МАРГААШИЙН ТУХАЙ: Хиймэл оюун ухаан хүнийг ЧИГЛҮҮЛНЭ бас ЧИГЛҮҮЛЭХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШИЙН ТУХАЙ: Хиймэл оюун ухаан хүнийг ЧИГЛҮҮЛНЭ бас ЧИГЛҮҮЛЭХГҮЙ

ЗОЧИН: Оно

Бид өчигдрөө хангалттай их ярьсан.

Өнөөдөртөө бид амьдарч байгаа тул ярьсаар л байна.

Харин маргаашийн тухай хэн ярих вэ? Салбар бүртээ чиг хандлагыг тодорхойлогчидтой бид “Маргаашийн тухай” булангаараа ярилцаж байх болно.

САЛБАР: Технологи

Зочин: ОНО

Боловсрол- University of Illinois at Chicago - MS in Business Analytics
Ажлын туршлага- Shirley Ryan AbilityLab - Data Analyst

-Технологи аль чиглэлд илүүтэй хөгжиж байна вэ?
-Технологи бол маш өргөн ойлголт. Яг одоогийн байдлаар software (программ хангамж) болон хиймэл оюун ухааны салбарт маш их хөгжиж, олон зүйл хийгдэж байгаа гэж бодож байна.

-Тэр нь хэн нэгэн, аль нэгэн улс энэ салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэсэн үг үү?
-Их хэмжээний хөрөнгө зарцуулж, олон хүн оролцож, шинэ нээлтүүд олон төрж байгаа гэж хэлж болно байх.

-Хиймэл оюун ухаан гэж яг юуг хэлж байгаа юм бэ?
-Оюун ухаан гэдэг нь хүний сурах чадвар. Түүн дээрээ шийдвэр гаргаж, цаашид юм бүтээх чадвар гэж олон хүн янз бүрээр тодорхойлдог. Гэхдээ яг сурах бичиг дээр байдаг шиг тодорхойлолт алга. Товчхондоо, ерөнхийдөө нэгдэж байгаа ойлголт нь “Хүний сурах чадвар, сурсан дээрээ үндэслэн аливааг бүтээх чадвар” юм. Одоогийн яриад байгаа хиймэл оюуны хөгжил нь хүмүүсийн ойлгодогчлон “Хүний оюун ухаан” гэдгээс мэдээж арай өөр. Гэхдээ энэ салбарт ажилладаг хүний хувьд харахад сүүлийн үед гарч буй үр дүн нь заримдаа хүний оюун ухааны чадвараас илүү, зарим нь хүнтэй ижил хэмжээнд гүйцэтгэлтэй байна. Эдгээрийг “Явцуу хиймэл оюун ухааны модел” гэж байгаа юм. Сүүлд Google компанийн нэг инженер өөрсдийн хийсэн хиймэл оюун ухааны моделийг “Ухамсартай юм байна” гэж хэлж шуугиан тарьсан. Энэ санамсаргүй хэлсэн үг үү, эсвэл үнэхээр тэр хүн хиймэл оюуны модел нь ухамсартай гэж итгэсэн үү гэдгийг тодорхойлох арга байхгүй.

Мэргэжилтнүүдийн хувьд хамгийн их ярьж байгаа зүйл нь “Бид тухайлсан нэг ажлыг сайн гүйцэтгэдэг хиймэл оюун ухааны моделийг бол гаргаж ирж чадах юм байна. Тухайлбал, шатар тоглодог модел хүнээс илүү болсон. Зурган дээр юу байгааг хардаг модел мөн хүнээс илүү ажиллаж байна гэх мэт. Гэхдээ яг хүн шиг ерөнхий хиймэл ухааныг хэрхэн гаргах вэ” гэдэг асуудал.

-Хиймэл оюун ухаан яваандаа оюун ухаант хүн төрөлхтнийг залж явах залуур болчих юм биш биз дээ. Магадгүй, “Та энэ гудамжаар л явах ёстой” гээд чиглүүлээд өгчихдөг ч юм уу. Хэрэв ийм зүйл болно гэж үзвэл тэр хэр хол байгаа вэ?
-Хүн бүхэн л яг ингэж боддог. Хүмүүсийг чиглүүлэх үү гэдэгт эхлээд хариулъя. Чиглүүлнэ, гэхдээ бас чиглүүлэхгүй. Жишээ нь, Netflix дээр кино үзэх боллоо гэхэд бидэнд юу үзэхийг хүсэж байна гэдгийг цаанаас нь алгоритм санал болгож, бид тэрийг нь үзээд “Нээрээ энэ гоё кино байна” гэдэг. Apple music мөн адил. Сонсдог дуунууд дээр чинь түшиглэж л чамд дуу санал болгоно. Тэр нь чамд үнэхээр таалагдана. Фэйсбүүк дээр гардаг сурталчилгаанууд ч адил. Ерөнхийдөө чамд чиглэсэн зүйлс. Энэ утгаараа чиглүүлээд байна уу гэвэл үнэн, чиглүүлж байна. Гэвч нөгөө талаас нь бодвол, бизнесүүд орлогоо өндөр байлгахыг, байнга өсөн нэмэгдэж байхыг хүсэж байгаа. Гэтэл зөвхөн явцуу хүрээний хэдэн зүйлийг л санал болгоод, тэндээсээ тогтмол орлоготой байхыг хүснэ гэж үү. Тэгэхээр заримдаа чиглүүлээд, зарим талаараа анзаараагүй олон зүйлийг чинь харуулж, тэндээсээ нэмэлт орлого олох боломжийг хайж байгаа гэж хэлж болно.

-Зөвхөн “Намайг чиглүүлээд байна” гээд хардаад байтал нээрээ бас намайг хөгжүүлж байж надаас илүү их мөнгө авах гээд байгаа юм байна шүү дээ.
-Тэгж ойлгож болно. Ер нь ямар ч бизнес мөнгөн дээр суурилна. Мэдээж мөнгөнөөс өөр хөшүүрэг байж болох ч нэгдүгээрт мөнгө байх нь ойлгомжтой.

-Фэйсбүүкийн хиймэл оюун ухаан яаж ажилладаг юм бол. Заримдаа би юу ч бичээгүй, хайлт хийгээгүйг зүгээр чаатаар видео колл хийсэн байтал тэнд яригдсан сэдвийн сурталчилгааг надад санал болгодог. Тэр хиймэл оюун ухаан ер нь хэр агуу вэ?
-Хиймэл оюун ухааны агуу нь дата (мэдээлэл), түүн дээр ажиллаж байгаа алгоримтдоо (Сурв: Алгоритм гэдэг нь .... юм) гэж хэлж болно гэж бодож байна. Фэйсбүүкийг ярья. Бид фэйсбүүк рүү Оно, Ари гэх зэргээр өөрийн профайлаар орж байгаа. Хамгийн эхэнд фэйсбүүкийн мэдэж авч байгаа зүйл нь чи бид хоёрын харилцан хамаарал. Бид найзууд бол бидний дундын найзууд хэн юм бэ гэдгийг мэдээд график нэтворк буюу хоорондын холбоо хамаарлын сүлжээг гаргаад авчихаж байгаа юм. Тэгэхэд, би цаашаа ажлынхантайгаа, чи ажлынхантайгаа хамааралтай байж таарна. Тэгэхээр зөвхөн энэ хамаарлаас гэхэд нэлээд их мэдээлэл авчихна. Үүнээс гадна хүйс, төрсөн он, төгссөн сургууль, хаана ажилладаг зэрэг маш энгийн атлаа тэдэнд “тус болох” мэдээллийг бид өгдөг. Эдгээрээс гадна бидний дарсан лайк, нийтэлсэн пост, бичсэн комент бүхэн фэйсбүүкт “Энэ хүн ийм зүйлд дуртай, энийг таашаадаг” гэсэн мэдээллийг цугларуулж байдаг. Үүнээс гадна нүдний хөдөлгөөнөөр фэйсбүүкийн аль хэсэгт илүү анхаарал хандуулж байна гэдгийг илрүүлэх чадвартай болсон. Хүн лайк дарахгүй ч фэйсбүүк рүүгээ харж байхад аль хэсэгт анхаарал нь төвлөрөөд байна гэдэг нь зар сурталчилгаа байрлуулж байгаа тохиолдолд чухал мэдээлэл болно. Саяхан уншсан нэг номон дээр, “Фэйсбүүкт 150 үйлдэл хийхэд чамайг хэн бэ гэдгийг маш нарийн тодорхойлно” гэсэн байсан. 50 төрлийн мэдээлэл байхад чамайг жирийн таньдаг хүнээс чинь илүү танина, 100 мэдээлэл байхад хамаатнуудаас чинь илүү, 150 байхад чамаас өөрөөс чинь илүү танина гэсэн байсан. Энэ мэдээлэл хэр бодитойг би хэлж мэдэхгүй. Гэхдээ чиний талаарх дата их байх тусам чамайг хэн бэ гэдгийг тодорхойлоход амархан болно гэсэн л үг.

Сүүлийн үед өөр нэг төрлийн мэдээллийг цуглуулдаг болсон. Тэр нь, бид хоёр хамтдаа байхдаа миний үзсэн рекламыг чамд санал болгодог болсон. Яагаад гэхээр чи бид хоёр фэйсбүүкт найз, утасны локэйшнээр чи бид хоёрын хамт байгааг мэдчихнэ. Найзууд учир сонирхол нэг байж болно, хоёулаа эмэгтэй, хоёулаа ойролцоо насных зэрэг мэдээлэл дээрээ үндэслэнэ. Энийг хүмүүс “Тагнаад байна” гэж ярьдаг. Сүртэй юм байхгүй ч, яах аргагүй л...

-Эвгүйцэх мэдрэмжийг бол төрүүлнэ шүү.
-Тэгнэ. Тийм учир зарим датагаа өгөхгүй байх сонголтыг хийж байх нь зөв.

-Зарим хүн “Би фэйсбүүкт датагаа өгөхгүй” гэдэг. Гэхдээ энэ тийм “сүртэй” зүйл гэж үү?
-Миний хувьд гэвэл би бас фэйсбүүкт мэдээллээ өгмөөргүй байгаа хүмүүсийн нэг. Хүмүүс бүгдээрээ адилхан, нууж хаагаад байх зүйл үгүй, бүгдээрээ адил үйлдэл хийдэг ч 00-д орохдоо хаалгаа түгждэг. Үүнтэй л адилхан. Эмэгтэй хүн гэртээ зүв зүгээр байж байснаа гадагш гарахдаа нүүрээ буддаг л биз дээ. Эдгээртэй л адил. Дандаа камерын дор байгаа юм шиг амьдармааргүй л байна. Миний санаа бол тийм.

-Биг дата (их өгөгдөл) гэж их ярьдаг болсон. Биг датаны хүч юундаа орших вэ?
-Фэйсбүүк, дата гээд датаны сүүл үе рүү нэлээд ярьчихлаа. Биг дата ярихын өмнө эхэн үе рүү орох нь зөв. Эхлээд компьютер гарч ирж, хүмүүс ажлаа хөнгөвчлөн бүх ажлаа энэ дээр хийх болсон. Удалгүй интернэт, дараа нь софтвэйр систем хөгжсөн. Энд бүх зүйлийг бүртгэлжүүлсэн. Ийм бүртгэлжүүлэх систем байгууллага бүрт бий. Энэ систем бүрт маш их дата цугласан. Эхэндээ зөвхөн Оно гэдэг хүнийг бүртгэдэг байсан бол сүүлдээ Оно гэж хүн сард хэдэн төгрөгийн орлого, зарлагатайг таньж эхэлсэн. Ингэснээр тохирох бизнесийг санал болгоно. Тухайлбал, бизнесийн зээлийг санал болговол энэ хүн найдвартай төлнө гэдгийг банкны систем хэдийнээ таньчихсан. Гэх мэтээр бүх байгууллагат датанууд хэдэн жилээрээ цугларлаа. Тэгэхээр зөвхөн нэг хүнийг биш нэг хэсэг хүнийг таньсны үндсэн дээр “ерөнхийдөө эмэгтэй хүн ийм хандлагатай, 20-35 насныхан ийм хандлагатай” гээд мэдээд авчихдаг. Ингээд тухайн бүлэгт зориулсан үйлчилгээг санал болгож эхэлдэг гэсэн үг.

-Зөвхөн бизнест биш, улстөр дээр мөн адил харагдана тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яахав. Сонгуулийн үеэр эдгээр мэдээллийг маш сайн ашиглана.

-Биг датанууд ихээр цуглаж байгаа Google, Facebook зэрэг томоохон компаниуд улам л хүчирхэг болоод байх шиг байна.
-Маргаашийн тухай гэдэг сэдэв дээрээ улам хийсвэрлэж ярья л даа. Фэйсбүүк жишээ нь 2,9 тэрбум хэрэглэгчтэй. Улс орнуудын хүмүүсийн зан үйл ямар байдгийг, тухайн хэрэглэгч хэр найдвартай вэ гэдгийг мэдэх хэмжээний дата тэнд цугласан. Одоо төсөөлцгөөе. Фэйсбүүк бүх хэрэглэгчдэдээ кредит карт санал болголоо гэж бодъё. Тэгвэл маш их зүйл тэр орчинд явагдана. Фэйсбүүкт маш олон дэлгүүрүүд бий. Нэг дэлгүүрээс нь худалдан авалт хийлээ гэхэд ижил төрлийн бүх дэлгүүрийг бидэнд санал болгоно. Фэйсбүүкийн wallet гэж гаргалаа гэж бодъё. Бид нэгэндээ дамжуулах бүх мөнгө түүгээр дамжина. Банкууд энд ямар ч хамаагүй болж эхэлнэ.

-Тэгээд яагаад одоо хийхгүй байгаа юм бол?
-Улс хоорондын дүрэм журам л саад болж байж болзошгүй. Түүнээс фэйсбүүк бол өөрөө бэлэн байх. Америкт бол фэйсбүүкээр нэгэндээ мөнгө шилжүүлж л байгаа.

-Эдийн засгийн дижиталчлалын талаар ерөнхийлөөд ярьвал?
-Миний хувьд бүх сэдвийг мэддэг хүн биш. Гэхдээ аливаа зүйлийг технологиор шийдэхэд энэ чиглэл рүү явж болох юм гэдэг талаас нь ярьж байгаа хэрэг. Монголчууд бид бүгдээрээ л мобайлаар мөнгөө шилжүүлдэг болсон. Энэ бидний амьдралыг маш их хөнгөвчилж байна. Яг үүнтэй адил ямар нэгэн банканд баригдахгүй ажилладаг криптовалют гарч ирсэн. Валют нэгэндээ дамжуулах боллоо гэхэд заавал шилжүүлгийн зөрүү гэх мэт асуудал яригдахгүй болсон. Тэгэхээр энэ дижитал валют бол яах аргагүй ирээдүйн чиг хандлага. Өмнө нь сонирхогчийн түвшинд байсан бол одоо бүх хүн түүнийг чухалд авч үзээд, хүлээн зөвшөөрөгдөөд байна. Гэхдээ энэ дээр гол хүчнүүдийн тоглолт орж ирэх л байх. Хэн хяналтаа тавихыг хүсэхэв гэдгээс шалтгаалах биз ээ. Өнөөдрийн олон коинуудын ард эцэстээ хэдэн коин хүмүүсийн хэрэглээ болж үлдэх вэ гэдэг л асуудал болов уу.

-Дэлхий даяараа “Хэн аюулгүй байдлаа хангаж чадах вэ” гэдэг нь бас их соних байх.
-Интернэт хэрэглэж байгаа нөхцөлд аюулгүй байдлын асуудал чухалд тавигдсаар л байх болно. Аливаа банканд миний зан үйл бүртгэгдсэн байгаа. Би хаа хамаагүй газарт картаа зурвал намайг биш гэж таниад үйлдлээсээ татгалзчихаж байгаа юм.

-Улс орны хувьд кибер аюулгүй байдлаа хангахад хөрөнгө их шаардагдах уу?
-Хөрөнгө шаардана, мөн мэргэжлийн ур чадвар шаардана. Хэрэв хакдуулж байгаа бол түүнийгээ мэдэх мэргэжилтэн хэрэгтэй. Сүүлийн үеийн бүх сертификат, хамгаалалт нь байх ёстой. Дээрээс нь ямар нэгэн халдлага орлоо гэхэд түүнийг таних систем, мэргэжилтэн байна.

-Манай улс шиг хөгжиж буй орны хувьд кибер аюулгүй байдал нэлээд санаа зовоосон зүйл болов уу гэж бодоод байгаа юм. Тухайлбал, сонгуулийн үеэр гадны нөлөөлөл ордог болов уу гэж хардаад байдаг юм?
-Хэдэн сарын өмнө билээ дээ, манай улсын хоёр сар гаруй хүний мэдээлэл интернэтийн “хар зах” дээр зарж байна гэдэг шуугиан явсан биз дээ. Хоёр сая хүний мэдээлэл байдаг ямар дата бааз байна вэ гээд хөөхөд л гараад ирнэ байх. Гэхдээ яахав тэр нь сүүлийн үеийн дата биш, шинэчлэгдээгүй байж ч болно. Дээрээс нь “Бид ямар тийм их мөнгөтэй ч биш” гэж бодож болох юм. Төсөөллөө ярья, дахиад. Би америкт очоод бичиг баримтаа үзүүлж байгаад social security number буюу манайхаар бол регистрийн дугаартай адил зүйл авчихна. РД-тай арай ч шууд харьцуулж болохгүй. Гэхдээ энэ дугаар дээрээ суурилаад банкнаас бас зээл авчихна. Тэгэхээр, төсөөлцгөөе. Чамайг америкт анх удаа очтол чиний бичиг баримтыг чинь хаанаас, яаж ч юм гаргуулж авчихаад америкт очоод баахан зээлийн карт гаргуулаад, баахан гүйлгээ хийчихсэн байвал яах вэ? Би зүгээр төсөөлж ярьж байгаа шүү. Мэдээж хэрэв ийм зүйл болвол өөрийгөө нотлох шаардлага үүснэ гэх мэт. За америкаа больё. Бид энд бүх бичиг баримтаа сэргээж авч болдог шүү дээ. Гэтэл өөр хүн миний өмнөөс бичиг баримтуудыг маань сэргээж аваад, банкан дээр очоод зээл авчихсан байвал яах вэ? Гэх мэт. Датагаа хамаагүй өгөхгүй байхын нэг учир энэ л дээ.

-Бид аппликэйшн, компаниудад датагаа өгдөг. Тэр датаг маань тухайн компаниуд цааш нь зардаг болов уу. Зарах технологийн боломж нь бол байгаа биз дээ?
-Байгаа. Жишээ нь, бидний хэрэглэдэг янз бүрийн аппуудын Үйлчилгээний нөхцөл гэж бий. Анх бүртгүүлэхэд “Та энийг зөвшөөрч байна уу” гэдэг биз дээ. Тэрэн дээр уг нь “Таны мэдээллийг цааш нь ингэж дамжуулна” гэж байдаг.

-Гэхдээ хэн ч түүнийг уншдаггүй.
-Уншдаггүй. Бараг бүгдэн дээр нь “Таны мэдээллийг бид гуравдагч этгээдэд ийм байдлаар өгнө. Эдгээр нь манай холбоо хамааралтай маркетингийн компаниуд юм. Мөн таны мэдээллийг өгөхдөө хэн гэдгийг чинь харуулахгүй, гэхдээ ийм мэдээллүүдийг чинь өгнө” гэсэн байдаг.

-Тэдгээр нь англи хэл дээр?
-Мэдээж англи хэл дээр. Тэгэхээр бид тэрийг зөвшөөрөөд явуулчихаж байгаа юм.

Бид нэлээд хоцорч байгаа. Зөвхөн хиймэл оюун ухаан, дата талаас нь ярья л даа. Манайх одоо л датагаа цуглуулж эхэлж байна. Бусад улсын олон жил цуглуулсан датаг бид одоо цуглуулж эхэлсэн. Зарим нь бүр яаж цуглуулахаа ч мэдэхгүй байна. Дата нь байхгүй болохоор хиймэл оюун ухааны моделууд нь ажиллахгүй, эсвэл буруу ажиллана.

-Технологийн ертөнцөд манайх шиг жижигхэн улс ер нь хаахна явмаар юм бэ. Энэ ертөнцөд бид ондоошиж чадах юм уу? Та өөрийнхөө бодлыг хуваалцаач?
-Би бодлоо л ярья. Технологи ихэнхдээ англи хэл дээр. Гэтэл америкчууд өөрийнхөө эх хэл дээр хэрэглэж байна. Германчууд ч бас, тэр байтугай Туркууд ч өөрсдийнхөө хэл дээр хэрэглэж байна. Хүүхдүүд маань монгол хэл дээр хүүхдийн контент бага байгаа болохоор англи хэл дээр үзэж байна. Энэ бүхэн нь цаанаа ямар датаг цуглуулж байна гэхээр бид англиар хэрэглэж байгаа хүмүүсээс ялгаагүй болчихож байгаа юм. Хэл болон хийж байгаа үйлдлээр нь тодорхой хэмжээнд таньж “Энд ийм хэсэг бүлэг хүн байна, энэ хүмүүст ийм үйлчилгээг санал болгоё” гэж таних ёстой байтал бид англиар хэрэглээд байгаа учир танихад төвөгтэй. Миний бодлоор бид маш холимог байдалтайгаар технологийг ашиглаж байгаа.

-Мета верс гэж гарсан. Том компаниуд хэдийнээ орчихсон. Тийшээ улс бодлогоор орох нь зөв үү?
-Манай улсын хүүхдүүд үнэгүй хувилбар тоглоод одоохондоо мөнгө зарцуулах нь гайгүй байх шиг байна. Америкт бол хүүхдүүд тоглоомонд маш их мөнгө зарцуулдаг. Хүүхдүүд тоглоомын ертөнцөд юу худалдаж авснаа нэгэндээ хуваалцдаг, гайхуулдаг, хэрэггүй болохоор нь солилцдог. Энэ бол орчин үеийн хүүхдүүдийн нийгэмшиж байгаа нэг хэлбэр. Тоглоом дээр гүүглийн воллетыг яалт ч үгүй хэрэглэж байгаа юм. Эцэг эхчүүдийнхээ өгдөг халаасны мөнгийг дансандаа хийгээд, түүнийгээ тоглоомондоо зарцуулдаг. Тэгэхээр энэ ертөнцөд тодорхой хэмжээний мөнгө эргэлдээд байгаа биз? Ингээд компаниуд энэ бизнесийн моделийг ашиглаж, мета верс рүү орж эхэлсэн. Зөвхөн хүүхдэд биш том хүмүүст ч зориулсан. Бүх хүн тийшээ орчихвол би тийшээ орохоос өөр аргагүй тийм нөхцөл үүснэ. Тэнд хүмүүс байгаад, бараа бүтээгдэхүүн борлуулаад бизнес явуулаад эхэлвэл аливаа улс бодлогоор орж, бас татвар татаас авах нь зөв байх байлгүй дээ.

-Өөрөө сүүлийн хэдэн жил америкт амьдарч байгаад ирсэн хүний хувьд хэлээч. Технологийн хөгжил америкт, хятадад асар хурдтайгаар урагшилж байна. Бид тэдэнтэй мөр зэрэгцэх боломжгүй болчихсон. Бид технологийн хөгжлийн маргаашаас хоцорчихвол бидэнд ирэх үр дагавар юу байж болох вэ?
-Их хэцүү асуулт байна. Бид нэлээд хоцорч байгаа. Зөвхөн хиймэл оюун ухаан, дата талаас нь ярья л даа. Манайх одоо л датагаа цуглуулж эхэлж байна. Бусад улсын олон жил цуглуулсан датаг бид одоо цуглуулж эхэлсэн. Зарим нь бүр яаж цуглуулахаа ч мэдэхгүй байна. Дата нь байхгүй болохоор хиймэл оюун ухааны моделууд нь ажиллахгүй, эсвэл буруу ажиллана. Гүүгл, фэйсбүүк биднийг мэдэж байгаа нь өмнө нь цуглуулсан датаны хүч шүү дээ. Бид өөрсдөө датагүй, моделгүй болоод ирэхээрээ автомашинтай явж байгаа хүний дэргэд морин тэргээр явж байгаатай л ижил гэх үү дээ. Ямар нэгэн байдлаар урагшилна л даа. Гэхдээ маш удаанаар, бас үр ашиг багатайгаар. Хэрэв бусдын датаг шууд авч ашиглана гэвэл бидэнд зориулсан биш гадныханд зориулсан технологийг авч ашиглана. Зарим зүйл дээр нэг их ялгаа гарахгүй. Зарим дээр нь яах аргагүй бидний дата ашиглагдах шаардлага үүснэ. Маш олон асуудал бий. Ийм богино хугацаанд ярихад их төвөгтэй. Ер нь бидэнд цуглуулах дата, түүн дээрээ ажиллах моделууд их байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Нобелийн шагнал 2022:  Анагаах ухааны салбарын шагналтан тодорлоо
Нобелийн шагнал 2022:  Анагаах ухааны салбарын шагналтан тодорлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.