/2022.02.18/: Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украины хямрал зарим улс оронд эдийн засгийн хувьд ашигтай тусч байна.
Тухайлбал, АНУ-аас Европт нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн экспорт огцом өссөн гэж The Wall Street Journal-д бичжээ. Сүүлийн саруудад АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолт нэмэгдэж байгаа нь Оросын компаниудыг Европын зах зээлээс шахах оролдлого гэж тус хэвлэлд онцолжээ.
“Америкийн газрын тос, байгалийн хийн талаарх шинэ байр суурь геополитикийн ач холбогдолтой гэдэгт эргэлзэх хэрэггүй. Украиныг тойрсон геополитикийн маргаан, Европ дахь эрчим хүчний хямрал нь АНУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолт дэлхийн хэмжээнд ямар их нөлөөтэйг нотлон харууллаа” гэж The Wall Street Journal-ийн тоймч Даниел Йергин ярьжээ. АНУ-аас Европт нийлүүлсэн шингэрүүлсэн хийн экспорт 2022 оны нэгдүгээр сард түүхэндээ анх удаа Оросын нийлүүлэлтийг давсан байна.
Оросын байгалийн хийг Ямал-Европ хоолойгоор дамжуулан Польшоор тээвэрлэх, мөн нэмэлтээр Украины хий дамжуулах системээр нийлүүлэхэд бэрхшээл учраад байгаа юм. Орос Украинд довтлох магадлалтай болсон талаар барууны хэвлэлүүд мэдээлсэнтэй холбогдуулан Европт байгалийн хийн үнэ өнгөрсөн долоо хоногт огцом өссөн билээ.