/2023.08.11/ АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.
Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.
"АПУ" ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна.
Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.
"Монгол бяслаг, сархад"-ын үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.
АПУ ХК-ийн СББ компани тэртээ 1973 онд анх байгуулагдаж, Монгол Улсын Хүнсний үйлдвэрлэлийн салбарт хагас зууны турш шинэ инновац, шинэлэг технологийг нэвтрүүлэн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэн, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Зүүнхараагийн хөгжил дэвшил, дэд бүтэц, эдийн засагт онцгой хувь нэмрийг оруулсаар ирсэн.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд "АПУ" ХК-ийн "СББ" компани нь бал бурам, нарийн боов, ундаа, гоймон зэргээс эхлүүлэн инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон стратегийн түүхий эдээ дотооддоо боловсруулан үйлдвэрлэж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж, зөвхөн эдийн засаг төдийгүй улс эх орны хөгжлийн түвшинд онцгой хувь нэмэр оруулсаар байна.
Өдгөө АПУ компанийн “Спирт Бал Бурам” компанид нийт 300 гаруй хүн ажиллаж, сүүлийн 5 жилийн хугацаанд 367 тэрбум гаруй төгрөгийн татварыг төлж, сум орон нутгийн нийт 40 гаруй газар тариалан эрхлэгч, 580 гаруй малчид фермерүүдтэй тогтмол хамтран ажиллаж байна.