Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй

/2021.10.01/: Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна.

Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм.

Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.

Ингэхдээ "Рио Тинто" компани төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь төслийн хувьцаа эзэмшигчдийн бухимдлыг төрүүлснийг ойлгож байгааг дурдсан байна.

Гэвч уг тайланд төслийн геотехникийн нөлөөллийн талаар бүх талаас нь гүйцэд авч үзээгүйг тус компанийн Аюулгүй ажиллагаа, техник болон төслүүд хариуцсан захирал Марк Дэвис мэдэгджээ.

Оюутолгой төслийн гол нэвтрэх босоо амны байгууламж болон анх тооцоолсноос хавьгүй өндөр буюу нийт ажилчдын 96% нь монголчууд байгаа нь төслийн санхүүжилт, хугацаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж тайлбарлажээ. Эдгээр хүчин зүйлсийг хөндлөнгийн шинжээчдийн тайланд төдийлөн гүйцэд авч үзээгүйг дурджээ. Өөрөөр хэлбэл "Рио Тинто" компани дотоодын ажиллах хүчнийг сургаж бэлтгэхэд багагүй хөрөнгө, хугацаа зарцуулсан нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд төдийлөн хангалттай дурдагдаагүй гэсэн тайлбар өгсөн болж таарч байна.

"Рио Тинто" компани нь 2016 онд далд уурхайн төслийн санхүүжилт 5.3 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хуваарь 2020 он гэж мэдэгдэж байсан ч одоо 6.75 тэрбум ам.доллар болж өсч, хугацааны тов 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Одоогийн байдлаар Оюутолгойн ил уурхайгаас баяжмал дахь цэвэр металын дүнгээр 150-180 мянган тонн зэс үйлдвэрлэдэг бол далд уурхай ашиглалтад орсноор оргил үедээ 600 хүртэлх мянган тонн зэсийн гарцтай ажиллах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих семинар боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих семинар боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.