Тапан Мишра: Монгол Улс цахим хөгжлөөр манлайлж буй орнуудын нэг гэдгээ баталж чадсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тапан Мишра: Монгол Улс цахим хөгжлөөр манлайлж буй орнуудын нэг гэдгээ баталж чадсан

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.

-2017 онд НҮБ Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны баримт бичиг одоо хэрэгжиж байна. Энэ онд дуусах уг бичиг баримтын хэрэгжилт, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Тийм ээ. НҮБ гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагааныхаа чиглэлийг 5 жил тутамд шинээр тодорхойлон хэрэгжүүлдэг. Одоо Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримт бичгийг хэрэгжүүлж байна. Энэхүү баримт бичгийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэх ёстой байсан ч ковид-19 цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Улмаар 2021 онд хэрэгжиж дуусах ёстой байсан энэхүү баримт бичгийн хугацааг нэг жилээр сунгасан гэж ойлгож болно. Тиймээс энэ хугацаанд Монгол Улсын ард иргэд болон Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг дэмжих тал дээр маш их ач холбогдол өгч ажиллаж байна.

Мөн бид цар тахлын үеэр эдгээр зорилтот үйл ажиллагааныхаа хүрээнд ямар үр дүн, амжилт гаргав гэдгийг үнэлж, дүгнэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхийдөө уг баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд маш их ололт амжилт гаргасан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар манлайлагч байж, ажиллаж чадвал тодорхой ахиц дэвшил гаргах өргөн боломж байна гэж харсан.

Нөгөө талдаа “Нэг НҮБ” гэдэг уриан дор өрнүүлж буй шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд бас тодорхой үйл ажиллагаагаа сайжруулах боломж байгаа гэдгийг олж харсан. Үүндээ үндэслээд бид Монгол Улсын Засгийн газартай хамтраад НҮБ-ын Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичигт гарын үсэг зураад байна.

-Хөгжлийн туслалцааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлсэн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурлан дараагийн 5 жилийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон байх?
-Хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримт бичгийн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг гэсэн өргөн хүрээнд дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ Олон улсын санхүүгийн байгууллага, олон талт түншлэлийн байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн болон судалгаа, шинжилгээний байгууллагууд зэрэг олон талтай хамтарч ажилласан. Ингээд ирэх 5 жилийн стратегийн баримт бичгийг боловсруулах явцад 4 үндсэн гол зорилтод тулгуурлаж дээрх баримт бичиг маань боловсрогдож гарах ёстой гэдэгт бүгд санал нэгдсэн. Улмаар,

  • Хүмүүс буюу ард түмэнд түшиглэсэн,
  • Хөгжил цэцэглэлтэд түшиглэсэн,
  • Энх тайван, амар амгаланд түшиглэсэн,
  • Түншлэл болон Эх дэлхий гэсэн үндсэн 4 чиглэлд бид хамтран ажиллахаар боллоо.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх энэхүү баримт бичгийг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой маш сайн уялдуулан боловсруулсан.

-"Нэг НҮБ" бодлогын талаар тодруулбал?
-НҮБ-ын бүх гишүүн орон 2018 оны тавдугаар сард хуралдсан байдаг. Тус хурлаар улс орнууд “тус тусдаа ажиллаад байвал Тогтвортой хөгжлийн зорилтод хүрч чадахгүй юм байна” гэдэг асуудлыг хурцаар тавьсан. Тиймээс бид өмнөх хамтын ажиллагааныхаа бүтэц, тогтолцоог дахин нэг нягталж үзээд өмнө тавьсан зорилгоо шинэчлэн найруулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх шинэ загвар боловсруулсан. Энэ хүрээнд НҮБ-ын системийн хэмжээнд “Нэг НҮБ” гэдэг шинэ зарчим бий болсон юм. Улмаар НҮБ үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрт Суурин зохицуулагчийн газрыг бий болгож, шинээр томилсон байгаа. Миний хувьд 2019 онд НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд маш азтай тохиолдлоор Монгол Улсад Суурин зохицуулагчаар ирсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд өмнө салангид, тусдаа байсан бүтцүүдийг бүгдийг нь уялдуулан холбож, хамгийн гол нь зөвхөн Монгол дахь НҮБ бус Тайландын Бангкок дахь НҮБ-ын бүсийн төв, Швейцарын Женев дахь НҮБ-ын төв, АНУ-ын Нью-Йорк хот дахь төв зэрэг байгууллагаас хэн нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтод ихээхэн ач холбогдол өгч, сонирхож, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна вэ гэдгийг судлан, харилцан тохироод шинэ байгууллагууд хамтран ажиллах болсон юм. Ингээд Нэг НҮБ гэдэг агуулгынхаа хүрээнд бид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, агентлаг бүр дан дангаараа бус хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр аливаа үйл ажиллагааг давхардсан байдлаар хэрэгжүүлэхээс зайлсхийж, хөгжлийн чухал хэсэгт хоосон орон зай үүсгэхгүй байх боломж бүрдэх юм. Нэг ёсондоо энэ шинэчлэлийн гол цөм нь хамтарч хэрэгжүүлнэ гэсэн санаа юм. Улмаар үйл ажиллагаа илүү үр дүнтэй, уялдаатай болж, хяналт, шинжилгээ, үнэлгээний ажил сайжирч, тайлагнах системийн ил тод байдлыг хангахаар тогтсон байгаа.

-Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2020 онд баталсан байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс нь Тогтвортой хөгжлийн зорилт гэж та хэлж байсан. Тэгэхээр энэ хоёр баримт бичиг хэрхэн уялдаж байна вэ?
-Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх даян дэлхийн зорилтыг 2015 онд Монгол Улс болон НҮБ-ын гишүүн 192 орон хүлээн зөвшөөрч баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он гэхэд биелүүлсэн байна гэдэг үүрэг, амлалтыг өөрсдийн ард түмэнд өгсөн гэсэн үг юм. Энэ хүрээнд томъёолсон 17 зорилго, бүхий л иргэний оролцоог хангасан, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хангах вэ гэдгийг томъёолсон байгаа. Тус 17 зорилтыг бүгдийг нь биелүүлж чадвал бид 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтод хүрнэ гэж тооцож байна. “Алсын хараа-2050”-иас өмнө буюу 2016 онд Монгол Улсын Засгийн газар 2030 он хүртэлх хөгжлийн баримт бичгийг баталсан байсан. Ингээд 2020 онд илүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”-ийг батлан гаргасан. “Алсын хараа-2050” бол зөвхөн 2030 он гэхэд биелүүлэх ёстой Тогтвортой хөгжлийн зорилт дээр нэмээд 20 жилийн цаадахыг харсан урт хугацааны бодлого юм.

Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ердөө 7 жил хагасын хугацаа үлдээд байна. Богино хугацаа үлдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд бид НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримт бичгийнхээ хүрээнд ололт амжилтаа дүгнээд, Монгол Улсад үндэсний хөгжлийн төлөв байдал нь ямар байна вэ гэдэгт маш сайн дүн шинжилгээ, судалгаа хийсэн.

Бүгд мэдэж байгаачлан цар тахлын улмаас бид сүүлийн 2 жил нийгэм, эдийн засгийн хувьд хүнд сорилттой тулгарлаа. Үүний улмаас тогтвортой хөгжлийн зорилтыг бүрэн биелүүлж амжихгүй тохиолдолд яаж урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тавьсан зорилтууддаа хүрч чадах вэ гэж хүмүүс асуух байх л даа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын манлайлал дор бид идэвхтэй хамтран ажиллана гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Мөн Монгол Улсын хувьд бүх ард иргэдийнхээ хэнийг ч хоцроолгүйгээр, Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрч, оролцоог хангасан байдлаар хөгжинө гэж зорьж байгаа.

“Алсын хараа-2050”-д 8 гол тулгуурыг тусгаж өгсөн байдаг. Энэ нь бол Тогтвортой хөгжлийн зорилттой маш сайн уялдаж өгсөн.

-Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг НҮБ хэрхэн дүгнэж байна вэ. Монгол Улс 2030 он гэхэд энэ зорилтод хүрэх боломжтой гэж харж байна уу? Цаашид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Бид үүн дээр үндсэн хоёр үнэлгээг хийж байна. Нэгдүгээрт, үндэсний хэмжээнд сайн дурын үнэлгээ, хоёрдугаарт, иргэд энэ талаар ямар ойлголт, бодолтой байна вэ гэдгийг тодорхойлох үнэлгээ. Нэгийг нь 2019 онд хийсэн. Нөгөөхийг нь 2023 онд хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хийсэн бүтээсэн бүх үйл ажиллагаагаа үнэлж, дүгнээд Монгол Улс энэ зорилтын хаана явна, хоцорч байна уу, НҮБ аль хэсэгт дэмжиж ажиллах хэрэгтэй вэ гэдэг дүр зурагаа маш тодорхой гаргаж ирсэн.

Тиймээс бид энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд Тогтвортой хөгжлийн зорилтын ололт амжилтаа олон нийтэд таниулсан том өдөрлөгийг зохион байгууллаа. 120 асар барьж Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх үйл ажиллагааг танилцуулсан байгаа. Мөн дээрээс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулсан. Энэ үйл ажиллагаанд НҮБ-ын бүх агентлагаас гадна хамтарч ажилладаг бүх хөгжлийн түнш байгууллага, бусад оролцогч талууд, Монгол Улсын Засгийн газар, яамд, агентлагуудыг бүгдийг нь хамруулж, цаашид хамтын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа зорилтот ажлаа хурдтай, үр дүнтэй үргэлжүүлэх шаардлагатай байна гэдгээ ярилцлаа. Тэгэхээр НҮБ-ын үндсэн зорилго бол Монгол Улс болоод ард түмэн, Засгийн газрын томъёолсон энэ зорилтуудыг хамтран хэрэгжүүлж, түүнийг нь дэмжиж, ажиллах байдаг. Энэ хүрээнд эн тэргүүнд ач холбогдол өгч, стратегийн хувьд томъёолсон 4, 5 үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, мэдээж хэрэг байгаль орчны асуудал. Уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсад олон бэрхшээл тулгамдаж байна. Үүний нэг шийдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, агаарын бохирдол ихээр нэмэгдэж байна. Цөлжилт эрчимтэй явагдаж, газрын доройтол үүсэж байна. Тэгэхээр энэ бүх тулгамдаж буй асуудлыг шийдэх том хувилбар бол дээрх санаачилга юм. Хэрэв модыг хангалттай тарьж чадвал Монгол Улсад илүү ногоон орчин бүрдэнэ. Ингэснээрээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, тэтгэх, цэвэр усны нөөцийг сайжруулах, цөлжилтийн цар хүрээг хумих, элсний нүүдлийг тогтоон барих зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хүнсний аюулгүй, баталгаат байдлыг хангах. Гуравдугаарт, иргэдийн эрүүл мэндийг тэтгэж, дэмжих асуудал байгаа. Цар тахал гарсантай холбогдуулан нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн. Мөн нийгмийн зарим хэсэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байх тохиолдол гарсан. Бид халдварт өвчнийг бууруулахад ихээхэн анхаарч байгаа хэр нь халдварт бус өвчний зарим төрөлд анхаарлаа сулруулсан, орхигдуулсан тал бий. Амьдралын буруу хэв маягийн улмаас зүрхний шигдээс үүсэх зэрэг асуудал байсаар байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг сайжруулах “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг дэмжих нь маш чухал гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт, цахим шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх нь чухал суурь болох юм. Нөөц боломж байгаа гэж харсан. Тавдугаарт, одоо байгаа эдийн засгийн төлөв байдлыг сайжруулж, төрөлжүүлэх. Худалдааны бодлого, эрчим хүчний хараат, хямралт нөхцөл байдлыг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжиж ажиллах шаардлага байгаа. Энэ мэт тулгамдсан асуудлыг томъёолсны үндсэн дээр Монгол улсын Засгийн газартай хамтран хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг боловсруулж гаргасан.

Ерөнхийд нь бид Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүрсэн үр дүнг харьцангуй сайн биелж байна гэсэн дүгнэж байгаа. Үүнийг цаашид хөгжүүлэхдээ Монгол Улсын, хүний хөгжилд төвлөрсөн, хэнийг ч орхигдуулахгүйгээр оролцоог хангасан Тогтвортой хөгжлийг бий болгоно гэж зорьж байна.

-Энэ сарын 5-6-нд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” анхдугаар хурлыг зохион байгуулсан. Цахим үндэстэн болох Монгол Улсын зорилт, үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Уг хурал ерөнхийдөө хоёр гол зүйлд төвлөрлөө. Нэгдүгээрт, бид хөгжлийн явцад бүх иргэнийг оролцуулахын тул технологийг яаж зөв уялдуулах вэ гэдгийг ярилцлаа. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Засгийн газрын цахим хөгжлийн бодлогын хүрээнд төрийн 600 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлсэн байгаа. Мөн цахим бодлогоор тодорхойлсон 6 тулгуур агуулгын хүрээнд оролцоог хангаж, иргэдийн амьжиргааг сайжруулахад цахим шилжилтийг хэрхэн уялдуулах вэ гэдгийг томъёолж гаргалаа. Хамгийн гол нь энэ хурлын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, тэр тусмаа шинээр байгуулсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар олон улстай санал бодлоо хуваалцан, харилцан туршлага солилцох сайхан орчин бүрдсэн. Улмаар Монгол Улс цахим хөгжил, шинэчлэл, өөрчлөлтөөр дэлхийд маш их ахиц дэвшил гаргасан, урагшилж яваа, манлайлж буй орон гэдгийг олон улсад таниулж чадсан. НҮБ-ын бүх агентлаг Монгол Улсын Засгийн газрын тавьсан зорилтыг биелүүлэхэд дэмжиж байгаа гэдэг нь энэ хурлын үеэр маш тодорхой гарч ирсэн.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн сард Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ихэвчлэн маш том хямралтай, зайлшгүй очих шаардлагатай улсуудад очдог. Монгол Улс томоохон хямралд өртчихсөн орон биш гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилсан нь өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл юм. Тэрбээр Монгол Улсад ирэхээсээ өмнө АНУ-ын Нью-Йорк хот болон Японы Нагасаки хотод болсон хурлуудад оролцож, цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх чиглэлээр чухал үг хэлсэн. Үүний дараагаар шууд Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр Монгол Улсыг хоёр байдлаар өндрөөр үнэлж, онцлон тэмдэглэсэн.

Нэгдүгээрт, Монгол Улс өөрийгөө Цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн олон улсад зарласан. Энэ нь Цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх, түүнийг үл дэлгэрүүлэх чиглэлээрх НҮБ болон түүний гишүүн орнуудын тавьж буй зорилтод маш том хувь нэмэр оруулж буйг онцлон дурдсан. Хоёрдугаарт, энэ бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг онцолж, олон улсад талархалтай явдаг гэдгээ илэрхийллээ.

Мэдээж хэрэг нөгөө талдаа Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэдгийг нь онцолсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бас нэг чухал, өндөр ач холбогдол өгсөн зүйл бол Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” -г олон жил зохион байгуулсан явдал юм.

Мөн Монгол Улс нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилтын хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдыг дэмжсэн томоохон бага хурлыг зохион байгуулсан. Энэ бол дэлхийн энх тайвныг тогтооход Монгол Улсын оруулсан чухал хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд Монгол Улс дахь НҮБ болон Монгол Улсын Засгийн газар бүх түнш байгууллагатайгаа хамтран "Нэг НҮБ" системийн шинэчлэлийн хүрээнд амжилттай ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн ахиц дэвшил гаргаж байгааг онцлон тэмдэглэсэн.

-Ярилцлагын төгсгөлд та Монголын ард түмэн, уншигч олонд хандаж үг хэлнэ үү?
-Би Монголын ард түмэнд хандаж гурван гол агуулгын хүрээнд санаагаа хуваалъя гэж бодлоо. Нэгдүгээрт, Монгол дахь НҮБ нь Засгийн газар болон Монголын ард түмнийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг биелүүлэхэд бүрэн дүүрэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлмээр байна. Хоёрдугаарт, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хүртэл дөнгөж 7 жил гаруйн хугацаа үлдээд байгааг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс биднийг маш их хурдасгуур шаардсан хурдтай, үр дүнтэй байх ажлууд хүлээж байна. Гуравдугаарт, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бүгд хамтран ажиллацгаая гэж уриалмаар байна.

Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлнэ гэдэг бол зөвхөн Монгол Улсын Засгийн газрын зорилт биш юм. Энэ зорилтыг биелүүлэхэд хүн нэг бүрийн, Монгол Улсын иргэн тус бүрийн хувь нэмэр чухал. Тэгэхээр ард нийтийнхээ амьдралыг сайжруулахын тулд хүн бүр, иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, мод тарин, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж харж байгаа. Ингэж Монгол дахь НҮБ, түүний системийн байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар, хамгийн гол нь Монголын иргэн бүр хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэж, хамтран ажиллаж чадвал Тогтвортой хөгжлийн зорилтыг эцсийн хугацаанаас нь ч өмнө биелүүлэх боломжтой гэдгийг олон улсад харуулж, манлайлж чадна гэж маш их найдаж байна.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

ВИДЕО:

Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо
Д.Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.