/2021.10.04/ "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид цалинг нь үндэслэлгүйгээр бууруулсан, хортой нөхцөлд ажилладаг ч нэмэгдэл өгдөггүй зэрэг асуудлаар ажил хаяад байгаа юм.
Тэд ажил хаяснаар хүйтний улирал ирж буй энэ цагт түлш тасалдах эрсдэл үүсээд байна.
Тиймээс шахмал түлштэй холбоотойгоор Эрчим хүчний яам, Тавантолгой түлш, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд мэдээлэл хийж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, "Айл өрхүүдэд олгодог сайжруулсан шахмал түлшний хэрэглээг ерөөсөө хязгаарлаагүй. Одоогийн байдлаар айл өрхүүдийн долоо хоногийн хэрэглээ зургаан шуудай шахмал түлш. Шаардлагатай бол энэ тоог нэмэгдүүлж болно.
Сүүлийн үед дараалал, хомсдол үүсч байгаа шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Бид борлуулалтын цэгийг тухайн сард, өнгөрсөн оны мөн үед ямар хэмжээний сайжруулсан шахмал түлшийг борлуулж байсантай харьцуулж нэмэх үү, бууруулах уу гэдгээ шийддэг. Энэ жилийн хувьд шахмал түлшний хэрэглээ нэлээд өссөн. Нэгд, төрөөс төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотой. Хоёрт, аравдугаар сар гаргаад цаг агаар нэлээд хүйтэрсэн учир хомсдолд орсон" гэв.