараа нь биднийг удахгүй газардана гэж мэдэгдсэн хэдий ч хүмүүс сандарч эхэлсэн. Бид нэг л мэдэхэд нууранд осолдчихсон. Дараа нь онгоцонд ус орж, урд хэсэг усанд автсан. Би арын суудалд сууж байсан болохоор ус гайгүй тул тэнд байсан хүмүүстэй нийлж амьд гарахаар тэмцсэн" гэв.
Танзанийн Ерөнхий сайд Кассим Мажалива хэлэхдээ, аврагдсан зорчигчид эмнэлэгт байгаа бөгөөд ноцтой бэртэл аваагүй ч "тэд цочролд орсон байна" гэв.
Мажалива ослын газар дээр очиж, ослын бүрэн шалтгааныг тогтоохын тулд өргөн хүрээтэй мөрдөн байцаалт явуулна гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан гамшигт өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул тайван байхыг уриалсан байна.
Precision Air нь Танзани улсын хамгийн том хувийн агаарын тээврийн компани бөгөөд нэг хэсэг нь Кенийн Эйрвэйз компани юм. Энэ нь 1993 онд байгуулагдсан бөгөөд дотоодын болон бүс нутгийн нислэг үйлддэг ажээ.
Эх сурвалж: ВВС