“Үзэл бодлын шилжилт-орон зайг түгээхүй”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үзэл бодлын шилжилт-орон зайг түгээхүй”

ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВ: Завгүй өнгөрүүлсэн нэг сарын тэмдэглэл

/2023.12.25/: Монгол Улсдаа бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгох тухай нийтээрээ тунхагласан байдаг.

Энэ л зорилгын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж буй иргэний орон зайг хамгаалагчдын төлөөлөл “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв ТББ-ын тэргүүн Я.Авирмэд юм. Сансрын физикч, багш тэрээр 1994 онд авто осолд орж нугасны хүнд гэмтэл авч, арав гаруй жил юу хийх, яах учраас олохгүй эдгээр жилүүдийг гэртээ өнгөрүүлсэн ч өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөөх хөдөлгөөний манлайлагчдын нэг болж чаджээ.

Тэрээр Финланд улсын хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн улсынхаа системийг өөрчилж, нөлөөлж, тэмцсээр тухайн улсынхаа УИХ-ын болсон тухай өгүүлэх “Хотол даяар гэр минь буй” номыг орчуулжээ. “Энэ номонд хүмүүсийн санаа бодлоос үл хамааран гэгээн хорвоо дээр зүгээр л энгүүн амьдрахаас илүү сайхан зүйл үгүйг мэддэг хүний тухай өгүүлдэг аж. Мөн мэргэжлийнхээ хүрээнд Британика 12 боть нэвтэрхий толь дах Астраном буюу Одон орон, Сансар судлал хэсгийг болон Шинжлэх ухаан 30 секундэд зэрэг номыг орчуулжээ.

“Дахин төрсөн хоёр амьдралаар амьдарч байна” гэж өөрийгөө хэлэх түүнтэй ийнхүү ярилцлаа.

-Таны иргэний нийгмийн салбартай хэрхэн холбогдсон түүхээс яриагаа эхэлье?

-Арав гаруй жил дэмий байхдаа ерөөсөө би ийм байдалтай байгаад байж болохгүй. Гадуур гарч ажил хөдөлмөр эрхэлье гэж шийдээд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн. Ингээд 2007 оны орчим Солонгос улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганд оролцсон. Энэ чуулганы салбар хуралдаануудад өмнө нь монголд сонсож байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө босгох зэрэг агуулгуудаар хэлэлцүүлгүүд явж байсан. Харин “бие даан амьдрах нь” гэсэн салбар хуралдаан миний урьд хожид сонсож байгаагүй агуулга байхаар нь их сонирхож оролцож байлаа. Түүнээс хойш л сонирхоод явж байсан нэг өдөр Ч.Ундрахбаяртай холбогдож, хоёр талд сонирхол нэгтээ судалж эхэлснээр бид хоёр хамтран энэ төрийн бус байгууллагаа байгуулсандаа.

-Түгээмэл хөгжлийн төв хэрхэн ажилладаг вэ?

Бидний брэнд болсон нөлөөллийн ажлын нэг бол “TRY” хөдөлгөөн. Бид 21 аймгийн төвүүдээр жагсаал болж явах, сургалт орох ажлуудыг хийснээр гэрээсээ гаралгүй, нэг бол ар гэрийнхэн нь гадуур гаргахаас ичдэг байдлаасаа болж насаар нь хорьчихсон байдаг нийгэмдээ ил гарч ирж үзээгүй олон хүмүүст ойлголт өгдөг. Хөгжлийн бэхшээлтэй байлаа гээд нуугдах биш, ичиж нуух биш, бусдын ажил нийгэмд оролцох эрхтэй гэдгийг тухайн аймгийн удирдлагууд болон асран хамгаалагчдад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ойлгуулдаг.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэрт нь очиж уулзах Зөвлөлдөөн нэртэй тусдаа аргачлалтай уулзалтыг зохион байгуулдаг. Эдгээр хүмүүс нийгэм дээр гарч ирээд хөдөлмөр эрхлээгүй ч гэсэн хүний эрх гэдэг зүйл хүн бүрт хүртээмжтэй хэрэгжиж байх ёстой. Яагаад гэхээр хэвлэл мэдээллийн эрх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олон талт байдлаар байхгүй байгаа. Харааны хөгжлийн, хүнд хэлбэрийн гэх мэт олон төрлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл дутмаг хүрч байгаагаас үүдэн энэ хэсэг хүмүүс дунд боломжуудаа өнгөрөөх тохиолдлууд их байдаг.

-Танай байгууллагын үнэт зүйл юу вэ?

Компани удирдахаас илүүтэй ТББ удирдаж тогтвортой үйл ажиллагаа явуулах нь хүнд. Бидний хувьд хүний нөөцийн асуудал хамгийн тулгамддаг. Энэ байгууллагад хүн л ажиллаж байгаа учир байгууллагад хувь нэмрээ оруулж байгаа хүнийхээ хөгжлийг нэгдүгээрт тавих үзэл баримтлалтай ажилладаг. Ганц мод гал болдоггүй гэдэг шиг би хүмүүсээ баг болж ажиллах чадварт илүү суралцаасай гэж бодож, тэднийг хамт нэг үнэт зүйлээрээ нэгдэж, сүлжээ болж ажиллахад нь анхаардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг би та нар хоёрдугаар зэргийнхэн биш ээ, та нарт ийм ийм оролцох боломжууд байна гэж түлхдэг.

Та нар өөрсдөө оролцохгүй, нийгэмдээ гарч ирэхгүй бол гадуурхагдсан, шоовдор хэвээр, хойч үеийнхэн ч тийм байх тул идэвхтэй байх тухай ярьж, ойлгуулж том багаа бүрдүүлж явдаг. Тэднийг улсын нөхцөл байдал, олон улсын туршлагыг хуваалцах, хэрхэн ажиллах хөгжих талаар нь тасралтгүй сургалт мэдээллээр хангах зорилготой ажилладаг.

Түгээмэл Хөгжил Төв (@UPMILC) / X

-Өнөөдөр ардчилсан нийгэм цогцлуулж чадсан уу? Эрдэмтэн хувь хүний хувьд ямар үзэл бодолтой байна вэ?

-Бид одоо ардчилалд шилжчихсэн гэж ярьдаг ч миний бодлоор шилжээгүй гэж боддог. Нэг бодлын 30 жил хугацаа, нэг бодлын ахархан хугацаа. Бид энэ хугацаанд Ардчилал, Хүний эрхээ бүрэн дүүрэн ойлгож амьдралд хэрэгжүүлж чадаагүй байна. Ардчилал, хүний эрхийн талаар энэ УИХ-ын гишүүд нь ойлголттой нь хэд байдаг юм бол доо. Мэдэхгүй юм. Алаг цоог Ардчилалтай, Хүний эрхийн мэдрэмжтэй Социалист нийгмээсээ салаагүй зарим үед Социалист нийгэм хэрэгтэй гэдгийг дэмжиж ярьж, хойч үед буруу мэдээлэл өгч байгаад харамсаж явдаг.

-Иргэний орон зайг хамгаалах шаардлага үүссэн өнөө үед тогтвортой ажиллах эрх чөлөөний нөхцөл байдал ямар байна вэ?

-Яахав шууд дүгнэхэд 100 хувиас 60 хувийн үнэлгээ өгнө би. Товчхондоо тийм ч сайн биш.

Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинд төрөөс тавих шаардлага, шалгуур нь хэт хатуу, уян хатан биш, дотоод засаглалаа өөрсдөө шийдэх байдлыг хумьж, төр гүнзгий орох нь бидний эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж хардаг. Харин төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажлыг ТББ-дад өөрсдийнх нь хийж чадах, мэдэх асуудлаар нь төр дэмжих нь зүйтэй. Гэхдээ гэрээлэн гүйцэтгүүлэх нэрийдлээр хэт дотоод асуудал руу орж, зарим тохиолдолд бид ялангуяа манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг салбарын онцлогийг ойлгохгүйгээр тэднийг өдөрт хэдэн удаа хооллосон, бие зассан гэх мэт хүний эрхийн зөрчилтэй нарийн мэдээллүүдийг нь хүртэл төрийн байгууллагад тайлагнах хэрэг гардаг.

Би өөрөө хүний эрх ярьдаг хэрнээ заримдаа хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаанд оролцчихсон явах үе бий. Төрөөс дэмжсэн төсөв санхүүгийн дутагдалтай үнэлгээнээс болж ажилчдадаа бага цалин олгож тэдний эрхийг зөрчдөг гэж боддог.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөөх ажилд тань төрөөс ямар бодит дэмжлэг хэрэгтэй байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр хүмүүс хамгийн түрүүнд дэд бүтэц, байшин барилгын хүртээмжийн асуудал руу чиглээд байдаг. Яахав нүдэнд ил харагдаж байгаа зүйлс болохоор ярихад амар байдаг байж мэднэ. Гэтэл үүний цаана чинь нүдэнд харагдахгүй маш олон асуудлууд, хүний эрхийн зөрчлүүд байдаг. Тэр бүгдийн бэрхшээлүүдийг шийдэх бодлого шийдэл юу байж болох талаар олон хууль эрх зүйн орчны өөрчлөлт, нөлөөллийг хийж байдаг. Заримдаа ахиц гардаг ч ихэнх тохиолдолд нүдэнд ил харагдахгүй зүйлсийг ойлгохгүй шийдвэр гаргагчид олон байдаг нь хүндрэлтэй.

Иргэдийн оролцоогоо дэмжиж чадаж байгаа улс төрч, шийдвэр гаргагчид зөв чиглэл рүүгээ явж байгаа харагддаг. Өөрөөр хэлбэл иргэдийн дэмжлэгтэй улс сайн засаглалтай байж чадна. Одоо бол “оролцоог оромдох” үзэгдлүүд маш их байна. Тухайлбал: НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооноос ирүүлсэн 72 зөвлөмжид туссанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны нөхцөл байдал утга учиртай байна, оролцуулах нэрийдлийн зүйлс зохион байгуулах хэрэггүй гэснээс тодорхой байгаа юм.

Сэтгүүлч: З.Энхбаяр (Бодлогод залуусын хяналт ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгч)

Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа
Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.