Эрүүгийн хуульд “Доромжлох“ заалтыг оруулахыг ЭРС ЭСЭРГҮҮЦЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуульд “Доромжлох“ заалтыг оруулахыг ЭРС ЭСЭРГҮҮЦЛЭЭ

/2022.6.8/ Глоб интернэшнл төв ТББ-аас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дах хэсэг "Доромжлох"-ыг гэмт хэрэгт тооцохыг эрс эсэргүүцэж буй талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт захидал хүргүүллээ.

ЗАХИДАЛ

Доромжлох гэмт хэргийг дахин Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ, шаардлага байхгүй бөгөөд зохицуулалтгүй бус зохицуулалттай байгаа юм. Нөгөө талаас, Эрүүгийн, Зөрчлийн хуулиудад буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой зохицуулалтын “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл тараах”, “олон нийтийг төөрөгдүүлэх” гэх тодорхойлолт бүрхэг, нэг мөр болоогүй байгаа нь эрх бүхий этгээдээс хуулийн заалтыг дур зоргоор тайлбарлах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэж байна.

1. Монгол Улс нь Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг 2022 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх оны үзүүлэлтээс 22 байр ухарч 90 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Манай улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжихөд хууль эрх зүйн орчин төдийлэн хангалттай бус байна. Тухайлбал, хууль тогтоомжид буй хязгаарлалтууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй тохиолдол их байна.

2. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болсон 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн. Хүний Эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Үүнд: “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах”. Мөн “Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтыг хүчингүй болгох замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах” тухай тус тус заажээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцон хуульчилсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтыг хүчингүй болгосон.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан 2020-2021 онуудад 32 шүүхийн шийдвэр гарсанаас уламжлалт гэмт хэрэг болох гүтгэх, доромжлохыг хамаатуулан иргэнд хариуцлага хүлээлгэж буй байдал түгээмэл байна. Түүнчлэн, тус гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдийг 2-53 хоногийн хугацаатай цагдан хорьж, баривчилсан тохиолдлуудыг дурдаж болно.

Иймд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Глоб Интернэшнл төвөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохисгүйгээр хязгаарлах эрсдэл болох боломжтой гэж үзэж буй доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байхыг Танаас хүсэж байна.

Эх сурвалж: Глоб интернэшнл төв ТББ

Индэр

Аи-92 автобензин литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлэв
Аи-92 автобензин литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.