/2021.11.02/: Өнөөдөр сэтгүүлчидтэй уулзсан сайд нарын уулзалтын үеэр Соёлын яамны сайд Ч.Номин өмнө нь хийгдсэн болон цаашид хийгдэх үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөгөө танилцуулснаас товчлон хүргэе.
2022 оны Соёлын яамны төсөвт 263 тэрбумыг суулгаж өгсөн. Байгалийн түүхийн музейн ажил одоо 25 хувьтай үргэлжилж байна. Үндэсний урлагийн их театрыг Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгуулна.
Соёлын өвүүд Улаанбаатар хотод олон бий. Тэдгээр дундаас Чойжин ламын музей, Богдын музей, Төв номын сан зэрэгт хүчитгэл хийнэ. Хүчитгэл ажлуудыг энэ оны төсвөөс хийж эхэлнэ.
Соёлын яам байшин барилгаас гадна соён гэгээрүүлэх оюун санааны дархлааг бэхжүүлэх том ажил зорилготой ажиллаж байна. Цаашид үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх ажлын хүрээнд ажиллана.
Өнөөдөр байгаа бид, хүүхдүүд маань ирээдүйд ямар үнэт зүйлтэй байх вэ. Бүх нийтийн соёлын боловсролыг бэхжүүлэхээр албан болон албан бус боловсролыг түгээх соёлын боловсролын хөтөлбөрүүдийг тодорхойлон ажиллаж байна. Соёлын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр судалгааны ажил хийгээд явж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийг бүтээнэ. Соёлын яамны гол том ажлын нэг нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Өнгөрөгч хаврын чуулганаар кино урлагийг хөгжүүлэх хуулиа батлуулсан. Кино урлагийг хөгжүүлэх сан, үндэсний зөвлөлийг байгуулсан.
Энэхүү сан нь 10 тэрбум төгрөгийн төсөвтэй. Киног бүтээх үе шатуудад дэмжлэг үзүүлэн ажиллана. Мөн олон улсын уран бүтээлчдийг монголд урин ажиллуулж, хамтын бүтээл хийх боломжуудыг хайна. 12 чиглэлийн 94 үйл ажиллагаа бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд байна гэдгийг ЮНЕСКО-той хамтран судалж гаргалаа.
2021 онд төрийг захиргааны төв байгууллага болох ажилд анхаарч ажиллалаа. 2022 оноос бодлогын ажил руугаа орж ажиллана.