“Хил хязгааргүй сурвалжлагчид“ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг САЙШААВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хил хязгааргүй сурвалжлагчид“ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг САЙШААВ

/2023.2.6/ Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага нь сэтгүүл зүй болоод олон нийтийн мэдэх эрхэд аюул занал учруулж болзошгүй олон нийтийн сүлжээний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшаажээ.

Мөн УИХ-д энэхүү хоригийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Зүүн Ази хариуцсан Товчооны тэргүүн Седрик Алвиани:

-Олон нийтийн сүлжээний тухай хуулийн төсөл нь “Үндэсний эв нэгдэл”, “төрийн нууцыг хамгаалах” зэрэг бүрхэг шалтгаанаар олон нийтийн сүлжээн дэх контент, тэр дундаа сэтгүүлчдийн нийтэлсэн баримтат мэдээллийг дур мэдэн устгах эрх мэдлийг Засгийн газарт олгосон. Харин энэ төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшааж байна. Хууль тогтоогчид хоригийг дэмжихгүй байхын оронд сэтгүүлзүй, олон нийтийн мэдэх эрхийг илүүтэйгээр хангах чиглэлд тус хуулийг дахин хэлэлцэх”-ийг уриалж байна гэлээ.

Өнгөрсөн сард олон нийтэд төсөл нь нээлттэй болсноос хойш хэлэлцүүлэг өрнүүлэлгүй 48 цагийн дотор баталж, УИХ-ын хамгийн хурдан хугацаанд баталсан хуульд тооцогдож буй олон нийтийн сүлжээний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хориг тавьсан юм.

УИХ энэ сард төлөвлөж буй ээлжит бус чуулганаар тус хоригийг хэлэлцэж, гишүүдийн гуравны хоёр нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ хууль батлагдвал үзэн ядсан үг хэллэг, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хар тамхины наймаа, цахим луйвартай тэмцэхэд чиглэсэн олон нийтийн сүлжээний тухай хуульд зааснаар Засгийн газраас үйлчилгээ эрхлэгчдэд "хэрэглэгчийн хаягийг түдгэлзүүлэх, устгах", “үндэсний эв нэгдэлийг бусниулах”, “төрийн болон албаны нууцыг задруулах” агуулга бүхий зөрчилтэй контентийн "мэдээллийн тархацыг бууруулах" эрх олгож буй.

Шүүх буюу хараат бус байгууллагад бус, харин төрийн байгууллагад ийм эрх мэдэл олгосон энэ хууль нь улс төрчдийн сэтгэл нийцээгүй контентийг цагдан хянах аргаар дур зоргоор, улс төржсөн шийдвэр гаргах боломжийг эрх баригчдад олгож байна.

Хэдийгээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургалч үзлийн зарчмыг өргөн хүрээнд сахин хүндэтгэдэг боловч редакцийн хараат бус байдалд саад учруулахуйц ашиг сонирхлын зөрчил хэвлэл мэдээллийн орчныг хямраадаг.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн долоо хоногийн өмнө буюу 2017 онд Монголын телевизүүд сэтгүүлчдийг өөрийн цагдан хяналтад хүргэхээс эмээж, гүтгэлгийн хэрэгт оноох ялыг чангатгах санаархалын эсрэг эфирээ түр хааж эсэргүүцэл илэрхийлж байв.

Мэдээлэл, харилцаа холбооны орон зайд ардчилсан хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор RSF-ийн санаачилсан “Мэдээлэл ба ардчиллын төлөөх олон улсын түншлэл”-д нэгдэхийг Монгол Улсыг 2021 онд албан ёсоор урьсан юм. Тус түншлэлд 50 улс орон нэгдээд байна.

Дашрамд сонирхуулахад, 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 90-д жагссан билээ.

Эх сурвалж: Глоб интернэшнл төв

Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 100 давлаа
Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 100 давлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.