/2024.01.15/: "Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тавьсан илтгэлийн хэсгээс хуваалцаж байна.
Монгол хэл, бичиг бол бидний тусгаар тогтнол, соёлын үнэт өв, бидний оршин тогтнох үндэс билээ. Монгол хэл, бичгийн боловсролын чанарыг сайжруулах, иргэдийн монгол хэл, бичгийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бодлого, арга хэмжээг сургуулийн өмнөх боловсролоос эхлэн хэрэгжүүлж ирлээ.
Эдгээр бодлогуудаас сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, суралцагчийн үнэлгээ, үндэсний хөтөлбөр, монгол хэлний сургалтын бодлого зэргийг дурдаж болно. Ялангуяа сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд, залуучуудад монгол хэл, бичгийн боловсролыг олгох, тэдний эх хэлний ур чадварыг хөгжүүлэх асуудал боловсролын салбарын үндсэн асуудал болж ирсэн.
Гэхдээ эдгээр бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар байсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй болсон байна.
Тухайлбал, Монгол хэл, бичгийн үндэсний хөтөлбөрийг 1995 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа хэдий ч иргэдийн хос бичгийг хэрэглэх ур чадвар, бэлэн байдал хангалтгүй хэвээр байна.
Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй холбоотой зарим нэг жишээг дурдъя.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын насны хүүхдүүдээс авсан монгол хэлний чанарын үнэлгээний үр дүнгээс харахад 2-5 насны хүүхдүүд тэдэнд байх ёстой монгол хэлний ярианы чадварын 65 орчим хувь буюу дөнгөж суурь чадварыг л эзэмшсэн байна гэсэн үг. 2-5 насанд хүүхдийн монгол хэлний ярианы суурь чадвар хөгжиж байж монгол хэлээр унших, ярих, харилцах чадварууд хөгждөг гэдгийг та бид мэдэх билээ.
Гэтэл 2-5 насны энэ хүүхдүүд үгийн утгыг ойлгож харилцах, өөрийгөө илэрхийлэх, энгийн яриа, үлгэр, өгүүллэгийн утга санааг ойлгох гэх мэт чадваруудыг бүрэн эзэмшиж чадалгүй сургуульд орж байна. Ингээд бага ангид ороод нэмж хөгжсөн байх ёстой чадваруудынхаа дөнгөж гурваны нэг орчмыг л эзэмшсэн байна. Энэ нь 10-аас дээш насны хүүхдүүдийн монгол хэл, бичгийн чадвар сул байх үндсэн шалтгаан болж байгаа юм.
Тэгвэл суурь боловсрол эзэмшсэн буюу 2 наснаас эхлэн цэцэрлэг, сургуульд суралцаад 15 нас хүрсэн хүүхдүүдийн УНШИХ ЧАДВАРЫГ ямар байгааг олон улсад хийсэн үнэлгээний үр дүнгээс харья. Манай 15 настай хүүхдүүд УНШИХ ЧАДВАР-аараа нийт 81 орноос 65-д эрэмбэлэгдсэн байгаа бөгөөд эдгээр 81 улсын дунджаас 5 орчим жилээр хоцорч байна гэсэн үг. Энэ нь 15 настай хүүхдүүд цаасан болон цахим бичвэрийг ойлгож унших, уншиж ойлгосноо ажил, амьдралдаа хэрэглэх, өөрийгөө бичгээр илэрхийлэх чадвараараа үе тэнгийнхнээсээ хоцорч байна гэсэн үг.
Мөн манай 15 настай хүүхдүүдийн 64 хувь нь унших суурь чадвартай болж чадаагүй байна. Тодруулбал энэ хүүхдүүд энгийн бичвэрийг уншиж чадах, ойлгох, энгийн эргэцүүлэл хийж чадах боловч илүү нийлмэл өгүүлбэр, бичвэрийг үндсэн санаа, зорилгыг ойлгох, дүгнэлт гаргах гэх мэт ур чадвар эзэмшээгүй байна.
Унших чадварын гүйцэтгэл яагаад ийм сул байгааг илрүүлэх шинжилгээг бид хийж байна. Энэ шинжилгээний эхний үр дүнгээс харахад НЭГДҮГЭЭРТ хүүхдүүдийн гэр бүл болон сургуулийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт хамгийн их нөлөө үзүүлж байна. Нийгэм эдийн засгийн үзүүлэлт хангалтгүй байгаа хүүхдүүдийн гэрийн орчинд унших ном байдаггүй, эцэг эх нь багаас нь ном уншиж өгдөггүй, уншсан зүйлийнх нь талаар асууж, ярилцдаггүй, сургуулийн орчинд ном унших орчин нөхцөл бүрдээгүй зэрэг нь голлох хүчин зүйл болж байна.
Унших чадварын гүйцэтгэлээс харахад хөдөө, орон нутгийн хүүхдүүд илүү хоцрогдолтой байна. Энэ үр дүн юунаас болж байгааг сургуулийн болон багшийн хүчин зүйлийг тооцож, судалж үзэхэд (1) Багшийн чанар, (2) сургуулийн материаллаг болон цахим дэд бүтэц, хэрэглэгдэхүүний хомсдол, чанар багагүй нөлөөтэй байгаа юм.
Суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүдийн унших ур чадвар мөн тухайн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байсан эсэхтэй шууд хамааралтай байна. Тухайлбал, 2 наснаасаа эхлэн сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж эхэлсэн хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү сайн унших ур чадвартай байна. Эндээс харахад бүх хүүхдийг аль болох бага наснаас нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь тэргүүлэх бодлогын зорилт байх юм.