/2021.10.04/ Шахмал түлштэй холбоотойгоор Эрчим хүчний яам, Тавантолгой түлш, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, "Зарим айл өрх шахмал түлш олгох картыг давхардуулж авсантай холбоотойгоор хэрэглээ өссөн. Өнгөрсөн оны мөн үед өдөрт 1700-2000 тонныг хэрэглэж байсан. Өнөөдрийн байдлаар өдрийн хэрэглээ 3200 тоннд хүрсэн байна.
Энэ хэрэглээнээс болж цэгийн тоо цөөдөж, хэрэглэгчдэд дараарал үүсч хүндрэл гарсан. Тиймээс өнөөдрөөс эхлээд цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар 280 цэг ажиллаж байгаа бол маргаашаас 380 цэгээр дамжуулан түлшний борлуулалт хийгдэнэ. Цаашдаа цэгийн тоогоо нэмээд явна. Жишээ нь, арваннэгдүгээр сарын 1 гэхэд борлуулалтын цэгийн тоог 600-800 болгоно.
Засгийн газрын тогтоолын дагуу шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн байгаа. Халаалтын улирал дуустал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Иргэд сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт энэ онтой зэрэгцэн дуусна гэж ойлгоод зохиомол хэрэглээг бий болгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй" гэлээ.