/2021.10.31/: Элон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink стартап компани нь 205 тэрбум долларын санхүүжилтийг цуглуулжээ.
Энэ тухай тус компани өөрийн блогтоо мэдээлжээ. Гарааны компанийн авсан хөрөнгө оруулалт нь энэ чиглэлийн венчур хөрөнгө оруулалтын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт гэж Bloomberg бичжээ.
Neuralink компани нь хүний тархинд суулгаж, компьютерт холбох чип бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү бүтээл нь Альцгеймер, дементи гэх мэт мэдрэлийн өвчнүүд болоод нуруу нугасны гэмтлийг эмчлэхэд тустай гэж үзэж байгаа юм.
Neuralink-ийн анхны бүтээгдэхүүн нь саажилттай хүнд ухаалаг гар утсаа ашиглах боломжийг олгох бөгөөд тэд гар утсаа эрүүл хүнээс илүү хурдан ашиглаж чаддаг болно гэж Маск дөрөвдүгээр сард өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Бизнесмэний хэлснээр ирээдүйд Neuralink -ийн бүтээгдэхүүнүүд хөлний саажилттай хүмүүсийг алхах боломжтой болгох гэнэ.
Neuralink компани нь одоогоор энэ технологийг гахай, сармагчин зэрэг амьтад дээр туршиж байгаа ба дараагийн алхам бол хүнийг клиник туршилтуудад оруулах юм байна. Илон Маскийн өрсөлдөгч Нью-Йоркт төвтэй Synchron стартап компани ижил төстэй төхөөрөмжийг хүмүүст туршихын тулд FDA (хоол хүнс болон эмийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг хянадаг байгууллага)-ийн зөвшөөрлийг авсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.
Neuralink -ийн санхүүжилтийн гол хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын Vy Capital компани болсон байна. Vy Capital компанийг Оросын тэрбумтан Юрий Милнерийн хөрөнгө оруулалтын DST компанийн түнш асан Александр Тамас үүсгэн байгуулжээ. Энэхүү санхүүжилтын ажилд Google Ventures компаний Alphabet - венчур сан, DFJ Growth, Valor Equity Partners хөрөнгө оруулалтын компаниуд, Craft Ventures, Founders Fund, Gigafund зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд оролцжээ.
Neuralink нь цуглуулсан хөрөнгөө ашиглан Neuralink -ийн анхны бүтээгдэхүүн болох N1 Link -ийг зах зээлд гаргах, ирээдүйн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийг хурдасгах зорилготой байгаа ажээ
Эх сурвалж: https://quote.rbc.ru/