/2022.06.28/: Австралийн Ньюкасл боомт дээрх эрчим хүчний нүүрсний шууд худалдааны үнэ тонн тутамдаа 3.4 хувиар өсч 402.5 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныг IHS Markit-ийн индекс (2022.06.24) харуулсан байна.
Дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлт, ялангуяа ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдааны биет хэмжээ хумигдаж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Герман, Австри зэрэг улс орнууд зогсонги байдалд байсан нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулахаар болсон бол Япон, БНСУ нүүрсний агуулах дахь нөөц татан авалтаа илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Нөгөө талд нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд анхаарч байгаа ажээ.
Хятадын хойд хэсгийн нутагт энэ зун илүү их халуун байгаа нь цахилгааны эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ нь нүүрсний эрэлт төдий чинээ илүү их байна гэсэн үг. Нүүрсний эрэлт өссөнөөр Ази, Европын зах зээлд ханш өсч, дагаад айл өрхүүдийн цахилгааны зардал нэмэгдэж, инфляцын дарамтыг тэлэх төлөвтэй байна.
Долдугаар сард Европ руу нийлүүлэгдэх эрчим хүчний нүүрсний үнэ өнгөрсөн баасан гаригт 421 ам.доллар/тонн-д хүрсэн нь бүс нутагтаа түүхэн дээд хэмжээ болсон байна.
Уг үйл явдлыг үеэ өнгөрөөж буй гэгдэж байсан нүүрс эргээд хүчээ авч байна гэж хэвлэлүүдээр тайлбарлах болсон.
"Trading Economics"-ийн мэдээлснээр энэ онд нүүрс олборлолтын төсөл дэх хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 10%-иар өсөх хандлагатай байна. Ялангуяа Европт шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт яригдаж эхэллээ. Богино хугацаандаа эрчим хүчний нүүрсний үнэ үргэлжлэн өсч болзошгүй байна.