Г.Ёндон сайдад шаардлага хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон сайдад шаардлага хүргүүлжээ

/2021.10.01/: Төлсөн авснаа нийтэл эвслээс дараах шаардлагыг Г.Ёндон сайдад хүргүүлжээ.

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ТАНАА


2021 оны 10 сарын 01-ний өдөр Шаардлага гаргах нь:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хариуцан боловсруулж байгаа юм байна.

УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд Баялгийн санг хараат бусаар бие даан удирдах, сайн засаглалыг хэвшүүлэх, олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах талаар онцлон дурдсан байдаг. Үндэсний баялгийн сангийн хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2-т заасан олон нийтийн хэлэлцүүлэг явуулахгүй байж болох асуудлын жагсаалтад багтаагүй бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд зааснаар төрийн байгууллага шинээр боловсруулж байгаа эрх зүйн баримт бичгийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, өргөнөөр хэлэлцүүлэх үүрэгтэй юм.
Мөн хууль тогтоомжийн төслийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, санал авах нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын заавал хэрэгжих ёстой, албан ёсны үе шат болохыг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан байдаг. Тэрчлэн УИХ-д өргөн барих хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналыг тусгасан буюу тусгаагүй тайлбарыг агуулсан саналын товьёог хавсаргах журамтай.

Иймд хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахад баримтлах журмын дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ШААРДАЖ байна.

1. Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг, бүрдүүлбэрийн (Хуулийн төслийн Үзэл баримтлал, Хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны тайлан, Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо, дагалдах хуулийн төслүүд) хамт нийтэд ил тод болгох;
2. Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөлд төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, олон нийтийн саналыг авах хэлэлцүүлэг зохион байгуулах;
3. Хэлэлцүүлэг зохион байгуулахдаа оролцооны зарчмыг чанд баримталж, оролцогчдод хуулийн төсөл, дагалдах судалгаа, бусад баримт бичигтэй урьдчилан танилцаж, санал шүүмж бэлтгэн оролцох хангалттай хугацааг олгох.

Төрийн нийтийн өмчийг захиран зарцуулах асуудал нь мөн салбарын үр өгөөж, орлогын мэдээллийн ил тод байдал, бүтээгдэхүүний борлуулалттай салшгүй холбоотой тул салбарын яам нь асуудлыг цогц байдлаар харж, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байв. Гэвч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл олон нийтийн мэдэх эрхээс гадуур хэлэлцэгдэх шатанд орсон байгаад харамсаж байна.

Дээрх хуулиуд нь Монгол Улсын иргэн бүрд шууд хамаатай, нийтийн ашиг сонирхолтой салшгүй холбоотой болохын хувьд хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд олон нийт, оролцогч талуудын оролцоог хангах нь нэн чухал бөгөөд хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна гэсэн хүлээлт иргэний нийгмийн байгууллага, иргэдэд байна. Үүнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг дагалдан батлагдах хууль тогтоомжуудын төсөл ч олон нийтийн мэдэх эрхээс гадуур хэлэлцэгдэн батлагдах үндэслэлгүй гэдгийг онцолж байна.

Иймд хуульд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авахын эрхийн тухай хуулийн дагуу ажлын 7 өдрийн дотор энэхүү шаардлагыг хангаж ажиллана гэдэгт итгэж байгаа ба хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахдаа баяртай байх болно.


ТӨЛСӨН АВСАНАА НИЙТЭЛ ЭВСЭЛ

Жич: Төлсөн авсанаа нийтэл (ТАН) эвсэл нь эрдэс баялгийн салбарт сайн засаглал, ил тод байдал, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой, төв, орон нутгийн нийт 36 төрийн бус байгууллагыг эгнээндээ багтаасан иргэний нийгмийн эвсэл юм. ТАН эвсэл нь 2006 оноос эхлэн ОҮИТБС-ын хэрэгжилтэд идэвхтэй оролцож, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж ирсэн болно.

Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэгджээ
Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэгджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.