Монгол- Япон улсуудын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой энэ наймдугаар сард тохиож байна.
Япон Улсын талаар хэн сайн мэдэх вэ гэдэг асуултад хариулахын тулд багагүй эрэл хайгуул хийсний эцэст энэ эрхмийг бид "олсон" юм. Энэ хүн бол Япон улсад ... жил суралцаж, тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд багагүй хугацаанд ажиллаж, .... Б.Баярсайхан. Түүний тавьсан илтгэл японы бизнесменүүд, төрийн албаныхны сонирхлыг ихээр татаж, мөн Японд нэр хүндтэйд тооцогддог ... сэтгүүлд нийтлэгджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
ШИНЭ НИСЭХИЙГ ТҮШИГЛЭСЭН ДЭД ХОТ БАЙГУУЛАХ, ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТОМ ЗАНГИЛАА БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАХ БОЛОМЖТОЙ
-Саяхан өөрийн чинь нэг илтгэл японы сэтгүүл дээр гарсан гэсэн. Тэгэхээр тэр илтгэлийнхээ талаар бидэнд ярьж өгөхгүй юу?
-Япон дахь Элчин сайдын яаманд Эдийн засаг, худалдаа хариуцсан зөвлөхөөр өнгөрөгч жил /2021 он/ажиллаж байлаа. Энэ үед тус улсын Эдийн засаг, Үйлдвэр худалдааны яамны харъяа судалгааны хүрээлэнгээс “Монгол Улсын "Алсын хараа 2050" хөтөлбөрийн талаар тайлбарлаж өгөөч” гэдэг саналыг тавьсан. Учир нь би Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан учир энэ талаар туршлагатай байсан хэрэг. Тэр хүсэлтийн дагуу “Монгол Улсын "Алсын хараа 2050" ба Япон Улсын хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ бодлогын баримт бичгийг цаашид хэрэгжүүлэхэд Япон улсаас ямар хүлээлттэй байна, яаж хамтран ажиллаж болох вэ гэдэг талаас нь санаа авахуйц судалгаа шинжилгээтэй илтгэл болсон.
Япон улсын Эдийн засаг, Үйлдвэр худалдааны судалгааны хүрээлэнгийн хувьд японы томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлүүд нь мэдээлэл авч, бизнес төлөвлөгөө, бодлогоо гаргаж ажилладаг газар.
-Илтгэлээсээ бидэнд сонирхуулахгүй юу. Тухайлбал, Япон улстай бид яаж хамтран ажиллаж болох вэ?
-Япон улсаас техник технологийн хөрөнгө оруулалт болон шууд хөрөнгө оруулалт их чухал байна. Манай улсын хувьд тэргүүлэх зургаан салбараа бодлогоор тодорхойлчихсон. Энэ дагуу Япон улстай Эдийн засаг, Бүс орон нутгийн хөгжил, Нийслэл ба дагуул хот гэсэн гол гол хэсгүүд дээр хамтран ажиллах, мөн өөр бусад томоохон төслүүдийг санал болгох боломжууд бий.
-Тухайлбал, бүс орон нутгийн хөгжилд зориулсан ямар төсөл байж болох вэ?
-Орон нутгийн хөгжил, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын дэд төвүүдийг байгуулах төслүүдийг санал болгосон. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд томоохон төслүүд хэрэгжүүлж болох талаар санал тавьсан.
Шинэ нисэх онгоцны буудлыг 15 жилийн хугацаатайгаар Японы худалдааны хамгийн том компани Митсубиши, мөн Токиогийн Хайнада, Нарита гээд хоёр томоохон нисэх онгоцны буудал болон Jalax гэсэн энэ дөрвөн том компани ажиллаж байгаа. Эдгээр компанийн түншлэл нь шинэ нисэх онгоцны буудлын 51 хувийг концессын гэрээгээр эзэмшиж байна. Нэгэнт японы эдгээр томоохон компаниуд ажиллаж байгаа бол Япон Улсаас шинэ нисэхийг түшиглэсэн дэд хот байгуулах, тээвэр ложистикийн том зангилаа болгон хөгжүүлэхэд хамтрах боломжтой.
-Японы тал ер нь яаж хүлээж авч байгаа бол?
-Дурьдсан томоохон компаниуд нь манай улсад ажиллаж байгаа учир нэлээн сонирхож хүлээж авч байгаа. Сонирхох өөр нэг шалтгаан нь санал тавьж байгаа бодлого маань 30 жилийн хугацаанд хэрэгжих учир бид 30 жилийн дараа ямар зорилтод хүрсэн байх вэ гэдгээ япончуудад сайн ойлгуулж чадсан гэж бодож байна.
ЯПОН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГЭЭД 6 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙГАА Ч МАНАЙ УЛСААС АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ
-Япон-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Гэвч манай бизнесменүүдийн хэлдэг нэг зүйл байна шүү дээ. Японтой бизнес хийхэд хэцүү дээ. Ер нь тийшээ тэндээс бараа импортлоход ч юм уу, тийшээ бараа экспортлодог ч юм уу, ер нь аягүй хэцүү дээ гэж гэдэг л зүйлийг ярьдаг шүү дээ. Яагаад юм бол?
-Япон улсын стандарт маш өндөр л дөө. Импортын бараан дээрх стандарт түүн дотроо хүнсний бүтээгдэхүүн, хүний арьсанд шууд хүрэлцэх хувцас зэрэгт өндөр стандарт тавьдаг. Стандартыг нь давж чадах хэмжээнд л бараа бүтээгдэхүүнээ боловсруулж, үйлдвэрлэхгүй бол тэр зах зээл рүү нэвтэрнэ гэдэг хэцүү л дээ. Ингэж стандартыг хангадаг болоход олон жилийн хөдөлмөр шаардагдана.
Хоёр орны хувийн хэвшлүүдийн хоорондын тасралтгүй, тууштай хамтын ажиллагаа бас их чухал. Энэ тал дээр манай хувийн хэвшлүүд бас учир дутагдалтай ханддаг тал бий. Ганц нэг зүйл дээр саад тотгор үүсэхэд л тэр чигт нь хаячихна, харилцаа холбоогоо тогтмол, тууштай хадгалж чаддаггүй гэх мэт асуудалтай.
Үүнээс гадна хоёр улсын хоорондын эдийн засгийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд зургаа дахь жилдээ орж байна. Гэтэл Япон улстай хийдэг гадаад худалдааны баланс маш алдагдалтай. Бид японоос бараг 500 сая долларын бараа жил болгон импортолж, 20-иодхон сая долларын бараа экспортолдог. Шалтгаан нь дээр өгүүлснээр манай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой.
-Эдийн засгийн хэлэлцээрт худалдааг хөнгөвчлөх боломжтой заалтууд байдаг юм болов уу?
-Эдийн засгийн хэлэлцээрт олон нааштай заалт бий. Жишээ нь, зарим бүтээгдэхүүн дээр үе шаттайгаар татварыг бууруулж, 10 жилийн дараа татварыг тэглэнэ гэж заасан байдаг. Гэтэл бид бас энэ хэлэлцээрийн гол заалтуудыг ашиглаж чадахгүй байгаа юм. Хонины махаа гаргая гэхэд л гарал үүслийн гэрчилгээ гэж шаардлага тавигдана. Гэтэл манайх нүүдлийн мал аж ахуйтай тул гарал үүслийн гэрчилгээ нь асуудалтай.
-Үе шаттайгаар татварыг тэглэнэ гэдэгт, тухайлбал ямар ямар бүтээгдэхүүн орж байгаа вэ?
-Үр тарианы бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо ч гэдэг юм уу ер нь бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн ноос ноолууран бүтээгдэхүүнүүд орсон.
Үе шаттай гэдэг нь гурван жилийн дараа тодорхой хэмжээнд гаалийн татварыг буулгах, 10 жилийн дараа тэглэх гэх мэт заалтууд бий. Одоохондоо япон руу бараа экспортолно гэхээр их л хол сонсогдож байгаа юм. Тэгэхээр бодлогын түвшинд, төр засгийн бодлогоор нь анхаарал хандуулах шаардлагатай. Энэ тал дээр манай улсын Элчин сайдын яам маш сайн ажиллах л хэрэгтэй.
-Бизнесийн байгууллагууд, иргэдийн хувьд байнгын тууштай харилцаа тогтоож чаддаггүй гэх зэрэг асуудалтай байдаг юм байна. Тэгвэл төр засгийн хэмжээнд хамтран ажиллаж, харилцахад үүсдэг саад бэрхшээлүүд нь юу байдаг вэ?
-Ойлголцоход бэрхшээлтэй зарим зүйл харилцаан дээр байсан. Тэр нь японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүдээ авч явдаг. Гэтэл манай улсад яг тэр яамтай нь тогтолцооны хувьд хамтран ажиллах яам байгаагүй. Одоо Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулах гэж байна. Тиймээс бас нааштай алхмууд хийгдэх байх.
-Дэлхийд эдийн засгаараа гуравт орох ийм том улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийчхээд хаячихсан гэхээр сонин л юм, манай улс. Энэ эдийн засгийн хэлэлцээрийн үеэр таны оролцоо бас байсан уу?
-2016 оны зургаадугаар сарын 7-нд хэлэлцээр хийгдсэн. Миний оролцоо байгаа, байгаа. Энэ үед Үндэсний хөгжлийн газрын дарга байсан.
-Та Япон улс дахь Монголын Элчин сайдын яам бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэлээ. Эдийн засгийн ийм том түншлэлийн хэлэлцээр хийчихээд байхад одоо хүртэл хоёр улсын худалдааны баланс тэнцвэргүй байгаад байдаг. Ер нь тус улс дахь Элчин сайдын яамны үйл ажиллагаанд Та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Манай Элчин сайдын яаманд 10 орчим дипломаттай ажилладаг. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд Япон улсад байгаа Элчин сайдын яам бол маш идэвхтэй ажиллах ёстой. Хувийн хэвшлүүдийг хооронд нь холбодог, Япончуудад болж бүтэхгүй байгаа зүйлүүдээ болон болгож сайжруулмаар байгаа зүйлүүдээ нээлттэй ярьж таниулдаг байх ёстой. Байнга боловсруулдаг төсөл хөтөлбөртөө хөрөнгө оруулалт татахын тулд тогтмол мэдээлэл хүргэж, шаардлагатай бүхнийг хийдэг л байх хэрэгтэй. “Ойлгодог хэлээр нь хүргэх” гэдэг нэг үг бий шүү дээ. Яг л тэр түвшинд ажиллах ёстой юм. Гэтэл дотроо сонин хэвлэлийн мэдээ орчуулаад, тэрийгээ төв рүүгээ л явуулаад байдаг нь харамсалтай санагддаг.
ЯПОН УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛҮҮДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ ТОГТОЛЦООГ МАШ САЙН СУДАЛЖ, НЭВТРҮҮЛВЭЛ ЯПОН ЛУГАА ХӨГЖИНӨ
-Манай улс сүүлийн үед "Япон лугаа хөгжье" гээд байна шүү дээ. Энэ концепцыг та юу гэж ойлгож байна?
-Мэдээж Япон, Монголыг хооронд нь харьцуулахад шал өөр. За тэгээд Япон Улс 120 сая хүнтэй, Монгол Улс 3 сая гаруй хүнтэй. Манай эдийн засаг Японы нэг жижиг хотын хэмжээний л дайтай. Жишээ авч хэлэхэд, японд машины дугуй үйлдвэрлэдэг гурван том компанийн нэг болох Окама үйлдвэрийнх нь хэмжээнд л байдаг.
Япон Улсын төр нь хувийн хэвшлүүдээ яаж дэмжиж байна гэдэг тогтолцоог маш сайн судалж, тэр тогтолцоог л Монгол Улсад нэвтрүүлэх нь "Япон лугаа хөгжье" гэдэг концепцийн гол түлхүүр болох болов уу. Жишээлбэл, Засгийн газрынх нь бүтэц зохион байгуулалтын хувьд Эдийн засаг, Үйлдвэр худалдааны яам гэж байдаг. Энэ яамны гол зорилго нь ерөөсөө л хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг. Одоо манайд байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яг л тийм яам болох ёстой.
Хувийн хэвшлийг дэмжихдээ хэрэглээг соёл болгох, хэдэн арав магадгүй зуун жилийн стратегитай. Архи согтууруулах ундааны хэрэглээг гэхэд заавал мөстэй, устайгаар бага градустай уудаг соёлыг тогтоочихсон. Хувийн хэвшлүүд нь бас дүрэм, журмыг нь маш сайн дагаж мөрддөг гэх мэт жишээлээд ярьвал олон зүйл бий.
-Япон Улсын хувьд манай улс ямаршуу байр суурь эзлэх бол?
-Геополитикийн хувьд Монгол бол чухал улс орон. Стратегийн хэмжээнд Монгол Улсын хөгжилд оролцох, хамтын ажиллагаа үүсгэх талд нэлээн сонирхол ихтэй. Гэхдээ жирийн япончууд монголын талаар тийм ч сайн мэддэггүй. Монгол гэхээр тэр хүмүүсийн хувьд сумо бөх л санаанд нь орж ирнэ. Одоо Монгол гэхээр бөхчүүд, малчин ард түмэн гэдэг ойлголттой. Цөөн хүрээний хүмүүс л монголын талаар сайн мэдлэгтэй.
-Ер нь яагаад япончууд бидэнтэй сайн харилцаатай байдаг юм бол. Өнөөдрийг хүртэл манай улсад маш их зүйл хийж өгсөн. Газар хөдлөлтөд өртөөд хүнд байдалд орсон ч манай улс дахь хөтөлбөрүүдээ зогсоож байгаагүй. Гэхдээ яагаад гэх бодол ч гэх үү, хардлага ч гэх үү төрөөд байдаг?
-Японы эдийн засгийн стратегийн бодлого байна л даа. Ер нь японтой харилцаж байгаа дэлхийн зуу гаруй улсууд байдаг. Тухайн улс орны төрийн тэргүүнүүдийг хүлээж авдаг гурав, дөрвөн том буудал байдаг юм. Тэр улс орнууд бас л хамтын ажиллагаа үүсгэх, хөрөнгө оруулалт, худалдаа наймааны санал тавьж, тусламж дэмжлэг хүсдэг. Энэ дунд Монгол Улсыг бас арай илүү элгэмсэг дотно хүлээж авдаг. Хүн төрөлхтөн монголчуудаас гаралтай гэж үзэх нь ч бий.
Бас монгол хүнтэй найзалж нөхөрлөөд, монголд ирж үзсэн япон хүн заавал дахиж ирдэг. Манай монголчуудын хувьд ч бас япончуудтай их элгэмсэг дотно харьцдаг, зочломтгой зангаар хүлээж авдаг нь таалагддаг байж магадгүй.
-Хоёр улсын найрамдалт харилцааны 50 жилийн хугацаанд хамгийн их хоцрогдож байгаа салбар нь юу гэж харж байна?
-Хоцрогдох гэхээс илүү хамгийн сайн хөгжсөн нь улс төрийн харилцаа. Эдийн засаг, бизнесийн харилцааг сайжруулах нь чухал. Японы стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг япон болон монголын хувийн хэвшил хоорондоо хамтраад хийж чадвал дэлхийн зах зээл бидэнд нээлттэй байна.
Заавал японтой хамтарч байна гээд “Монголд үйлдвэрлэв” гэж хийгээд байх шаардлагагүй л гэж боддог. Монголдоо түүхий эдээ хагас болон гүн боловсруулаад, япон руу тэр хэмжээнд экспортлоод тэндээ Made in Japan болох юм бол дэлхийн зах зээлд хамтран ажиллах боломж нээгдэнэ. Бидэнд түүхий эд нь байна, газрын доорх баялаг, мал аж ахуй, газар тариалан байна шүү дээ.
-Манай улстай ингээд хамтран ажиллахад учирдаг бэрхшээл нь юу бол?
-Аль аль талдаа тууштай хамтын ажиллагаа үүсгэх чухал гэж дээр хэлсэн. Бидэнд гол дутагдаж байгаа юм бол тууштай хамтын ажиллагаанаас гадна дэд бүтцийн асуудал байгаа юм. Мэдээж тууштай хамтарч ажиллахын тулд манай улсын дэд бүтэц дээр суурилсан жижиг дунд үйлдвэрүүдийг нэлээн сайн зохион байгуулах хэрэгтэй. Галд тэсвэртэй тоосго үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулъя гээд хэсэг япончууд яваад л байдаг, яваад л байдаг. Гэтэл дэд бүтэц дээрээ л бүгд очоод гацаж байна. Бутлуурын үйлдвэр байгуулъя гээд сум орон нутгаас нь арай гэж нэг газар аваад хийх гэсэн чинь цахилгаан, ус байхгүй. Тэгээд л баахан зөвшөөрөл хөөцөлдөнө. Японд яадаг вэ гэхээр “Энд үйлдвэр технологийн парк байгуулна” гэхэд улсаас нь цахилгааныг нь татаж, усыг нь залгаад өгчихнө. За тэгээд интернэт, шилэн кабелийг нь холбочихно. Төр үндсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Нөгөө компани яг тэрэнд нь тааруулаад бизнес төлөвлөгөөгөө гаргаад ажиллана. Манай улсад ийм зүйл байхгүй.
Нөхцөл байдал ийм учир "Алсын хараа 2050" хөтөлбөрт “Эхний 10 жилдээ бид дэд бүтцээ шийдье” гэдэг зорилт тавьсан. Үүн дээр суурилаад жижиг дунд үйлдвэрлэл, хагас гүн боловсруулах үйлдвэрлэлийн эрин рүү дараагийн арван жил нь орох төлөвлөгөөтэй. Тэгээд энэ бодлогоо буюу эхний ээлжинд манай дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллахгүй бол дараагийн сууриуд нь ерөөсөө тавигдахгүй юм гэдгийг илтгэлээрээ нэлээн сайн ойлгуулж өгсөн.
-Тухайлбал?
-Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд японы авиа компаниуд нисээд эхлэх байх. Тэгвэл япон жуулчидтай ажиллах боломжтой болчихно. Японы жуулчдыг хүлээж авахын тулд суурь аялал жуулчлалын дэд бүтцүүдийг хөгжүүлэх шаардлагатай тул тэр төслүүдэд оролцооч ээ гэсэн юм. Одоо бол олон зуун километр давхиад л нэг чулуу хад очиж үздэг, гол ус харуулдаг. Замдаа зогсох боловсон 00 ч ховор.
ПРИУСНЫ БАТТЕРЕЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР НЭЭГЭЭЧ ГЭДЭГ
САНАЛЫГ ТАВЬСАН
-Манай улс японы хуучин машины хогийн цэг болох нь ээ. Хэдийгээр бид сайн дураараа оруулж ирж байгаа ч, энэ талаар тайлбарлаж ярьдаг хүн гэж байна уу?
-Энэ талаар би илтгэлдээ дурьдсан л даа. Манайд импортолж байгаа нийт машины 94 хувийг японоос оруулж ирж байгаа хуучин машинууд. Бараг ихэнх нь приус. Хуучин приусны баттерей гэдэг бол одоо манай улсад нийгмийн түвшний асуудал болсон. Тийм учир би энэ нөхцөл байдлыг танилцуулж, “Энийгээ та нар ахиж боловсруулдаг ч юм уу, анхаарч аваач ээ” гэж уриалсан. Дахин боловсруулах үйлдвэрээ манай улсад байгуулдаг ч юм уу.
-Тэгсэн юу гэж байна?
-Хөдөлж байгаа л даа. Энэ бол япончуудын бас нэг нийгмийн хариуцлага байхгүй юу. Тэр талаас нь хэлж байгаа юм. Энэ асуудлыг Элчин сайдын яамнаас голдирлыг нь олоод өөрсдөд нь хариуцлагыг нь үүрүүлчих юм бол болохгүй юм байхгүй.
-Оюутнуудын тоог нэмэгдүүлэх асуудал дээр та илтгэлдээ дурьдсан уу?
-Энэ 2022 онд гэхэд 3 мянган монгол оюутан япон улсад суралцаж байна. Мянган инженерийн хөтөлбөр эхэлчихсэн. "Гучин жилийн дараах боловсон хүчнийг бэлтгэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүмүүс суралцаж байгаад маш их баяртай байна" гэдгээ илэрхийлсэн. Тэгээд бас нэг том санал тавьсан. "Говьсүмбэр аймгийн Чойр гэдэг хот байна. Энэ бол яг төмөр зам дагуу, авто зам, шилэн кабелиар холбогдсон. Маш их нүүрсний нөөц, Хэрлэн голын ай сав гээд усны асар их нөөцтэй. Дэд бүтэц нь ингээд бүрэлдчихсэн энэ хот дээр суурилаад мянган инженер буюу Коосэний олон улсын төвөө энд байгуулаач" гэсэн юм.
Япон чинь 48 мужид 50 гаруй коосэнтэй. Инженер бэлтгэдэг Коосэнээ дагаад боловсруулах үйлдвэртэй, тэрийгээ дагаад муж болгон нь брэндүүдээ хувааж авсан үйлдвэрүүдтэй. Спонсорууд нь дэмждэг, инженерүүдээ тухайн сургуулиудаас авдаг ийм иж бүрэн тогтолцоо юм.
Манай монголд олон коосэн хэрэггүй ээ. Ганц байхад болно. Тэгээд Япон Монголын хамтарсан энэ сургуульд нь дэлхийн улс орнуудаас суралцахаар ирдэг тийм төв болох нь чухал.
-Таны илтгэлийн дараа холбогдсон, асууж сурагласан тохиолдол хэр байна?
-Нэлээн олон уулзалтууд энэ илтгэлийн үр дүнд бий болсон. Хэд хэдэн компани, жижиг дунд жижиг дунд үйлдвэрүүд холбогдсон. Хамгийн гол нь эхний маш том ойлголтыг эндээс авах нь чухал байсан. Судалгааны хүрээлэнгээс санал тавьж, "Алсын хараа 2050" хөтөлбөрийнхөө зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд цуврал илтгэл тавих санал гаргасан. Энэ намраас эхэлнэ дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.