/2021.10.01/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих семинарыг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудад зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим семинарыг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулан анх удаа зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд манай улсын болон Япон улсын холбогдох төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 43 хүн оролцов.
Япон улсаас түгээмэл загвар бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мираиро” ХК-ийн дэд захирал Тамино Такэро урилгаар оролцож “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх дэлхий дахины чиг хандлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахын давуу тал” зэрэг сэдвээр илтгэл танилцуулав.
Түүнчлэн “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ААНБ-уудад тусгайлсан зөвлөгөө өгч байгаа ба цаашид илүү уялдаа холбоотой хамтран ажиллах боломж, арга замыг бий болгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: ХНХЯ