/2022.8.18/ “Боловсролын хяналт-шинжилгээний ДЭЛХИЙН ТАЙЛАН: 2022” энэ жил “Боловсролын салбар дахь төрийн бус оролцогч талууд: Хэн сонгож, хэн алдах вэ” сэдвээр гарлаа.
Энэхүү тайлангийн дүн, зөвлөмжийг боловсролын салбарын талууд хэлэлцсэн юм. ЮНЕСКО-ийн төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Д.Сарангэрэл нар болон “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо” зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон.
Хувийн хэвшлийн төлөөллийн илтгэлийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Ингээд бид эхний удаад “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн тавьсан илтгэлээс сонирхуулж байна.
Илтгэлийг БҮРЭН ЭХЭЭР НЬ сонсох боломжтой.
Боловсролын хяналт шинжилгээний тайлан 20 жил гарч байгаа. Тогтвортой хөгжлийн зорилт хэрхэн биелж байгааг дэлхий даяараа хянаж, үнэлж, цаашдаа яаж сайжруулах вэ гэдэг зөвлөмж гаргаж явдаг. Хоёр дох ач холбогдол нь боловсролын салбарт тулгамдаад байгаа нэг асуудлыг сонгож аваад, мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, бодлогын санал зөвлөмжүүдийг гаргаж явдаг. Энэ жилийн тайлан хувийн хэвшлийн оролцоо, хувийн сургуулиудын үүрэг боловсролын салбарт ямар байх талаар сэдвийг сонгож “Хэн сонгож, хэн автаж байна вэ” гэдэг тайланг гаргажээ. Энэ нь Монгол Улсын хувьд цаг үеэ олсон.
Боловсролд онош тавьж, эмчилгээ бичсэн гэж ойлгож болох юм. Энэ судалгаа шинжилгээг хараат бусаар хийдэг гэдгийг зориуд дурьдах нь зүйтэй. ЮНЕСКО, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо байхгүй. Энэ тайлан Монгол Улстай ямар хамаатай вэ гэдгийг энд хөндье.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ЗЭЭЛ АВЧ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ ЯДУУРАЛД ХӨТӨЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн хороодын тайланг нэгтгээд дүгнээд үзвэл 4 асуудал үүсгээд байгааг хэлсэн байдаг. Үүнд:
- Тухайн нийгэмд болон боловсролын салбарт тэгш бус байдлыг даамжруулж байна.
- Сургуулиудыг тусгаарлаж, сургуулиудын дунд нийгмийн давхраажилт үүсэх нөлөөтэй байна.
- Суралцагчдыг сонгон сургаж ялгаварлан гадуурхаж байна. Тодорхой бүлгийн хүүхдүүдийг элсүүлэхгүй байна /хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт/
- Ашгийн төлөө сургуулиудын сүлжээ байгуулагдаж эхэллээ. Энэ сүлжээнд сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх байдлыг гажуудуулах төдийгүй ардчилал, нийгмийн эв эе, хөгжиж буй орнуудын тогтвортой байдал зэрэгт хор хохирол учруулж байна.
Яагаад цаг үеэ олсон асуудал вэ гэвэл хувийн сургуулиудын тоо, хувийн сургуулиудын боловсрол дох оролцоо 2002 оноос эхлээд 2013 он хүртэл тасралтгүй өсөж байсан. Гэрээний хороодын зөвлөмж гараад, улс орнуудад анхааруулга очсоноос хойш буюу 2014 оноос хойш дэлхий даяараа хувийн хэвшлийн оролцоо зогсонги байдалд орсон. Ямар учиртай вэ гэхээр төрөөс зохицуулахгүйгээр хувийн сургууль байгуулахыг зөнд нь тавих нь асуудалтай юм байна, зохицуулах шаардлагатай юм байна гэдгийг дэлхийн улс орнууд ойлгосон. Тийм ч учир энэ жилийн тайлан энэ сэдвээр гарсан гэж ойлгосон.
Жишээ нь, Чили улсад оюутны бослого хөдөлгөөн, иргэний нийгмийн эсэргүүцэл гарсны улмаас ашгийн төлөөх бүх сургуулиа таван жилийн дотор ашгийн бус болгох бодлого хэрэгжүүлээд, 97 хувьтай явж байна.
Өөр нэг нөлөө нь эцэг, эхийн нуруун дээрх ачаа нэмэгдэж байгааг хэллээ. Өрх гэрээс боловсролд зарцуулдаг хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Манай хувийн сургуулиудын тоо нэмэгдэж, хүүхдийн тоо нэмэгдэж байна. Энд нийгмийн дундаж давхаргынхан хүүхдээ өгдөг. Дундаж давхаргаа бид ядуу давхарга руу хувиргаж байна. Эцэг эхчүүд хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш их зээл авах болсон. Хувийн сургуулиуд бүр өөрсдөө зээлийн аппликэйшн гаргаж байна. Энэ нь дундаж ангийг бэхжүүлэх Монгол Улсын алсын харааны бодлогын эсрэг болж байгаа юм.
Гэх мэт сөрөг үр дагавар гарч байгааг тайланд дурьджээ.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР
БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ
Европын парламент хувийн бөгөөд ашгийн төлөөх сургууль боловсролын байгууллагыг олон улсын зээл, хөгжлийн тусламжийн мөнгөнөөс санхүүжүүлэхгүй байх шийдвэрийг 2018 онд гаргасан.
Боловсролын төлөөх дэлхийн хамгийн том сан Global Partnership for Education хувийн хэвшлийн боловсролын байгууллагыг санхүүжүүлэхгүй байх шийдвэрийг 2019 онд “Хувийн хэвшилд баримтлах стратеги” баримт бичигтээ дурьдсан.
Дэлхийн банк ашгийн төлөөх сургуулийн хамгийн том сүлжээнд хийж байсан хөрөнгө оруулалтаа 2020 онд царцааж байгаад, 2022 онд бүрмөсөн зогсоожээ.
НҮБ-ын Хүний эрхийн хороодын илтгэлээс харахад улс орнууд Япон, Сингапур улс тусдаа хуультай.
МАРГААНТАЙ АСУУДАЛ
Боловсролын салбарт нэг талаар шийдэл юм шиг боловч нөгөө талаар асуудал үүсгэгч байна гэдгийг тодорхойлсон. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх 98 судалгааны тайланг тоймлож үзэхэд, 2/3-т нь “Эрх тэгш байдалд үзүүлж байгаа нөлөө нь сөрөг байна” гэдэг дүгнэл гарч байна.
МУИС-ын багш, ЭЗ-ийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс “Хувийн сургуулиудад өгч байгаа улсын төсвийн дэмжлэг нь боловсрол дах санхүүжилтийн тэгш бус байдлыг бий болгож байна” гэдэг дүгнэлтийг өгсөн байдаг.
Дэлхийн банкны эдийн засагч Петер Муг, Батчимэг нарын судалгаа “Хувийн салбарт өгч байгаа төсвийн мөнгө боловсролын салбарт тэгш бус байдал үүсгэж байгаа учир тодорхой хугацаатай байх, эсвэл бүр зогсоох шаардлагатай гэж МУ-ын ЗГ-т зөвлөгөө өгч байсан.
Энэ асуудал зөвхөн боловсролын салбарт, судлаачдын дунд маргаантай байгаа асуудал биш улстөрчдийн дунд ч маргаантай байгаа асуудал. Академик судлаачдын хүрээнд ч маргаантай байгаа. Монгол Улсын хувьд төрийн зохицуулалт хийх үү, үгүй юу гэдэг нь Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд маш маргаантай. Өнөөдрийг хүртэл нээлттэй орхисон асуудлын нэг мөн. Зохицуулна ч гэж чаддаггүй, зохицуулахгүй ч гэж чаддаггүй.
ЯМАР ОНОШ ТАВЬСАН БЭ?
Нэгдүгээрт, улсын буюу төрийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх нь боловсролын салбарын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж тайланд өгүүлсэн.
Хоёрдугаарт, хувийн сургуулиуд бол суралцахуйн хямралын шийдэл биш. Боловсролын чанар, эрх тэгш байдалд тогтолцооны сөрөг нөлөөтэй байх магадлалтай байна гэдгийг анхааруулсан.
Гуравдугаарт, төрийн бус оролцоо нь засаглал эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хяналт, зохицуулалтыг шаардаж байгааг анхааруулсан.
ШИЙДЭЛ
Нэгдүгээр шийдэл. Төрийн бус оролцооны гол асуудлууд бол боловсролыг шууд олгож байна. Зохицуулалт хангалтгүй, эцэг эхээс олгож байгаа төлбөрийн хэмжээ, тогтолцоонд үзүүлэх нөлөөний хүрээнд зохицуулалтаа хийхийг зөвлөсөн.
Засгийн газруудад өгсөн зөвлөмжид “Засгийн газар хүний сурч боловсрох эрхийг нэгдүгээрт хангах. Санхүүжилтийн чанар засаглал, бодлого шийдвэр гаргахад эрх тэгш байдлыг хангах үүрэгтэй” гэдгийг сануулсан.
Улс орнууд 12 жилийн төрийн санхүүжилттэй боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийг ТХЗ-оор хүлээсэн. Энэ нь одоогийн хуульд тусаад явж байгаа. Үндсэн хуульд мөн 12 жилийн боловсрол үнэ төлбөргүй байхыг заачихсан.
Тиймээс Засгийн газрууд хүний эрхийг хангах үүргээ гүйцэтгээч гэж хэлсэн.
Хоёрдугаар шийдэл: Хүүхдийг хувийн сургуулиуд шилж сонгож элсүүлэх ёсгүй. Энэ элсэлтийг төр өөрөө хянаж зохицуулах ёстой. Төсвөөс санхүүжилт авдаг хувийн сургуулиуд төлбөр нэмж авах ёсгүй. Энэ нь тэгш бус байдлыг үүсгэж, төлбөрийн чадвараар ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байна.
Сургалтын төлбөр авдаг бол төлбөрийн тааз тавьж өгөх ёстой, нэмэлт хураамж төлбөр авахыг хориглох ёстой.
Эцэст нь, ашиг хийх нь хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олгох үүрэгтэй чинь нийцэхгүй байна. ЗОХИЦУУЛ эсвэл ХОРИГЛО.
Илтгэгч: “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг