/2021.10.05/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ.
Мөн төрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хамрах хэмжээг дөрвөн хувиар бууруулах судалгаа гарчээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнаж хариуцдаг 224 байгууллага бий. Тэрбум мод тарих хөдөлгөөнийг 2021-2024, 2024-2027, 2027-2030 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэх юм байна.