/2022.02.11/ Эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцож буй ОУХМ Батмөнхийн Ачбадрах уралдаанаа дөнгөж сая дуусгалаа.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 15 км зайг 43:29.9 минутад туулж, 100 тамирчнаас 34-ийг нь ардаа орхин 65-р байр эзэллээ.
Харьцангуй их тамир шаардсан сонгодог техникээр уралдсан гэхэд 43:29 минутын амжилт үзүүлсэн нь тун сайн амжилт байв. Мөн 34 тамирчныг ардаа орхисон нь Пёнчаны олимпын амжилтаа үлэмж ахиулсан хэрэг байлаа. Түүний ард АНУ, Япон, Беларусь, Словен, Эстони, Латви, Украин, БНСУ зэрэг цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид бичигджээ.
Энэ төрөлд Финландын Иво Нисканен 37:57.8 минутын амжилтаар түрүүлж, Оросын Александр Большунов 38:18.0, Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо 38:32.3 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Ийнхүү Б.Ачбадрахын уралдаанаар Монголын тамирчдын олимп өндөрлөж байна.
Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Эх сурвалж: МҮОХ