Ч.Лодойсамбуу: Хаалтын гэрээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Хаалтын гэрээ

Ер нь бол “Монгол” телевизийн зохиочихсон хэллэг. Үнэндээ тийм гэрээ байхгүй.

Байдаг бол тэр телевизийнхэн “The Panama papers”-ийг анх дэлгэж бусаддаа сургууль болж байсан шигээ “Хаалтын гэрээ гэж энэ ээ. Бид үүнээс л татгалздаг юм аа” гээд харуулах хэрэгтэй. Мэргэжлийн редакци байна даа.

Тэгээд Хаалтын гэрээ гэж юугаа яриад байдаг юм?

  • Гэрээ гэдэг бол хувь хүмүүс, хуулийн этгээдүүд хоорондоо хуулийн хүрээнд харилцан тохиролцож, үүрэх хариуцлагаа хуулийн өмнө баталгаажуулдаг албан ёсны баримт бичиг. Гэрээ бүр харилцан зөвшилцөх асуудлаа ерөнхийд нь томъёолсон нэртэй байдаг. “Худалдах, худалдан авах гэрээ”, “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” гэх мэт. Харин “Хаалтын гэрээ” гэдэг юмыг өдөр тутмын сонин, сайт, телевиз, төрийн яамны Хэвлэлийн алба тойрч 16 жил ажиллахдаа би л лав нүдээр үзээгүй.
  • Хамтран ажиллах гэрээ гэж бол бий. Нэг талаас төрийн байгуулага, хувийн компаниуд өөрсдийн эрхэлж байгаа ажил, үйл ажиллагаагаа нийтэд таниулах зорилгоор мэдээлүүлэх, нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэнийхээ хариуд тохирсон төлбөр авахаар харилцан тохирч байгуулсан гэрээ.
  • Хамтран ажиллах гэрээ байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг хэсэгт “Бидний явуулж бүй үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц сөрөг мэдээ, мэдээлэл түгээх бол биднээс асууж байж нийтэлж нэвтрүүлнэ” гэсэнтэй ойролцоо ерөнхий утгатай заалт бий. Түүнийг л “хаалтын” гэх гээд байдаг. Гэтэл энэ заалт угтаа “Биднийг битгий муул!” буюу шууд утгаараа ам хаах “Хаалтын” заалт биш. Хэрэв тийм үг үсэг орвол тэр гэрээ батлагдахгүй. Манай Үндсэн хууль, түүнээс улбаатай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд харшлах тул боломжгүй.

Тэгвэл асуудал юундаа байна?

Хамтран ажиллах гэрээнүүд бол манай салбарт дийлэнх нь шантаажны замаар байгуулагддаг.

  1. Төрийн байгууллагын үйл ажиллагаа сайн муу ч цөм олон нийт рүү л чиглэсэн байдаг. Хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа шийдвэрээ нийтэд мэдүүлж сайтар ойлгуулж байж төрийн ажил хурдтай урагшилна. Төрийн ажил сайн явах нь нийтэд, энэ нийгэмд л тустай. Олон нийтийг хэрэгтэй мэдээллээр нь хангах уг нь хэвлэл мэдээлэл гэж байхын үндсэн зорилго. Ямар ч мөнгө ярихгүйгээр биелэх ёстой хоёр талын нийтлэг зорилго бол энэ. Гэтэл мөнгө өг, үгүй бол мэдээг чинь гаргахгүй гээд гэдийчихдэг. Зүгээр ч мэдээлэхгүй гээд орхихгүй олонх нь зориуд өөлж гоочилж бүр эрчимтэй гүтгэж эхэлдэг. Олон нийт нь мэдээлэлд хэрсүү биш итгэмтгий бөгөөд ууртай. Тийм байдлыг нь шантаажчид сурамгай ашигладаг болохоор түүнээс нь эмээж түвэгшээсэндээ нөгөө гэрээг нь байгуулахаас өөр сонголтгүй болдог.
  2. Жил бүрийн намар улсын төсөв батлагдахтай зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, яам, агентлагуудын Хэвлэлийн албанд редакцуудаас хамтран ажиллах гэрээний санал цувж овоордог. Хандалт, нөлөөллийг нь харж эрэмбэлээд хэдэн арваас хэд гурван сая хүртэл дүнгээр бүгдийг нь аргадаж нөгөө гэрээг нь байгуулдаг. Жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн арван тэрбум төгрөг яг ийм замаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуваарилагддаг.
  3. Бид МҮОНРТ-ийг төсвөөс санхүүждэг тул хатуу шаардлага тавьдаг. Угтаа бол бүгд ялгаагүй төсөвт ямар нэг хэлбэрээр халбагаа дүрчихсэн хутгаж байдаг. Үндсэндээ үзэгч, уншигч, сонсогч хэвлэл мэдээллийн бүх хэрэглэгчид хувь хувьсгалын ялгаагүй бүгдэд нь хэрэглээний төлбөрөө дам хэлбэрээр төлчихсөн байдаг аа гэсэн үг. Тиймээс адилхан хариуцлага нэхэх эрхтэй. Үгүй бол энэ гэрээг эсэргүүцэж болиулах ёстой.
  4. Гэхдээ сонин, телевиз ба мэдээллийн сайтууд гэж хоёр ангилж ойлгох хэрэгтэй. Өдөр тутмын сонин болон өдөр тутмын мэдээллийн хөтөлбөртэй телевизүүд мэдээ дамжуулах зай талбай, цаг хугацааны хувьд хязгаартай тул тийм зовлонгүй мэдээллийн сайтуудаас эрс ялгаатай. Хүртээмж, итгэл үнэмшил, хариуцлага талаасаа хэвлэмэл сонин, телевиз өдгөө ч эрэмбээ алдаагүйн дээр эргээд улам эрэлттэй болох хандлагатай байна. Тиймээс хязгаартай тэр зайнд нь мэдээгээ багтаах зайлшгүй шаардлага үүсдгээс мэдээллийн мэргэжлийн редакцтай сонин, телевизүүдтэй хамгийн түрүүнд элдэв албадлага, шахалтгүй гэрээ байгуулдаг. Энэ цөөхөн тохиолдолд л шантааж биш жинхэнэ хамтын ажиллагаа яригдана.

Энэ гэрээний гай нь юу вэ?

Гэрээлсэндээ тал засч гэрээлээгүйг нь тас зуудгаас нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүрэхээ больсон. Мөнгө төлсөн, төлөөгүй талуудын улс төрийн тулааныг л дамжуулдаг нь өнөөдөр олонх болсон. Өнөөдөр идэвхтэй ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагчдын дийлэнхтэй нь Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ажиллах зарчим, үүрэг зорилго, ёс зүйн дүрэм, код, хууль ярих бараг боломжгүй. Эх хэлээрээ зөв ярьж бичиж, бүр зөв сонсож ч чадахгүй, наад захын суурь онол, мэдлэггүй сүрэг шантаажчин болсон нь үнэн. Эрх чөлөөний нэр барьдаг ч эсрэгээрээ энэ эрх зүйт нийгмийн хэм хэмжээ, хүний эрх, эрх чөлөөнийхөө суурь зарчмыг үндсээр нь галдан шатааж байгаа.

Тиймээс, зах зээлийн нийгэмд одоо бүгд зах зээлийнхээ зарчмаар л явъя. Төсвийн мөнгө хэмнэе гэж хашгирдаг шигээ өөрсдөө төсвөөс савраа тат. Чөлөөт хэвлэл мөн л юм бол одоо чөлөөлөгд. Өөрсдөө эрх чөлөөгөө гүйж очиж зарчихаад “Хэвлэлийн эрх чөлөө аюулд орлоо” гэж орилохоо боль. Бод. Санаа зов.

Төсвөөр амь зуудаг биш ухаан зарж хэрэглэгчдээ татаад зар сурталчилгаагаар амьдарч чадвал чадаад чадахгүй бол өөр чаддаг юмаа олж хийж энэ нийгэмдээ буян болох хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл зар сурталчилгааны орлогоор амьдрах боломжгүй онцгой зах зээлтэй салбар гэж ярих гээд байдаг. Үнэндээ боломжгүй биш чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөр. МҮОНРТ-ээс бусдыг төсвийн мөнгөөр ингэж угждагийг бүрмөсөн таслан зогсоох цаг болсон. Саяхан Заригийн хийсэн гэрээнүүд гээд л баахан жагсаалт тарааж жигшүүлээд байсан. Үнэндээ их үү, бага уу л гэхээс бүгд яг адилхан гаднаа шударгын дүр эсгээд цаанаа улсын төсвөөр гараа угааж байгаа. Төрийн бүх байгууллагын хэвлэлтэй хийсэн гэрээг бүгдийг нь дэлгэвэл аюулын юм байгаа шүү.

ВИДЕО: 📌УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө
ВИДЕО: 📌УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.