/2023.6.19/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна.
Энэ төсөлд зааснаар жорооо морины уралдаанд түрүүлж, айрагдсан уяачдад улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь зүйтэй гэжээ.
Төслийн үзэл баримтлалд энэ талаар тусгахдаа "Жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгасан болно" гэжээ.
1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулдаг. Гэхдээ энэ уралдаанд түрүүлж, айрагдсан тохиолдолд ямар нэгэн цол, чимэг олгодоггүй билээ.