Боловсролын салбарын #МаргаашийнТухай ярилцлаа. Нэг талд хувийн сургуулиудад жилдээ 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй сурч байгаа хүүхдүүд, нөгөө талд улсын сургуулиудад ангидаа 50-60-уулаа шахалдан суралцаж байгаа хүүхдүүдийг зүгээр л хараад сууж байгаагийн төлөөс маргааш бидэнд яаж ирэх бол? Цагаан цаас шиг хүүхдүүдээ ийнхүү эдийн засаг, нийгмийн гарлаар нь илтэд ялгаварлан гадуурхаж өсгөснийхөө шанг маргааш бид яаж авах бол? Маргаашийн тухай ярилцлага өмнө нь технологийн салбар, эрүүл мэндийн салбарын талаар ярилцсан билээ.
Салбар: Боловсрол
Зочин: Д.Тунгалаг (“Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч)
ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ ЭНГИЙН ДУНД СУРГУУЛИАС 13 ДАХИН ӨНДӨР САНХҮҮЖИЛТ АВДАГ
-Боловсролын салбарт тэгш бус байдал хэр их газар авсан бэ? Түүнийг бид хэрхэн мэдэж болох вэ?
-Боловсролын чиглэлээр ажилладаг ТББ-ын хувьд боловсролд шинээр гарч ирж байгаа асуудлуудад мэдрэг ханддаг. Хувийн сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд анх байгуулагдахад “Байх ёстой зүйл” гэж хүлээж авч байлаа. МУИС-ийн доктор Б.Отгонтөгс багшид 2014 онд ЕБС-ийн санхүүжилтийн байдалд судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнгээс боловсролын салбарт тэгш бус байдал гаарч, гүнзгийрснийг олж мэдсэн. Нэгдүгээрт, олон улсын буюу кембрижийн сургалттай төрийн өмчийн бүрэн дунд сургуулиуд ердийн сургуулиас 13 дахин их санхүүжилт авч байгаа нь санхүүжилтийн бодлогоор тэгш бус байдал үүсгэж байна. Хоёрдугаарт, хувийн сургуулиудад улсын төсвөөс нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар санхүүжилт олгож байгаа нь мөн тэгш бус байдлыг үүсгэж байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Эндээс боловсролын тэгш бус байдлыг анзаарч эхэлсэн. Үүнийг тооцоолж гаргадаг арга өнөөдрийг хүртэл Монгол Улсад бий болоогүй байна. Үндэсний статистикийн хороо, Боловсролын яаманд ч алга.
-Тэгэхээр бид тэгш бус байдал ямар түвшинд хүрснийг мэдэх аргагүй гэсэн үг үү?
-Манайд цугларч байгаа боловсролын дата, мэдээллүүдийг ЮНЕСКО, НҮБ-ын түвшинд анализ хийгээд Монгол Улсад тэгш бус байдал хамгийн их үүссэн салбар бол дээд боловсрол гэдэг судалгааг гаргасан. НҮБ-аас гаргасан тоог хэлье. Ядуу эрэгтэйчүүдийн 16% нь дээд боловсрол эзэмшиж байгаа бол чинээлэг эмэгтэйчүүдийн 76 хувь нь дээд боловсролтой болж байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тооны хооронд 60 пунктын зөрүү байна. Энэ бол тэгш бус байдлын тод илэрхийлэл. 2016 оноос л судлаачид ядуу иргэд дээд боловсрол эзэмшихээ больж байна гэдгийг хэлж, сануулсаар ирсэн.
-Сургуулийн өмнөх боловсролын хувьд?
-Судалгааг дахиад эш татъя, хөдөө амьдардаг, бага боловсролтой ядуу өрхийн хүүхдүүдийн 30 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байхад хотын дээд боловсролтой ээжүүдийн хүүхдүүдийн 89 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна гэдэг тоо гарсан. Дахиад 60 орчим пунктын зөрүү гарч байна. Энэ бол яалт ч үгүй монголоос цуглуулж байгаа албан ёсны датан дээр үндэслэсэн судалгаа.
-Орлогын байдлаасаа үл хамаараад дээд боловсрол эзэмших ёстой гэж үү?
-Тийм. Тэгш бус байдал гэдэг нь өөрийн авъяас чадвараар боловсрол эзэмшихэд нь тухайн хүүхдээс хамаарахгүй байдал нөлөөлөхгүй байвал энэ тэгш байдлын илэрхийлэл гэдэг. Бид яагаад АНУ-ын дээд сургуулиудад тэтгэлэгтэй хамрагдаж чаддаг юм гэхээр бид ядуу орны иргэд учраас тэр. Ер нь боловсролын бүх салбарт төлбөртэй л бол ядуу өрхийн хүүхдийг ялгаварлах нь тодорхой гэж Хүний эрхийн конвенциэр үздэг. Үүнийг шийдэх арга нь ерөөсөө л төлбөргүй болгох юм. Хүний эрхийн гэрээгээр бага боловсролыг төлбөргүй байлга, улмаар суурь боловсролыг төлбөргүй болго, чадвал дээд боловсролоо төлбөргүй болго гэдэг. Энэ чинь ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш боломж олгох, хүний эрхийг хэрэгжүүлэх үндэс юм.
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ БОЛ ХАМГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ
-Бага, дунд боловсрол дээр илүү анхаарцгаая. Ямар ч эцэг эх хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг. Хувийн бүх дунд сургуулиуд хотод төвлөрч, хөдөө орон нутагт чанартай сургууль алга. Хүн амын хэт төвлөрөл боловсролын тэгш бус байдлын нэг шалтгаан мөн үү?
-Дээр өгүүлсэнчлэн, тэгш бус байдлыг бууруулахын тулд тэтгэлэг, квот өгдөг нь илрэлтэй нь тэмцэж буй хэлбэр. Тэгш бус байдалтай үнэхээр тэмцье гэвэл сууриас нь эхлэх ёстой. Жишээ нь, Сингапур гэхэд баян ядуу гэж ялгалгүйгээр орон сууцны хорооллуудыг барьдаг. Тэгэхээр тэр дунд байгаа сургуульд нийгмийн бүх салбарын хүүхэд хамт сурдаг. Ялгарчихаар нийгмийн чинээлэг хэсэг нь голлон амьдарч байгаа дүүрэгт нийгэм эдийн засгийн статус дээгүүр хүүхэд бөөгнөрөөд, хотын захад эсрэгээрээ болдог. Ялгаатай байдал улам нэмэгдэх үндэс нь энэ. Монголчуудын суурь үнэт зүйл нь эрдэм боловсролыг дээдэлдэг ард түмэн. Хот руу шилжиж ирж байгаа татах хүчний нэгдүгээр асуудал нь боловсрол. Бага дунд ангийнхны хувьд эцэг, эх нь хүүхдүүддээ чанартай боловсрол олгохын тулд нүүж ирж байна, эсвэл дээд боловсрол эзэмшихээр ирсэн хүүхдээ дагаад нүүгээд ирдэг. Хувийн сургуулиуд аймгийн төвүүдээр ганц нэг байгуулагдаад эхэлсэн. Гэхдээ чанар хүртээмж, боломж нь УБ-аас харьцангуй доогуур.
Боловсролын тэгш бус байдлыг арилгаж улсын бүх сургуулийг хувийн сургуулиудтай адил нөхцөл бүрдүүлэх нь чухал. Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар эцэг эхчүүд хувийн сургуулиудын чанарт болж тэдгээрийг сонгодоггүй, зөвхөн эрүүл аюулгүй орчин нөхцөлд нь татагдаж сонгодог гэдгийг гаргаад ирсэн. Бидэнд шийдлийг нь бараг хэлээд өгчихөж байгаа биз дээ? Улсын сургуулиудын чанар, орчныг шийдэж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боловсролд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулахгүй байна гэдэг тэгш бус байдлыг улам бүр нэмнэ.
-Хөдөөнөөс хот руу төдийгүй, хот доторх шилжилт хөдөлгөөн, замын түгжрэлийн гол эх үүсвэр нь мөн боловсролтой холбоотой болчихоод байна. Гэхдээ хамран сургах тойрогт нь хүүхдүүдээ сургах ёстой гэж үзвэл гэр хорооллын иргэдийн хувьд гомдолтой биш үү? Яагаад хүүхдүүддээ өндөр анхаарал хандуулдаг би хүүхдээ заавал захын хорооллын орчин, нөхцөл нь хангагдаагүй сургуульд сургах ёстой гэж? Тэгэхээр хамран сургах тойрог гэдэг нь хэр шударга шийдэл юм бэ?
-Хүн төрөлхтний бодож олсон шударга хуваарилалт. Чөлөөт сонголт өгөх нь тэгш бус байдлыг гүнзгийрүүлнэ гэдгийг олон улсын судалгаанууд хэлж байна. Үүнийг тодоор харуулж байгаа жишээ нь, манай улс шүү дээ. Хотын захад амьдардаг хүмүүс хүүхдүүдээ 1, 5, 23, 24 зэрэг хотын төвийн сургуулиудад өгдөг бол, төвд амьдардаг хүмүүс Зайсан чиглэл рүү байх хувийн сургуулиудад хүүхдүүдээ өгдөг. Бүр тийм тренд ажиглагдаж байна гэж байгаа юм, Баянхошууныхан Ирээдүй сургуульд хүүхдүүдээ өгдөг бол, 1-р хорооллынхон хотын төвийн сургуульд хүүхдүүдээ өгдөг гэнэ. Хамран сургах тойргоо бид ерөөсөө барьдаггүй, цаасан дээр байгаа л гэсэн үг. Өнгөрсөн жил Боловсролын яам ийм хязгаарлах оролдлогыг хийсэн. Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг нэгдсэн системээр бүртгэж аваад, бүртгэлээс нь гэрийн хаягийнх нь дагуу ойролцоох сургуульд нь хүүхдийг нь хуваарилчихаж байгаа юм. Энэ бол шударга.
-Яагаад, надад шударга санагдахгүй л байх юм?
-Чөлөөт сонголтыг хязгаарласнаар хүүхдүүдийнхээ сургалтын чанар, орчинд анхаардаг эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд зохих шаардлагуудыг тавьж эхэлдэг. Гэтэл ийм идэвхтэй эцэг эхчүүд өнөөх чанар, орчин муутай сургуулиас “дүрвэчихээр” нөгөө сургууль улам мууддаг. Гэр гэрийнх нь хажуу талд байгаа сургуульд хүүхдийг явуулах нь тухайн сургуулиудыг эцэг эхийн оролцоотойгоор сайжруулах хамгийн сайн арга зам юм. Ерөөсөө сургуулийн тэгш бус байдлыг бууруулах хамгийн сайн тогтолцоо бол эцэг эхчүүдийн оролцоо. Яагаад улсын сургуулийг чанаргүй гэж хэлээд байна гэхээр шаардлага тавьдаг нийгмийн дундаж давхаргынхны эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдээ өгчихөж байгаа юм. Энэ бол улсын сургуулиудын чанарыг унагааж байгаа нэг үндэслэл.
ХУВИЙН СУРГУУЛИУДАД ХУВЬСАХ ЗАРДАЛ НЭРЭЭР САНХҮҮЖИЛТ ОЛГОЖ БАЙГАА НЬ ТЭГШ БУС БАЙДЛЫГ НЭМЭХ ТУЛ ЗОГСООГООЧ
-Өнгөрөгч онд ЮНЕСКО-оос “Боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт тайлангийн дүнг танилцуулсан. Энэ зөвлөмжийг та хэлээд өгөхгүй юу?
-Хувийн хэвшлийн оролцоо дэлхий даяар тасралтгүй нэмэгдэж байснаа гэнэт 2014 оноос хувийн сургуульд суралцагчдын тоо өсөхөө больж эхэлсэн. Үүний шалтгааныг судлаад үзэхэд, хувийн сургуулиудыг ямар ч зохицуулалтгүй зөвшөөрөл өгч байгуулах, ашгийн төлөө ажиллах, төлбөрийг өөрсдийн тогтоосноор авах зэрэг хэт чөлөөтэй тавьсан нь эрх тэгш байдалд нөлөөлөх, нийгмийн тэгш бус байдал гүнзгийрэхэд тулсныг улс орнууд анзаарч эхэлсэн байна. Тиймээс боловсролын салбарт оролцож байгаа хувийн хэвшлийн оролцоог хүчтэй зохицуулж эхэлсэн гэсэн үг. Ашгийн төлөө байхыг зөвшөөрөхгүй.
-Тэгвэл хувийн байхын утга нь юу болох билээ?
-Боловсролд төрийн бус байгууллагуудын байгуулсан сургууль байж болдог. Төрийн бус байгууллагууд нийгмийн эмзэг бүлгийнхэн, боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хэсгийг хамруулдаг. Манай улсад харьцангуй тогтолцоо нь бат учир мэдэгддэггүй л дээ. Олон хүн амтай улс орнуудад жишээ нь, сумандаа сургууль байдаггүй. Тэгвэл тухайн сумын хүүхдүүдийг иргэний нийгмийн байгууллагынхан сургууль байгуулаад, сургадаг. Төлбөр авахгүй, эсвэл багшийнхаа л цалинг тавих төлбөр авдаг. Өөр хэлтэй, үндэсний цөөнхөд зориулсан сургууль байгуулж ч болдог. Мөн цэвэр сурган хүмүүжүүлэх зорилготой төлбөргүй сургуулиуд байж болдог.
-Ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн сургуулиуд хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлдэг гэдэг.
-Олон улсын хөтөлбөртэй ч гэдэг. Та бүхэн яг олон улсын хөтөлбөртэй эсэхийг нь нягталдаг уу гээд эцэг эхээс асуувал мэдэхгүй. Танай хүүхдийг 12 жилийн дараа гадаадын их дээд сургуульд оруулна гэдэг. Манай хүүхэд шууд гадаадын их дээд сургуульд орно гэх, эсвэл манай хүүхэд чанартай боловсрол эзэмшиж байгаа гэдгийг юугаар батлах юм? Та хүүхдээ сургах гээд гэрээ байгууллаа гэхэд энэ төлбөр сургалтын үйл ажиллагаанд ингэж зарцуулж байгаа гэдэг мэдээлэл байдаг уу? Эцэг, эх та ямар ч мэдээлэлгүй. Харин сургуульд мэдээлэл байгаа. Ийм шударга бус зах зээлийн тогтолцоо үйлчилж байгаа тохиолдолд хувийн сургууль ашгийн төлөө байх нь эцэг, эхчүүд мөлжүүлээд дуусна л гэсэн үг. Та тухайн сургуультай гэрээ байгуулахдаа хэлэлцье гээд үз дээ. Таныг “Хүүхдээ аваад явж болно” л гэнэ.
-Зөвлөмжөөс онцлох өөр зүйл гэвэл?
-Зөвлөмжийн бас нэг заалт нь, хувийн сургуулиудыг төрөөс хувьсах зардал нэртэйгээр дэмжлэг олгодгийг зогсоогооч гэсэн. Хувийн сургуулиуд хүүхдүүдийг төлбөрийн чадвараар нь ялгачихаад, нэмээд шалгалт авч байгаа нь танин мэдэхүй, харилцааны ур чадвараар нь шигшиж байна. “Манайх сайн” гэдэг маркетинг хийх боломжоо улам нэмэгдүүлж, “өрмийг нь хамах” зорилготой. Тиймээс "Боловсролын хуулиар шилж сонгон, шалгалт авдгийг болиулах ёстой. Элсүүллээ гэхэд хамран сургах тойргоор нь элсэлтийг зохион байгуул. Хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хувийн сургуульд орж суралцах боломжгүй бүлгүүдэд квот өгч, элсүүлэх үүргийг хувийн сургуулиудын захиргаанд өг" гэх мэтчилэн хуулиудаар нарийн зохицуулалт хий гэдгийг зөвлөсөн. Мөн чанаргүй боловсрол олгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхдаг, багш нарын зүгээс доромжлол шийтгэл үзүүлж байгаа, үе тэнгийн дээрэлхэлт хийдэг хүүхдийн эцэг эхтэй харилцаж ажилладаггүй зэрэг сургуулиудыг “Шийтгэ” гэсэн. Хяна, алдаа зөрчил гаргасан бол шийтгэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав гэсэн.
-Хэлэлцүүлэгт оролцсон “Хувийн бага дунд сургуулиудын холбоо”-ны төлөөлөгч “Улсын сургуулиа олигтой болго, бид харин ч эрэлт дээр бий болсон. Гадагш урсах байсан их мөнгөний урсгалыг бид эх орондоо байлгаж байна” гэх зүйлийг хэлж байсан. Энэ дээр та ямар хариу өгөх вэ?
-Өнөөгийн улстөр, нийгмийн амьдралд анализ хийж байж хариу өгнө. Өнөөдөр хувийн сургуулиудад төсвийн мөнгөнөөс хуваарилах тэр шийдвэрийг хэний нөлөөгөөр, хэн гаргасан юм бэ?
Яагаад улсын сургуулиудын анги дүүргэлтийг багасгах бодлого хэрэгжүүлэх төсвөөс хувийн сургуулиудад хуваарилж байгаа юм бэ? Жилд 35 тэрбум төгрөг шүү. Энэ мөнгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж, өнгөрсөн 10, 20 жилд ямар өөрчлөлт гаргаж болох байсан бэ? Хэн тэр хувийн сургуулиудад төсөв хуваарилах хуулийг баталдаг вэ гэвэл УИХ. Хэн хувийн сургуулиудыг зохицуулахгүй байх бодлогыг бариад байгаа юм бэ гэвэл Боловсролын яам, Засгийн газар. Улсын сургуулиудыг сайжруулах, аймаг сумандаа сайн сургууль барих боломжийг хэн хэнтэй нийлж хулгайлж байгаа юм бэ гэдэг нь эндээс тод харагдана.
Энэ талаар ЮНЕСКО илтгэл дээр маш тодорхой хэлсэн. “Төр мөнгөөрөө хувийн сургуулиудын явцуу ашиг сонирхлыг хамгаалдаг маш том ТББ-уудыг санхүүжүүлж хүчтэй болгосноо эргээд дийлэхээ байсан нөхцөл байдал үүслээ” гэсэн. Энэ хүмүүсийн зөвхөн өнөөдрийн ашгийнхаа төлөө улсын сургуулийн системийг доройтуулж байгаадаа төр хариу үйлдэл хийхгүй байгаа нь ашиг сонирхол, хувийн хэвшилд барьцаалагдсан төр байгааг илэрхийлнэ. Зарим улс оронд хувийн сургуулиудад улсын сургуулиас багш ажилд авахыг хориглож байна.
Улсын сургуулиудын улсын хөрөнгөөр бэлтгэж сайжруулсан, сайн багшийг хувийн сургуулиудад өндөр цалингаар цохиж авах нь улсын сургуулиудыг унагааж байгаа гол шалтгаан биш үү? Төсвийг нь авчихаж байгаа нь улсын боловсролын тогтолцоог татаж унагааж байгаа биш үү? Өөр нэг зүйл бий. Нэг ангид онцсайн суралцдаг нэг хүүхэд байх нь тухайн ангийн сурлагын амжилтыг тэр чигт нь өргөж өгдөг. Гэтэл хувийн сургуулиуд олимпиадад сайн үнэлгээ үзүүлсэн хүүхдийг “Төлбөргүй сургаж өгнө” гээд авчихдаг. Тэр ангийн сургалтын чанарыг тэр чигээр нь унагааж байгаа хэрэг биш үү? Энийг бид мэддэггүй. Тэгэхээр улсын боловсролын салбар муу байгаа нь зөвхөн төрийн асуудал биш, хувийн сургуулиудын оролцоо байгаа.
-Хувийн сургуулиуд улсын сургуулиас сургалтын чанарын хувьд илүү сайн гэдэг шүү дээ?
-Би хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй, хүүхдийн эрх ашгийг хөсөр хаяж, уландаа гишгэж эцэг эх, хувийн сургууль хоёр хүүхдээ хорлож байгаа ч байж болно. Биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөрийн хичээлийн цагийг хасчихаад математик, англи хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлснээ “Сайн” гэж хэлээд байгаа. Танай хүүхэд хүн болж байгаа бол бүх талын хөгжил хэрэгтэй шд. Тэр хичээлүүдийг чинь зүгээр л оруулмаар болохоороо оруулаад байгаа хэрэг биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Гэтэл тэр хичээлүүдийг хувийн сургуулиуд дур мэдэн хасаж зөвхөн математик, англи хэлээр нүдэх эрх олгож байгаа чинь хэний ашиг сонирхол юм? Боловсролын салбарын хүний хувьд энийг хамгийн болохгүй үзэгдэл гэж боддог. Энийг хянаж байгаа тогтолцоо ч алга. Манай төрийн энэ эс үйлдэхүй болон хяналт шалгалтаа хийж чаддаггүй бүтэц тогтолцооны асуудал нь нийгмийн тэгш бус байдал, тогтворгүй байдлыг үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Арав, хорин жилийн дараа тэгш бус байдлын үр дүнд юу болохыг тооцоолж мэдэж байгаа улстөрч энэ улсад байгаа юм уу? Зөвхөн ашгийн төлөө ажиллаж байгаа хэдэн хүнд боловсролын салбарыг өгчихөөд, юу ч хийхгүй сууж байгаагаа юу гэж боддог бол. Улстөрчид энэ улсаас яваад өгч болох байх, гэтэл энэ улс чинь байсаар байна биз дээ?
-Гэхдээ өнөөдөртөө хувийн сургуульд хүүхдээ өгөхөөс аргагүй нөхцөл байдал байна. Хувийн сургуулиудын холбоо, хүүхдүүд нь дандаа хувийн сургуульд явдаг улстөрчид, хүүхдүүдээ хувийн сургуульд явуулдаг эцэг эхчүүд та бүхнийг эсэргүүцэх болно. Тэгэхээр та ЮНЕСКО зөвлөмж манай улсад хэрэгжинэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Энэ бол боловсролын хуулийн тухай асуудал болно. Яагаад хэлэлцүүлгийг хийсэн бэ гэвэл боловсролын ерөнхий хуулийн гол зангилаа бол хувийн сургуулиудыг зохицуулах, ашгийн төлөө байхыг хориглох гэдэг саналаа өгч, хэлэлцүүлгийг шат шатанд хийж ажилласан. Тэр дүр зургийг харвал ерөнхийдөө 76 гишүүний 75 нь хувийн сургуульд хүүхдээ өгдөг. Таньдаг мэддэг хүмүүс маань ч хувийн сургуульд хүүхдээ өгдөг.
Гэхдээ монголын ирээдүйн төлөө байгаа бол хувийн сургуулиудыг зохицуулсан Боловсролын хууль гаргах хэрэгтэй. Би хувийн сургуулиудыг хаая гэж хэлээгүйшд. Зохицуулалт хэрэгтэй гэсэн. Тэр зохицуулалт Төрийн бус байгууллагын эрх ашгийг хамгаалаагүй шүү дээ. Манай байгууллагын сайн сайхны төлөө нэг ч заалт байхгүй. Эцэг эхийн эрх ашиг, хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалж байгаа юм. Улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг хамгаалж байгаа юм. Гэрээг сургууль-эцэг, эх тэнцвэртэй мэдээлэлтэйгээр хийх зохицуулалтыг оруулъя л даа.
Танаас авсан төлбөрөөрөө сургалтын чанараа яаж сайжруулах юм бэ, ямар боловсрол олгох юм бэ гэдэг мэдээлэл өгч байгаад гэрээ хийнэ гэдэг хуулийн зохицуулалтыг хийе гэхэд яагаад эцэг эх дургүйцнэ гэж? Хүүхдүүдийн сурах эрх ашгийг хамгаалах нь төрийн эрх ашиг байх ёстой. Өөрөөр хэлбэл бид нэг тал юм. Гэтэл төр маань хувийн сургуулиудын лоббид автаад хувийн сургуульд бүгдээрээ хүүхдээ өгдөг учир барьцаалагдаад бүгдээрээ нөгөө талд гарчихсан. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд ширээ тойрч маш их ярьсан. Биднийг хориогүй, сонсоод л байсан. Гэхдээ төсөлд тусгасан санал нь цөөхөн. Хамгийн сүүлд манай 35 гишүүн байгууллага эрх баригчид, УИХ-ын дарга, МАН-д хандан гарын үсэг зурж, бичиг өгсөн. “Хэрэв хувийн сургуулиудыг зохицуулсан заалтуудыг оруулахгүй юм бол Боловсролын хуулийг батлах шаардлагагүй байна. Бидний дуу хоолойг сонсохгүй, хуульд санал тусгахгүй, нийтийн эрх ашгийг хамгаалахгүй байгаа тул энэ хуулийг батлуулмааргүй байна” гэсэн бичгийг өгсөн. Хэлэлцүүлгүүдийн явцад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нааштай байгаа юм байна гэж анзаарсан. Тэр хүн хоёр зүйл хэлсэн. Нэгдүгээрт, боловсрол тэгш бус байдлын суурь болж байгаа юм байгаа учир шийдэхээс өөр аргагүй юм байна. Хоёрдугаарт, нийгмийн хөдлөх чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Би эцэг эхээсээ илүү ажил орлоготой болохыг нийгмийн хөдлөх чанар гэдэг. Нийгэм чинь дээшилж байх ёстой гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.