/2023.2.28/ Украины баруун өмнөд хэсэгт хил залган Молдав гэх жижиг улс бий. Хүн ам нь 2,6 сая.
Тус улсад улстөрийн тогтворгүй байдал үүсэж, Европын зарим авиа компани нислэг хийхээ хүртэл зогсоогоод байгаа юм.
Орос улс Молдавыг “Кремлийн дайн хийхээс аргагүй төрийн эргэлт хийх суурийг тавьсан” хэмээн буруутгаж байна. Харин Молдавын ерөнхийлөгч Маяа Санду “Улс төрийн тогтворгүй байдлын үед эмх замбараагүй байдлыг зохиомлоор үүсгэхийн тулд энгийн иргэдийн дүрд хувирсан хорлон сүйтгэгчдийг ажиллуулсан” хэмээн буруутгаж байгаа юм.
Сануулахад, Украины ерөнхийлөгч Володимир Зеленський нэг жилийн өмнө яг ийм агуулга бүхий мэдэгдлийг хийж байсан билээ.
Цагаан ордон Молдавын бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлыг дэмжин ажиллана гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгч Сандутай уулзах үеэрээ илэрхийлжээ.
МОЛДАВТ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
Энэ сарын эхээр Зеленський Молдавт улстөрийн тогтворгүй байдал үүсгэх Оросын төлөвлөгөө нэвтэрсэн гэдгийг сануулж байв.
Молдавт шатахууны үнэ тэнгэрт тулж, инфляц нь өссөн тул Ерөнхий сайд нь огцорсон юм. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд нь Молдавыг Европын холбооны төлөөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг идэвхтэйгээр үргэлжлүүлсээр байгаа нь Оросын дургүйг ихэд хүргэж байгаа бололтой. Гэвч тус улс дах Москвагийн талыг баримтлагч намууд жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байна.
Улс оронд нь улстөрийн тогтворгүй байдал үүсээд байгааг ОХУ өөрт ашигтайгаар ашиглаж байна гэж Молдавын Ерөнхийлөгч Санду Москваг буруутгав. Маяа Санду:
-Цэргийн сургалтад хамрагдсан энгийн иргэдийн дүрээр үймээн дэгдээгч хорлон сүйтгэгчид Засгийн газрын байр руу халдах зэргээр ажиллаж байгааг зогсоох арга хэмжээг өнгөрөгч намар төлөвлөсөн хэмээв. Мөн тэрээр “сөрөг хүчин нэрээр халхавчлан төрийн эргэлт хийхээр санаархаж байна” гэсэн юм.
Молдавын Гадаад хэргийн сайд асан Гроза энэ бүх үймээн самуун, төрийн эргэлт болохоор зэхэж буй зэргийг Оросоос явуулж буй бодлого гэдэг нь илэрхий хэмээн хардаж буйгаа илэрхийлжээ.
“Молдав бол Оросын өдөөсөн дайнаас Украины дараа орохоор хохирол амссан улс. Бид жижиг, хөгжиж буй орон” гэлээ.
ОРОСЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
“Хэдийгээр Москва болж буй үйл явцыг үгүйсгэж байгаа ч энэ нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэх, мөн 2022 онд Украин руу дайран орсон нөхцөл байдалтай төстэй юм” гэж CNN дүгнэжээ.
Харин Ройтерс агентлаг “Путин 2012 онд Молдавын тусгаар тогтнолыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн гадаад бодлогын зарлигийг цуцалсан” гэж мэдээллээ.
Өнгөрсөн сард Молдавын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга “Энэ 2023 онд Орос Молдавын зүүн хэсэг рүү дайрах өндөр эрсдэл байна” гэсэн юм. Молдав НАТО-ийн гишүүн улс биш. Энэ нь Путины хувьд таатай “нөхцөл” болж байгаа бололтой гэж CNN бичжээ.
МОЛДАВЫН ТУХАЙ ТОВЧХОН
Далайд гарцгүй, Украин, Румын улстай хил залган оршдог. Молдавт хүйтэн дайны сүүлийн жилүүдэд Оросын цэргийн застав байрлаж байв. 1990 онд ЗСБНХУ задран унасны дараа 1991 онд Молдав тусгаар тогтнолоо зарласан юм.
Улмаар 1992 онд НҮБ-ын гишүүнээр элсчээ. Молдав улсын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Эх сурвалж: CNN, Reuters