/2022.02.27/ Манай улс Украинаас оюутнуудаа газраар татан авч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 24 иргэн Польш Улсад ирээд байна гэж ГХЯ-наас мэдээлсэн юм.
Мөн Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн 4 иргэний 3 нь өнөөдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн байна.
Тэгвэл Украинд үлдсэн бусад иргэдийн талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг тайлбар өгчээ.
Тэрбээр:
-Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн.
Зарим оюутнуудын хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн.
Дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн байна. Мөн Кировоградад 2 оюутан байна.
Оюутнууд маань нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна. Манай Польшид байгаа ЭСЯ-аас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна. Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Бидний нэн тэргүүний зорилго бол тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.