/2022.03.15/: Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданашатарын хэлсэн үгнээс хэсэгчлэн нийтэлж байна.
Эрхэм гишүүд ээ,
Энэ хаврын чуулган нэлээд ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө хүлээгдэж байна. Тиймээс бидэнд илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг тэмдэглэе.
Тамгын газраас гаргасан судалгаагаар хэлэлцүүлгийн шатанд 102 хууль, тогтоомжийн төсөл байгаагаас нэгдсэн хуралдаан, Байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэсэн 56 төсөл байна. Тэдгээрээс хамгийн олон нь буюу 30 төсөл Эдийн засгийн байнгын хороонд, тус бүр 12-13 төсөл Хууль зүй, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлогын байнгын хороон дээр байна.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, 2 хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа.
Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүд батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя.
Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.
Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал юм.
Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна.
Нэгдүгээрт, Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засаж сайжруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд томилох, томилогдох болон төсвийн эрх мэдлээсээ татгалзаж, Засгийн газрын тогтвортой байдалд Улсын Их Хурлын зүгээс нөлөөлөх нөлөөллийг эрс багасгаж чадсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалахаар заасан. Төрийн бодлогыг тодорхойлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд ард түмний өмнөөс хууль тогтоомжийн акт гаргаж, түүнийгээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, дэмжих замаар улсыг хуулиар жолоодох үйл ажиллагааг бүхэлд нь хууль тогтоох эрх мэдэл гэнэ”
Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт биш юм. Хууль батлан гаргах, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүргэх замаар нийгмийг хуулиар жолоодох нь энэ эрх мэдлийн үндэс юм.
Гэтэл өнгөрсөн он жилүүдэд хянан шалгах чиг үүрэгтээ Улсын Их Хурал дутуу дулим хандаж ирсэн нь үнэн. Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зарчмаар халхавч хийсээр өнөөг хүргэсэн. Энэ байдлыг засаж, хянан шалгах үндсэн чиг үүргээ хууль ёсоор хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн чуулганаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар сонгодог парламент болж төлөвших шинэ үе шат эхэлж байна гэж тодорхойлсны учир үүнд оршиж байгаа юм.
УИХ-ын хяналт шалгалтын хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл мөн.
Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банкинд хяналт шалгалт хийж байна.
Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.
Хөгжлийн банкны зээл Монгол улсын эдийн засагт өгөөжөө өгсөн байх учиртай, бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно.
Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж, салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн ашиглалтад байнгын хяналт тавьж, ашиглан завшигч хандлага, хэт үрэлгэн, салан задгай байдалд цэг тавих цаг болсныг онцолъё.
Дээр дурдсан санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Улсын Их Хурлын эрхэм гишүүн Б.Баттөмөрийн ахалсан Ажлын хэсэг энэ асуудлыг шударгаар шийдвэрлэж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн байна лээ. Тиймээс энэ итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж зүтгэхийг Ажлын хэсэгт үүрэг болгоё.
Хоёрдугаарт, Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн кластерийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй.
Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэх нь парламентын төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.
Гуравдугаарт, Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж.
Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсныг улс төрийн намуудын зөвлөгөөнөөр намуудын төлөөлөл онцолж байсан.
Дөрөвдүгээрт, Парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.
Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халж, үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан.
Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа.
Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийгэдлүүлэхэд чиглэнэ.
Энэ хүрээнд иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм.
Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаархэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг, ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийн боломж, инновацийг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой юм.
Энэ зорилтын хүрээнд зарим аймагт Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж, иргэддээ ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт болон парламентат ёсны мэдлэг, боловсрол олгох ажлыг эрчимтэй явуулах ажлыг Тамгын газраас хэрэгжүүлж байна.