FINGERTIP ECZEMA–гарын хурууны үзүүр хэсэгт байрласан архаг, хэсэг газарын экземын нэг төрөл юм.
Шалтгаан
- Атопийн дерматитаар өвдөж байсан насанд хүрсэн хүмүүс өвдөх нь элбэг байдаг.
- Химийн цочроогч бодис болон байнга үрэлтийн контакттай байх, жишээ нь бичиг цаастай ажилладаг эсвэл угаалгын бодистой тогтмол харилцах үед
- Хобби болон мэргэжлийн онцлогоос хамааран байнга “норгох-хатаах” циклтэй байх үед
- Мөн цэцэгчин, шүдний эмч, цавуутай ажилладаг хүмүүс илүү өртөх магадлалтай байдаг ба ихэвчлэн өвлийн улиралд сэдэрдэг ч, жилийн 4 улирал үргэлжлэх нь бий.
Эмнэлзүй
Энэхүү экземын үед гарын хурууны арьс хуурайшиж, хагарч, хууларч ягаан өнгөтэй болдог. Өнгөн арьс хууларсан хэсэгт улайссан бага зэрэг өвдөлттэй арьс харагдана. Хүндэрсэн үед илүү гүн, өвдөлттэй цууралт үүснэ. Үрэвсэл нь нэг болон хэд хэдэн хуруунд илэрч болдог.
Загатнаа бага зэрэг байх бөгөөд загатнахгүй тохиолдлууд ч байдаг. Ихэвчлэн өвдөлт ба хорсох мэдрэмж илүүтэйгээр мэдрэгдэх нь их зовиуртай. Үрэвсэл нь архаг явцад шилждэг бөгөөд олон сар жилээр үргэлжилж болно.
Ялган оношилгоо
- Хайрст үлд
- Хавьтал харшлын дерматит
- Хиймэл хумс хийсний дараах харшил
- Онихолизис
- Мөөгөнцөр
Урьдчилан сэргийлэлт
- Цочроогч хүчин зүйлсээс зайлсхийх
- Хөвөн даавуун бээлий хэрэглэх
- Бүлээн усаар угаах
- Аяга угаах болон бусад цэвэрлэгээний бодис хэрэглэх үедээ бээлий хэрэглэх
- Хүйтний улиралд дулаан бээлий өмсөх
- Устай хүрэлцсэний дараа гарын тос түрхэж хэвших
- Унтахын өмнө сайн чанарын чийгшүүлэгч тос хэрэглэх
Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
Хөнгөн хэлбэрийн үед цочроогч хүчин зүйлсээс зайлсхийж чийгшүүлэгч тос хэрэглэн намжмал байдалд хүргэж болдог бөгөөд гэрээр эмчлэх боломжтой.
Хэрэв:
- Халдварын шинж тэмдэг илэрсэн бол
- 2-оос дээш долоо хоног арьс хууларч гуужиж байвал
- Гэрийн нөхцөлд хийсэн эмчилгээнд сайжрал үзүүлэхгүй бол
- Харшлын шалтгааныг тодорхойлуулахын тулд мэргэжлийн арьс-харшлын эмчид хандах нь зүйтэй.