/2022.06.08/: 1970-аад онд дэлхийн улс орнуудад эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөөх хөдөлгөөн маш олон арга хэлбэрээр явагдаж, тэр хэрээрээ өөрчлөлтийг бий болгосоор ирсэн билээ.
Үүний нэг нь “ASIA TRY” хэмээн нэрлэх хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, зохион байгуулалтад тулгуурлан аяллын хэлбэрээр явагддаг нөлөөллийн үйл ажиллагаа юм. Тус үйл ажиллагаа нь 2007 оноос эхлэн Азийн орнуудын аль нэг улсыг сонгон тогтмол давтамжтай явуулах болсон.
Азийн орнуудад зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааг Монголын хөгжлийн бэрхшээлтэй залуусын хүсэл сонирхол хэрэгцээ шаардлагад үндэслэн 3 жил тутамд зохион байгуулж байна.
Энэхүү ажлын эхлэл болж 2015 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах үзэл санааг төр нийгэмд таниулах, хэрэгжүүлэх түүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, өөрсдийн чадвар боломжийг харуулах, нэмэгдүүлэх зорилгоор "Mongolia TRY" нөлөөллийн аяллыг хийж эхэлжээ. Уг үйл ажиллагаа нь маш том эерэг өөрчлөлтийг дагуулсан томоохон арга хэмжээ болдог.
"Түгээмэл Хөгжил төв"-ийн өмнө нь хийгдсэн нөлөөллийн аяллаас дурдвал:
- 2015 онд Эрдэнэт, Дархан,Улаанбаатар,
- 2018 Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт,
- 2018 Төв аймаг, Дундговь, Өмнөговь болон Архангай, Завхан-Тосонцэнгэл, Улиастай
- 2019 Дорнод-Сүхбаатар-Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулж байв.
Харин энэ удаа “MONGOLIA TRY - 2022” нөлөөллийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 11-23-ны хооронд 12 хоногийн хугацаатай Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий –Улаанбаатар гэсэн маршруттайгаар зохион байгуулахаар боллоо. Энэ үйл ажиллагаанд 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 сайн дурын туслах залуус нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Энэ жилийн нөлөөллийн аялал нийгмийн хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх аж ахуй нэгж, төрийн байгууллагад, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль эрх зүй талаар мэдээлэл өгөх сурталчлах зорилготой хийгдэх юм.
Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ