/2021.10.04/ Азийн тэрбумтнууд үргэлж хангалуун амьдралаар амьдараагүй. Эдгээр нь тэдний түүхүүд юм.
Жак МА / JACK MA
Түүнийг Alibaba and Ant Group -ийг үүсгэн байгуулагч тэрбумтан гэдгээр бүгд мэддэг боловч Жак Ма өнөөгийн өндөрлөгт хүрэхийн тулд ямар бэрхшээл туулсныг хэн ч мэдэхгүй. Ма нь Хятадын Ханжоу хотод ядуу гэр бүлд төрж өссөн.
Бага байхдаа Ма америкийн жуулчид буудалладаг зочид буудлуудаар явж, хотоо танилцуулах ажил хийдэг байсан ба хариуд нь тэрээр Англи хэл сурдаг байжээ. Тэрээр их сургуулийн элсэлтийн шалгалтаа хоёр удаа өгсөн боловч тэнцээгүй бөгөөд эцэст нь Ханжоу хотын багшийн дээд сургуульд Англи хэл сурахаар болжээ.
Сургуулиа төгссөний дараа тэрээр KFC-д ажилд орох гэх мэт хэд хэдэн ажлын байранд хүсэлт гаргасан боловч бүгдээс нь татгалзсан хариу авсан ба эцэст нь тэрээр Англи хэлний багшийн ажилд олж, сард ердөө 12 долларын цалин авдаг байжээ.
Анх 1995 онд АНУ-д хийсэн аялалынхаа үеэр анх удаа интернэттэй танилцсан бөгөөд тэрээр дэлхийн интернетийн газрын зурагт Хятад улсыг оруулах ямар нэгэн зүйлийг бүтээх тухай бодож эхэлжээ. Алибаба компани нь амжилтанд хүрэхээсээ өмнө түүний эхлүүлсэн хоёр ч бизнес амжилтгүй болсон юм.
Ли Ка-Шинг / LI KA-SHING
Яг л Жак Ма шиг Хонгконгийн тэрбумтан Ли Ка Шин-ий эхлэл хүндхэн байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний гэр бүл эх газрын Хятадаас Хонконг руу дүрвэсэн бөгөөд аав нь сүрьеэгээр гэнэт нас барахад Ли гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиа орхих шаардлагатай болжээ.
16 настайдаа тэрээр хуванцарын үйлдвэрт ажиллаж, өдөрт 16 цаг хөдөлмөрлөдөг байсан ба тэрээр үйлдвэрийн шилдэг борлуулагч болж, эцэст нь үйлдвэрийн менежерээр ажиллах болов.
22 настайдаа тэрээр Cheung Kong Industries нэртэй өөрийн үйлдвэрээ нээж, бизнес эрхлэх замаа эхлүүлжээ. Ли “Cheung Kong Industries”-ийг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болгож, 1972 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ.
Ким Бом-Соо/ Kim Beom-Soo
Ким Бом-Соо-г хүмүүс Брайн Ким гэдэг нэрээр нь илүү мэддэг бөгөөл Өмнөд Солонгосын тэрбумтан бизнесмэн тэрээр “Какао” интернет компанийг үүсгэн байгуулагч юм. Тус компани нь Өмнөд Солонгосын хамгийн том зурвас солилцох програм болох KakaoTalk-ийг эзэмшдэг.
Ким ядуу гэр бүлд өссөн бөгөөд тэдний ам бүл наймуулаа ба Сөүлийн ядуу хороололд нэг унтлагын өрөөнд амьдардаг байжээ. Бага сургуулийн боловсролтой тэдний эцэг эх нь амьдралаа залгуулахын тулд ажлаас ажил дамжин олон цагаар ажилдаг байжээ.
Ким гэр бүлийнхнээсээ хамгийн анх дээд сургуульд элсэн суралцсан бөгөөд цагийн хичээл зааж сургалтын төлбөрөө төлдөг байжээ. Тэрээр таван жилийн турш Samsung корпорацийн мэдээллийн технологийн нэгжийн онлайн харилцаа холбооны үйлчилгээнд хөгжүүлэгчээр ажиллаж байсан.
1998 онд тэрээр Hangame гэх интернет кафены бизнесээ эхлүүлсэн ба дараа нь онлайн тоглоомын томоохон портал болжээ. Hangame хожим нь Naver хайлтын системтэй нэгдэж Өмнөд Солонгосын хамгийн том вэб портал болох NHN болжээ. Тэрээр KakaoTalk -ийг 2010 онд эхлүүлсэн юм.
Энэ оны наймдугаар сард Ким өөрийн хөрөнгийнхөө талыг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өгөхөө амласан ажээ.
Kim Bong-Jin/Ким Бонжин
Ким Бон Жин бол Өмнөд Солонгосын хүргэлтийн програмын оператор Woowa Brothers-ийг үүсгэн байгуулагч юм. Энэ жил 44 настай тэрээр эхнэрийнхээ хамт өөрийн хөрөнгийнхөө талаас илүү хувийг хандивлах болно хэмээн амлаж гэрээнд гарын үсэг зуржээ.
Амлалтыг Билл ба Мелинда Гейтс, Уоррен Баффет нар санаачилсан бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүс, гэр бүлүүд хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буцаан хандивладаг ажээ.
Ким энэхүү гэрээндээ өөрийн бизнесийнхээ даруухан эхлэлийнхээ талаар бичжээ. Тэрээр Өмнөд Солонгосын бяцхан арал дээр гэр бүлийнхээ ажиллуулдаг байсан хоолны газарт хоног төөрүүлэн амьдардаг байжээ. "Ахлах сургуульд сурдаг байхдаа би манай гэр бүлийн хоолны газар үйлчлүүлэхээр ирсэн зочдыг явж дуусах хүртэл хүлээж байж унтдаг байсан, учир нь надад тохирох унтлагын өрөө байгаагүй" гэж тэр бичсэн байна. Тэрээр урлагийн коллежид суралцах төлбөрөө арайхийн төлж төгссөнөө "Бурханы нигүүлсэл, хайр энэрэл" хэмээн үздэг байна.
Zhang Xin / Жан Шин
SOHO China компаний гүйцэтгэх захирал Жан Шинийг "Бээжинг барьсан эмэгтэй" гэж нэрлэдэг. Тэрээр соёлын хувьсгалын үеэр Бээжинд төрсөн бөгөөд жаахан охин байхад нь түүнийг ээжийнх нь хамт хөдөө ажиллуулахаар явуулжээ.
15 настайдаа Жан гэр бүлийнхээ хамтаар Хонконг руу нүүж, амьжиргаагаа залгуулахын тулд тэрээр таван жил үйлдвэрт ажиллан, Их Британид суралцах өнгөө цуглуулж чадсан аж. Жан өөрийгөө тэжээхийн тулд Хятад хосын ажиллуулдаг Британийн уламжлалт (Fish and chips) загас болоод шарсан төмсний зоогийн газарт ажилладаг байжээ.
Тэрээр Лондон дахь Goldman Sachs компанид, дараа нь Хонконг, Нью-Йоркт хэсэг хугацаанд ажиллаж байгаад эцэст нь тэр Бээжин рүү нүүж ирсэнээр нөхөртэйгээ танилцаж байжээ. Тэд хамтдаа үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн SOHO China компанийг үүсгэн байгуулж, улмаар тус улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч болжээ.
Эх сурвалж: CNA Luxury