/2022.10.17/: Монгол Улсын их сургуулийн оюутнууд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүллээ.
МУИС-ийг нэр бүхий дөрвөн сургуультай нэгтгэх тухай шийдвэрийг БШУ-ны яамнаас өнгөрөгч наймдугаар сар гаргасан. Уг шийдвэр нь МУИС-ын оюутнуудын шийтлэг эрх ашгийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.
МУИС-ын Оюутны холбооны гишүүд "Бид БШУ-ны сайдад дараах гурван шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, МУИС-ыг дөрвөн сургуультай нэгтгэх тухай гэнэтийн шийдвэр наймдугаар сард гаргасан. Энэхүү гэнэтийн шийдвэрт оюутнууд хохирч байна. Тухайн шийдвэрт багш, ажилчид, сургуулийн эд хөрөнгийг шилжүүлэх тухай тусгагдсан байгаа ч оюутнуудыг шилжүүлэх тухай юу ч тусгагдаагүй байна. Үүнээс болоод бидэнд тодорхойгүй байдал үүсч байна. Жишээлбэл, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутан МУИС-ын Хуулийн сургууль руу шууд элсэн орох болж байна. Монгол Улсын их сургуулийн оюутнууд тодорхой хэмжээний босгыг давж элсэн ордог. Тухайлбал, Хуулийн сургуульд доод тал нь 700 болон түүнээс дээш оноо авсан хүүхдүүд элсдэг. Гэтэл ХҮИС-ийн 480 оноотой хүүхэд шууд МУИС-ийн оюутан болж МУИС-ын дипломтой төгсөнө гэдэг бол байж боломгүй зүйл юм. Бид үүнийг эсэргүүцэж байна. Монгол Улсын их сургуульд "Шилжих журам" гэж байдаг. Энэ журмын дагуу тодорхой шалгуурыг хангаж шилжүүлнэ үү хэмээн хүсч байна.
Хоёрдугаарт, 2016 оноос хойш гарсан Засгийн Газрын тогтоолуудад Монголын шилдэг дөрвөн их сургуулийг "Азийн шилдэг 100" их сургуулийн нэг болгох гэсэн зорилтын дагуу үйл ажиллагаа явуулах стратегийн төлөвлөгөө гарсан. МУИС-д ч мөн адил 2016-2024 оны стратеги төлөвлөгөө гарсан. Үүний дагуу яамнаас яг юу хийсэн талаар үр дүнгийн тайланг олон нийтэд нээлттэй танилцуулна уу. "Азийн шилдэг 100" болохын тулд яг юу хийсэн, юу хийх гэж байгаа вэ гэдгийг дэлгэрэнгүй танилцуулахыг хүсч байна.
Гуравдугаарт, МУИС сүүлийн таван жил түр орлон гүйцэтгэгч захирлуудтай байсан. Түр орлон гүйцэтгэгч захирлууд нэг хоёр жил ажиллаад явдаг. МУИС бол буугаад морддог газар биш. Урт хугацааны захирлыг нь хууль ёсны дагуу шалгаруулаад, томилж өгнө үү. Үгүй бол ямарваа нэгэн байдлаар урт хугацааны бодлого хэрэгжүүлж чадахгүй, хөтөлбөрийн шинэчлэлт хийж чадахгүй асуудлууд гарч байна" гэлээ.
МУИС-ын оюутны холбооны гишүүд тус шаардлагыг хүргүүлэхээр ирсэн бөгөөд БШУ-ны сайд өөрийн биеэр ирж, албан бичгийг хүлээн автал нь энд хүлээнэ хэмээн мэдэгдсэн юм.