/2022.07.25/: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ.
Зуны сургууль нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургах зорилготой юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно.
2022 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Америк, Герман, Польш, Чех, Хятад, Турк, Япон, Лаос, Мозанбик, Тайвань зэрэг 11 улс орны 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.
Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсоно.
Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна.
Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.
Эх сурвалж: БШУЯ