/2023.02.06/: Зах зээлд IHC гэх койныг гаргах замаар "Их бит" ХХК иргэдээс 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн.
Харин хоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнө тус "Их бит" компанийн захирал О.Мөнхжинг "Хувьцаа эзэмшигч нарыг татан төвлөрүүсэн, хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан, мөн зах зээлд манипуляц хийсэн" гэх шалтгаанаар баривчилсан юм.
Энэхүү IHC койн нь анхдагч арилжаагаар хөрөнгө оруулагчдад 0.20 төгрөгөөр санал болгож хоёрдогч арилжаандаа оргил үедээ 7.7 төгрөгт хүрч байсан билээ.
Монголд гэлтгүй олон улсын крипто зах зээлд тохиолдоод буй криптовалютын уналтаас шалтгаалж тус койны үнэ одоогийн байдлаар 0,21 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Уг хэрэг болсон талаарх мэдээлэл цацагдах үед энэхүү койны ханш 0,22 төгрөгөөр арилжаалагдаж байсан юм. Компанийх нь захирлыг баривчилсан нь хөрөнгийн зах зээлийн хуулиар ханш нь огцом унах шалтгаан.
Гэвч одоо хөрөнгө оруулагчдын айдас ард хоцорч койны ходлерууд өөрсдийн ханшаа барьж үлдэж чаджээ.
Үүсгэн байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас шалгаж байхад ч итгэх худалдаж авагчид олон байгаа, ханшийн тогтвортой байдал зэргээс харахад тухайн койнд итгэх хөрөнгө оруулагчид төдий хэмжээгээр их байгааг харуулж байна.
Сонирхуулахад шүүхээс яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ. Харин Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.